Буухиа автобусны үйлчилгээ өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2013.02.03-нд нийтлэгдсэн

Буухиа автобусны үйлчилгээ өнөөдөр дуусна

Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд нийслэлийн замын ачаалал асар ихээр нэмэгддэг. Тиймээс энэ жил гариг, дугаарын хосолсон хязгаарлалтаас гадна цагаан сарын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины дугаарыг тэгш сондгойгоор нь ангилан явуулах шийдвэр гаргасан билээ. Харин уг шийдвэрийн хэрэгжилтийн хугацаа өнөөдөр сондгой тоотой машинууд зогссоноор дуусах юм. Энэ шийдвэр хэрэгжсэнээр амралтын өдрүүдээр хотын төвийн замуудын ачаалал буурах болсон. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргасан бас нэгэн шийдвэр бол Цагаан сар хүртэлх амралтын дөрвөн өдрөөр 11 чиглэлээс Нарантуул зах хүртэл том оврын буухиа автобус үйлчилгээнд явуулах байсан. Дээрх автобуснууд ч гэсэн өнөөдрөөс явахгүй. Эдгээр том оврын автобусаар иргэд үйлчлүүлэх нь хэр байгаа талаар сурвалжлахаар өчигдөр орой Нарантуул орлоо. Ингэж нийт машины тавин хувийг “зогсоолд тавьсан” ч Нарантуул зах руу очих чиглэлийн замуудын түгжрэл нилээд их байсан. Энэ нь нэг талаараа Монголд асар олон машин байгааг харуулж байгаа хэрэг юм.
 
Дугаарын хязгаарлалттай эдгээр өдрүүдэд Шархад-Нарантуул, Яармаг-Нарантуул, Чингэлтэй-Нарантуул, Орбит-Нарантуул, Улаанхуаран-Нарантуул, Ханын материал-Нарантуул, Согоот-Нарантуул, Дэнжийн 1000-Нарантуул, Баянхошуу-Нарантуул, Дарь-Эх-Нарантуул, Нисэх-Нарантуул гэсэн 11 чиглэлд долоон компаний 13 автобус иргэдэд үйлчилж байгаа ажээ. Эдгээр автобуснууд Нарантуул захаас сондгой тоотой цагт хөдөлж, эцсийн чиглэлээсээ тэгш цагуудад хөдөлж байгаа юм байна. Энэ дөрөв хоногийн үйлчилгээг зохицуулж байгаа авто тээврийн байцаагчийн хэлснээр иргэдэд мэдээлэл бага байсан учраас үйлчлүүлэгчдийн тоо бага байгаа гэсэн. Гэхдээ эдгээр автобуснуудыг үйлчилгээнд явуулсанаар оройдоо Нарантуул захаас иргэд 1000-1500 төгрөгийн жижиг тэргээр харьдаг байсан бол 19 цагаас өмнө 400 төгрөгөө төлөөд үйлчлүүлэх давуу талыг бий болгож байгаа юм. Мөн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон оюутнууд хөнгөлөлтийн үнэмлэхээрээ үйлчлүүлэх эрхтэй. Харин үйлчилгээнд явж байгаа автобусны жолоочтой уулзахад “аль ч талаасаа хүн дүүрэхгүй байгаа. Тиймээс энэ үйлчилгээ цаг, бензин тос үрсэн дэмий шахуу ажил юм шиг байна. Сууж байгаа хүмүүсийн ихэнх нь мөнгө төлдөггүй хүмүүс байдаг. Хоёр талынхаа эцсийн зогсоолд цагтаа амжиж хүрнэ гэж огт байхгүй” хэмээн ярьж байсан.

Цагаан сарынхаа бэлтгэлийг базаасан иргэд овор, хэмжээ ихтэй бараагаа автобусаар авч явахад хялбар байгаа гэдгийг ч хэлж байсан. Дээр нь дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор нь хийж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байгаа нь нийт машины 50 хувийг нэг өдөр зогсоож байгаа болохоор алслагдсан чиглэлүүд рүү ийм унаа явуулж, иргэдэд үйлчилж байгаа нь сайн хэрэг хэмээн үзэж байгаа иргэд ч нилээдгүй их байсан юм. Тиймдээ ч намайг Нарантуул захаас явахад хивс, тавгийн идээний цар гэх мэт жижиг тэргэнд тэр бүр авч яваа болохгүй зүйлсээ барьсан иргэд “Одоо ирэх дөхөж байгаа” хэмээн чиглэл чиглэлийнхээ автобусыг хүлээн үлдсэн.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж