“Оюутолгой”-н хоёр сарын төсвийг баталсан гэв

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н хоёр сарын төсвийг баталсан гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж байна. “Оюутолгой” компанийн үйл ажиллагаатай холбогдуулж УИХ-ын гишүүд зардал ямар шалтгаанаар өсчихөөд байгаад тодорхой хариулт өгөхийг шаардав.

Үүнд “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Ц.Сэдванчиг дараах хариулт өглөө. Тэрээр “Зардлын хэтрэлттэй холбоотой мэдээллийг “Оюутолгой” компанид удаа дараа шаардсаны эцэст өнгөрсөн оны сүүлээр хүлээж авсан. Үүнийг нь дөрвөн хэсэгт тоймлож болохоор байгаа. Тухайлбал,  ажлын цар хүрээ өөрчлөгдсөнөөс болж 973 сая төгрөгийн хэтрэлт гарсан гэж тайлагнасан бол стандартад шилжүүлэхэд 72 сая ам.доллар, бүсийн хөгжлийн төлөвлөлтөд 49 сая ам.доллар хэтэрсэн гэж гарсан. Хамгийн ойлгомжгүй нэг зардал нь хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа удааширснаас 500 сая ам.доллараар хэтэрсэн гэсэн. Уг нь гүйцэтгэл сайн байсан гээд байгаа. Тэгсэн атлаа ажиллах хүчнийг буцаах тараах зэрэг ажил гарсантай холботой энэ хэмжээний зардал гарсан гэж буй юм.  Мөн нэгжийн зардлын өсөлт,  тээврийн зардлын өсөлт 30 сая, үнийн өсөлт 184 сая ам.доллар болж байгаа гэсэн тайланг “Оюутолгой” компани талаас гаргаж өгсөн” гэв.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Оюутолгой” компанид ажиллаж байгаа монгол иргэдийн нийгмийн асуудал хаягдсан болохыг сануулаад энэ асуудалд анхаарал хандуулж болдоггүй юм уу гэж байлаа. Үүнд “Оюутолгой” компанийн Монголын талын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Цагаан “Хөрөнгө оруулагчдад энэ асуудлыг удаа дараа тавьж ирсэн, Монгол Улсын Ерөнхийлөгч “Оюутолгой” компанид ажиллахдаа ч шаардаж байсан. Түүний хүчинд ямар ч байсан зарим нэг ажлууд эхэлсэн. Хоёр талаас байгуулсан гэрээнд орон нутгийн хот төлөвлөлттэй холбоотой асуудлыг анхнаасаа тусгаагүй гэдэг зүйл ярьж ирсэн” гэлээ. Мөн тэрээр “Оюутолгой” компанийн анхны хөрөнгө оруулалт анх гэрээнд зааснаасаа хоёр тэрбум ам.доллараар өсчихөөд байгаа тул ТУЗ-ийн гишүүдийн зүгээс энэ асуудлаа тодорхой болгохыг шаардсан. Гэвч тайлангаа тавиагүй. Тиймээс бидний зүгээс 2013 оны төсвийг баталж өгөхгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Гурван өдөр хуралдсаны эцэст 2013 оны төсвийг нь бүхэлд нь батлалгүй зөвхөн нэг, хоёрдугаар сарынх нь төсвийг баталж өгснөөр ажил явж байгаа” гэж хариуллаа.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Миний суудаг өрөөний цаана том самбар дээр “Оюутолгой төслийн 71 хувийн ашгийг монголчууд хүртээд 21 хувийг хөрөнгө оруулагчид хүртэнэ” гэсэн реклам тавиад байхаар нь би энэ тухай төвөөс ирсэн даргад нь матсан. Иргэд намайг бичүүлсэн гэж ойлгоод байсан байхгүй юу. Ер нь бид иймэрхүү ойлгомжгүй зүйлээ нэг сайн ярьж ойлголтоо нэгтгэх ёстой” гэлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж