Усан эмчилгээ нас уртасгадаг

Хуучирсан мэдээ: 2013.02.04-нд нийтлэгдсэн

Усан эмчилгээ нас уртасгадаг

Акуа фитнессийг зөвхөн гоо сайхан бус эмчилгээний талаас нь хөгжүүлэхийг зорьж буй нэгэн бүсгүйтэй ярилцлаа. “NPC” акуа фитнесс төвийн Б.Энхзул хэмээх энэ бүсгүй багаасаа спортын гимнастикаар хичээллэсэн. Улсын шигшээ багийн тамирчин байсан, олон улсын хэмжээний мастер. БНАСАУ-д жил бүр хамтарсан бэлтгэл хийдэг. Гэхдээ бид энэ удаад хүмүүсийн хамгийн их сонирхдог усан фитнесийн талаар ярилцлаа.

– Фитнесс болон акуа фитнесс ямар ялгаатай байдаг юм вэ?

-Заах аргын хувьд нэлээд ялгаатай. Акуа фитнесс нь спортын нэг төрөл учраас багшлах хүн мэргэжлийн ур чадвартай байх ёстой. Зөвхөн галбиржуулах талаасаа ч  бус спортын элементүүдийн учир холбогдлыг сайн мэддэг хүн нь илүү үр дүнтэй заана гэж би боддог. Акуа фитнессийн хувьд энгийн баялдаржуулах урлагаас нэлээд ялгаатай. Усан дотор гимнастик хийх нь тийм ч амар биш. Үүнийг мэргэжлийн арга барилаар зааж сургах нь чухал юм. Зүгээр энгийн практикаар сурсан хөдөлгөөнийг бусдад заах нь өрөөсгөл. Нэг ёсондоо хүмүүсээр тоглож байгаа хэрэг л дээ.

-Танай төв стандартын шаардлага хэр хангасан байдаг вэ?

 
– Усны стандарт  төвшин нэ метр 20 см-ээс нэг метр 80 см хүртэл гүн, урт нь 15 метр байх ёстой. Манай төв яг энэ жишгийг хангасан. Халтирч гэмтээхгүйн тулд хананд нь зориулалтын бариул хүртэл тогтоож өгснөөрөө энгийн бассейнээс ялгаатай юм. Заах арга барилын хувьд шинэчлэхийг зорьж байгаа. Японд л гэхэд усан спорт хөгжөөд 30 гаруй жил болж байна. Одоо бүр  усан эмчилгээ болтлоо өргөжин дэлгэрч байна. Усны терафи ч гэдэг.  Бид энэ спортыг  орчин үетэй хослуулж, усан дотор биеийн бүх л галбирыг засах хөдөлгөөн хийж болдгийг бодитоор харуулахыг хичээдэг. Тоног төхөөрөмжийг ч шинэчлэн орчин үеийн шийдэлтэй болгох хэрэгтэй бөйгаа юм. Сүүлийн үед Noodle гэж нэрлэдэг гоймон шиг хэлбэртэй хөвүүрийг ашиглаж байгаа. Үүгээр сэлж чаддаггүй хүмүүсийг дасгал хийх үед нь тэнцвэртэй болж өгдөг. Уснаас айх аюулгүй болж яваандаа сайн сэлж чаддаг болох юм. 

-Зөвхөн Монголд ч бус олон улсын хэмжээнд ур чадвараа үнэлүүлсэн үү? 

-Миний хувьд ур чадвараа дээшлүүлэн, мэргэжлийн төвшинд заах эрхээ авсан. Саяхан Японд “AI Chi instructor” институтын сургалтад явж сертификат авсан. Өндөр шалгууртай, 80-аас дээш оноо авсан хүнд олгодог эрхийн бичиг л дээ. Зөвхөн практик ч бус онолын талаас нь түлхүү заадаг. Энэ институт олон улсын хэмжээний том байгууллага. Акуа фитнессийн мэргэжлийн багш болох гэж байгаа олон орны хүмүүс энд суралцаж сертификат авдаг. Бидний мэдээгүй нарийн техникүүд цөөнгүй байдгийг мэдэж авсан.

-Тэгвэл акуа фитнессийг зөвхөн спорт төдийгүй эмчилгээний нэгэн хэлбэр болсон гэж ойлгож болох уу? 

– Акуа фитнессийг усан эмчилгээний талаас нь үндэслэсэн Конно гэдэг хүн байдаг.Одоо 66 настай энэ хүний бага охин нь саажилтай төрсөн юм байна л даа. Аль ч эмнэлэгт очсон охиныг нь  дөрвөн нас л хүрнэ, удаан амьдрахгүй гэж хэлдэг байсан гэсэн. Тэгээд аав нь хүүхдээ усан дотор дасгал хийлгүүлсэн. Оюун ухааны хувьд эмчлэх боломжгүй ч насыг нь уртасгаж чадсан байгаа юм. Тэгээд үүнээс үүдээд одоо Японд усан эмчилгээг илүүд үзэх болсон. Ялангуяа хүн амын хөгшрөлт ихтэй Японд анагаах ухааны нэг салбар болтол нь хөгжүүлж байна.Манайд акуа фитнессийг жингээ хасах хичээл талаас нь ханддаг байсан бол одоо эмчилгээ гэж ойлгох хэрэгтэй. Агаарын бохирдол ихтэй ийм үед усан эмчилгээ амьсгалын замын өвчнөөс сэргийлж чадна. Ялангуяа астамтай хүн түлхүү хичээллэх хэрэгтэй. 

-Өмнө нь усан эмчилгээ болохыг мэдээгүй байсан гэсэн үг үү?

-Өмнө нь ихэвчлэн амьсгаа задлах, бие халаалт, зэргээр хөдөлгөөнийг эрчимжүүлж хичээлээ заадаг байсан. Хөлс их гарах, бие булгарах тусам л үр дүнгээ сайн өгч байна ойлгодог. Тэнд очоод мэдэрсэн зүйл гэвэл усны эмчилгээ юм. Манайхаар бол хийн дасгалтай төстэй юм л даа. Дасгал бүрийг хийхдээ амьсгаа аваад гаргадаг гэдгээрээ онцлог. Ингэхлээр тэр чинээгээр уушигны багтаамж сайжирч амьсгалын замын өвчин тусахгүй, урьдчилан сэргийлэх алхам болж байгаа юм.  Мөн стресс тайлах  хамгийн сайн арга. Усан дотор намуухан аянд зөөлөн аядуу дасгал хийхэд хүний нулимс өөрийн эрхгүй гардаг. Тайвширч стресс нь үнэхээр сайн тайлагдаж  байна гэсэн илрэл юм. Хөлс гаргахгүйгээр тайвшрал аваад стресс ядаргаагаа тайлдаг энэ дасгал үр дүн нь адилхан байдаг. Үүнийг ойлгож хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Манай төв энэ хичээлийг одооноос заах бодолтой байна.

-Өөр бусад төвүүдэд ингэж заадаг уу? 

-Өөр бусад төвүүдэд ч мөн адил ингэж заагаагүй байгаа.

– Эрүүл ахуйн шаардлага хэр хангадаг юм бол?

-Эрүүл ахуйн хувьд манай төв дээр лабортари ажиллаж байгаа. Усны агууламжийг байнга шинэчилж байдаг. Цэвэр бохир усаа эргэлттэй сольж байдаг. Элдэв халдварт өвчин дамждаг гэж хүмүүс ойлгодог. Хувийн ариун цэврээ сайн сахих хэрэгтэй.  Шууд усаар дамждаг тийм тохиолдол байхгүй шүү дээ. Аль ч бассейнд явсан эрүүл мэндийн үзлэг шинжилгээ өгөх ёстой л доо.

– Усны хувцасны хувьд ч бас тодорхой шаардлага тавих уу ?

-Ямар ч спортын төрөл, бялдаржуулах урлагаар хичээллэж буй хүн зориулалтын хувцас өмсөх ёстой юм. Акуа фитнессийн хувьд салангид загвартай бикини өмсөх ёсгүй. Манайд ихэвчлэн гоо сайхны үзэмж   талаас анхаарч задгай загвартайг нь сонгодог. Наран шарлагын газар биш усан спорт учраас  битүүг өмсөх ёстой. Хичээллэх үед  доргилт өгдөг учраас битүү загвартай хувцас нь хамгаалах зориулалттай юм. Анхнаас нь ингэж ойлгуулах хэрэгтэй. Салангид загвартай, задгай хувцсыг тохирдог гээд ойлгочихсон хандлага түлхүү байна. 

-Дасгал хичээлийг манайд цогц утгаар нь зааж чадаж байна уу?

– Манай ихэнх төвүүдэд дасгалыг учир дутагдалтай заадаг. Багш нар хүмүүсээ уснаас гаргаад дасгал заагаад байдгийг би гайхдаг. Акуа фитнесс гэдэг чинь уг нь усан дотор гимнастикаар хичээллэхийг хэлдэг спорт шүү дээ. Ямар ч дасгалыг усанд дотор хийх боломжтой.

Э.ГАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж