
-“За, өнөөдөр ямар хоол хийх вэ?” гэж утас цохисон 30 орчим насны залуу, “Хоёр хэрчсэн гурил, 100 грамм наран цэцгийн тос, нэг талх, гурван төмс, нэг лууван, нэг бөндгөр мах, нэг сүү, охиндоо нэг сок, хүүдээ марожин” гээд арав гаруй мянган төгрөгний наймаа хийгээд гарлаа. Дэлгүүрийн худалдагч бүсгүй “Хөөрхий дөө, энэ залуу таксины жолооч юм гэсэн. Өдөрт нь халтууранд яваад, олсон мөнгөөрөө орой болгон хоолныхоо материалыг авдаг юм. Бөөнд нь авах гэхээр бололцоо нь болдоггүй байх аа, хөөрхий. Машиных нь дууг эхнэр, хүүхдүүд нь андахгүй тул аль хэдийнэ хашааны хаалгаа онгойлгоод бөөн аз жаргал энэ ахыг угтдаг шүү дээ” гэж ярих. Яг энэ залуу шиг өдрийн орлогоороо эхнэр, хэдэн хүүхдээ тэжээж, ар гэрээ авч яваа таксины жолооч нар олон.
“Халтуурчид буюу таксины жолоочид соёлгүй, бүдүүлэг, илүү мөнгө нэхдэг, түгжрэлтэй, бартаатай газар руу явдаггүй, машин нь бохир, эвгүй үнэртэй, километр хэмжигчгүй, шөнө дөлөөр итгэж үйлчлүүлэхэд тун бэрх” гээд л тэдний тухай мундахгүй олон мууг хэлж болно.
Бас түгжрэлтэй замд “нормаалдаж” шатахуунаа “шатаана”, цагдаа ахад торгуулна, дугуй хагарна, энхэл, донхол засварлаагүй замд машинаа, сар бүр татвараа төлнө гээд тэдэнд мундахгүй их асуудал бий. Дээр нь таксигаа түрээсэлдэг бол өдөр болгон төлөх ёстой түрээсээ таслахгүй тулд тэдэнд өвдөх, үхэх ч эрх байхгүй. Амралтын өдрөөр үйлчлүүлэгч багатай, хий дэмий хотын төвөөр “мөөг” /зам дагуу гар өргөн зогсох үйлчлүүлэгчдээ тэд ийн нэрлэдэг/ хайж, давхин шатахуунаа шатаасаар, олсон ашиггүй харихаас өөр аргагүй. Дээрээс нь дугаарын хязгаарлалт гэдэг “хууль”-аар өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн ажын нэг өдөр сул зогсолт хийхээс өөр аргагүйд хүрсэн. Сая бас цагаан сарын өмнө амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтаар явах бас нэг “хууль” гарснаар долоо хоногт хоёр өдөр орлогогүй байсан нь тун олон айлыг хоолгүй хоноход хүргэсэн нь бололтой. Дээр өгүүлсэн орой болгон гэрийнхэндээ жижигхэн ч гэсэн торны ёроолоор хоолтой ордог аав нь хоёр хоног хоосон гэрээ сахьсан гэсэн үг.
“Хэдэн төгрөг гардгийг нь мэдсээр байтал илүү мөнгө нэхлээ, шуналтай амьтан” гэж хаалга шидэн буух үйлчлүүлэгч цөөнгүй. Манайхан л өгч заншаагүй болохоос биш, дэлхийн бусад орнуудад явсан замын хөлсийг төлөхөөс гадна, тухайн машиныг ашигласны төлбөрийг нэмж төлдөг. Гэтэл манайхан гудамж, жалга дундуур, уулын өөд мөсөн дээгүүр арайхийн хальтарч, машинаа орилуулсаар гэрт нь эсэн мэнд хүргэж өгсний хариуд 500 төгрөг илүү нэхлээ гээд “үзэж тардаг”. Мөн шөнийн цагаар атаман, согтуу залуусаас зүрхшээн хэн нэгнийг хань татан хажуудаа суулгаж явбал “Хоёулаа юм байна, яаж ч магадгүй” гээд үйлчлүүлэгч суухгүй. Энэ мэт хөөрхий таксичдад бэрхшээл, зовлон мундахгүй. Тийм ч учраас хүн болгоны л муучлаад байдаг таксичдыг нэг удаа өмөөрье гэсэн юм.
Муулан муулан, эсвэл өрөвдсөн ч өр рүүгээ өшиглөн халтуурын таксинд яах гэж суудаг юм бэ гэж асуумаар байна уу. Харамсалтай нь, албан ёсны гэх нэртэй такси компанийнхны үйлчилгээ бас хэр билээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хотын төвийн замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр такси зорчихыг зөвшөөрсөн. Гэтэл тавьсан шаардлага хангаагүй, жолооч нар нь жолооны мэдлэггүй, автомашины бүрэн бүтэн байдал хангалтгүй зэрэг үндэслэлээр 16 байгууллагын, 460 орчим такси дээрхи эрхийг авч чадахгүй байгаа гэнэ. Нэгэнт такси компанийн такси, хувь хүний такси ч ялгаагүй шаардлага хангахгүй байгаагаас хойш торгохоо урьтал болголгүй, шаардлага хангаж, шалгалтад тэнцсэн л бол байгууллагын такси ч, хувь хүний такси ч ижилхэн эрх олгох нь зүйтэй болов уу.