Яшар Догу, Дан Коловын нэрэмжит тэмцээнд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.02.02-нд нийтлэгдсэн

Яшар Догу, Дан Коловын нэрэмжит тэмцээнд өрсөлдөнө

Туркийн алдарт бөх Я.Догугийн нэрэмжит 41 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн хоёрдугаар сарын 9-10-ны өдрүүдэд Турк улсын Анкара хотод болно.

Тэмцээн эрэгтэй 55, 60, 66, 74, 84, 96, 120, эмэгтэй 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ийн жингээр явагдана. Тэмцээний эрэгтэй төрөлд жин тус бүрт нэгдүгээр байр эзэлсэн тамирчинд 2000, хоёрдугаар байр эзэлсэн тамирчинд 1000, гуравдугаар байр эзэлсэн тамирчинд 500  ам.доллар, өргөмжлөл, дурсгалын зүйл олгох ажээ.  
Харин энэ тэмцээний дараа Болгарын алдарт бөх Дан Колов болон Никола Петровын нэрэмжит 51 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн хоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Болгарын Пловдив хотод болох юм. Тэмцээн эрэгтэй 55, 60, 66, 74, 84, 96, 120, эмэгтэй 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ийн жингээр болох ажээ.

Дээрх хоёр тэмцээнд “Жавхлант” клубын дасгалжуулагч Т.Гансүх, нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн багш Ж.Дандар нарын удирдлага дор эрэгтэй 60 кг-ийн жинд спортын мастер Батсайханы Нэмэхбаяр /Дархан-Уул аймгийн ”Хасу-Мегаватт” клуб/, олон улсын хэмжээний мастер Энхсайханы Ням-Очир /”Хилчин” спорт хороо/,  74 кг-ийн жинд спортын мастер Батчулууны Анхбаяр /”Харгант-Цамхаг” клуб/, олон улсын хэмжээний мастер Пүрэвжавын Өнөрбат /Дархан-Уул аймгийн ”Мега-Старс” клуб/, 84 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Мягмарын Мэндсайхан /Харгант-Цамхаг” клуб/, 120 кг-ийн жинд спортын мастер Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо/ нар оролцохоор болсон байна.

Багийн ахлагчаар “Харгант” группийн ерөнхий захирал М.Ганхүлэг, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, олон улсын шүүгч И.Моломцамц нар оролцоно.

Яшар Догу Гуче /1915-1961/ нь Туркийн чөлөөт бөхийн дэгийг үндэслэгч, олимпийн хошой аварга /1848 он, Лондон хот, 1952 он Финланд улсын Хельсинки хот/, дэлхийн аварга /1951 он, Финланд улсын Хельсинки хот/, европийн 3 удаагийн аварга /1946, 1949, 1951 онууд/ бөх байжээ. Тэрээр 1951 оноос туркийн чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байсан юм.

Д.ӨЛГИЙСАЙХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж