Хөдөлгөөнийхөнд гэр барих зөвшөөрөл өгөөгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.10-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнийхөнд гэр барих зөвшөөрөл өгөөгүй гэв

Өнөөдөр 12.00 цагийн орчим Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Гал үндэстэн хөдөлгөөнийхнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн баривчилж, тэдний хооронд мөргөлдөөн үүслээ гэх мэдээллийг бидэнд ирүүлсэн юм. Мэдээллийн дагуу манай сурвалжлах хэсэг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиход арван морьтой хүн, бусад  дэмжигчид туг, уриа лоозон барин зогсчээ. Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Г.Баяраагийн хэлснээр Сүхбаатарын талбай дээр “Бүгдээрээ хэлэлцье” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Энэ хэлэлцүүлгээ өргөн дэлгэр болгохын тулд өнгөрөгч баасан гаригт талбай дээр гэр барих зөвшөөрөл авахаар Нийслэлийн цагдаагийн газарт хандсан боловч зөвшөөрөл өгөөгүй. Харин өнөөдөр боломжтой газар нь гэрээ барихаар ачиж явтал Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн албадан саатуулжээ. Чухам ямар шалтгаанаар тэднийг саатуулсан талаар  Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн Хэв журмын ахлах байцаагч Б.Баярсайханаас тодруулахад,

-Өглөө 08.00 цагийн орчим манай хэлтэст гэр алдагдлаа гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу бид дүүргийн нутаг дэвсгэрт гэр ачиж явсан машиныг саатуулсан юм. Бид шалгаж дуусаад ямар нэг зөрчилгүй бол гэрийг нь өгөх  болно. Одоогоор нэг ч хүн баривчилж саатуулсан зүйл байхгүй гэх хариулт өглөө.

Гэрэл зургийг энд дарж үзнэ үү

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж