
2011 оны тавдугаар сард УИХ-аар баталсан уг хуульд зааснаар гадаадын томоохон банкууд манайд үйл ажиллагаа явуулахдаа Монголбанк бус Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой. Гэхдээ “Bank of China”-гийн хувьд салбар банк бус төлөөлөгчийн газраа нээж буй учраас уг хуульд хамаарагдахгүй аж. Тус банкны ерөнхийлөгч “Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд төлөөлөгчийн газар томоохон хувь нэмэр оруулна. Хятадад хамгийн урт түүхтэй манай банк Монголын зах зээлийг чухалчлан үзэж байгаа. Бизнес эрхлэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэх бөгөөд арилжааны банкууд манайхтай төлөөлөгчийн газрын статусаар хамтран ажиллах юм” хэмээн нээлтийн ёслолын үеэр онцолжээ. Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Тус банк төлөөлөгчийн газрыг нээж байгаа нь Монголын эдийн засаг болоод аж ахуйн нэгж, иргэдэд тус дэмээ өгнө. Монголын банк санхүүгийн зах зээлийг “хамгаалах” талаар анхаарч ажиллана” гэж үзэж байна. Өдгөө Монголд Хятадын хөрөнгө оруулалттай зургаан мянга орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хоёр орны төв банкуудын солилцох валютийн хэмжээ 10 тэрбум юаньд хүрчээ.
Хятадын хамгийн том дөрвөн банкны нэг “Bank of China” нь дэлхийн 31 оронд төлөөлөгчийн газартай, Шанхай болон Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, зах зээлийн үнэлгээ нь 540 тэрбум ам.доллар. 1912 онд Хятадын Засгийн газраас байгуулсан урт удаан түүхтэй энэ банк манай орны хувьд гэнэтийн “зочин” биш юм. Өмнө нь төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргах зөвлөх банкны шалгаруулалтад оролцож байсан. Эхний шалгаруулалтаар Австралийн “Мэквэари” банк сонгогдож байсан ч хэрэв “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг Хонконгийн биржид арилжаалахаар болбол дахин сонгон шалгаруулалтад шалгарах магадлал өндөртэй гэж тэр үед Монголын хэвлэлүүд бичиж байжээ. Энэ удаад Монголд өөрийн төлөөлөгчийн газраа нээж байгаа нь алсын хараатай алхам бололтой. Хятадын улс төр, эдийн засгийн хүрээнд өрнөж буй аливаа алхам, үйл явдалд төлөвлөгдөөгүй, гэнэтийн зүйл гэж байдаггүйг дэлхий дахин хүлээн зөвшөөрдөг.