Европын холбоо Португалид зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2011.04.10-нд нийтлэгдсэн

Европын холбоо Португалид зээл олгоно

Европын холбоо ирэх тавдугаар сарын дундуур Португалид санхүүгийн тусламжийн зээл олгох асуудлаа эцэслэн шийдэх гэнэ. Учир нь ирэх зургадугаар сарын 5-нд Португалид болох парламентын сонгуулийн үр дүнг хүлээж байгаа ажээ. Унгарт болсон Европын холбооны сангийн сайд нарын уулзалтаар Португалид 80 тэрбум еврогийн тусламжийн зээл олгох тухай хэлэлцжээ. Европын комиссын тэргүүн Португалид зээл олгохоос өмнө тус орон өрийн асуудлаа шийднэ гэж итгэж байгаагаа илэрхийлжээ. Португалийн парламентийн цөөнхи болох социалистууд  Засгийн газрын тэргүүний төсвийн бодлогыг эсэргүүцсэнээс Ерөнхий сайд  Хосе Сократес огцрох хүсэлт тавьж, парламент тарах болсон юм. “BBC”-гийн бизнесс тоймч Роберт Пестоны таамаглаж буйгаар Португалид олгох тусламжийн зээлийн гуравны нэг хувийг Европын холбооны сангаас, өөр нэг хувийг нь Европын холбооны гишүүн орнууд, үлдсэн нэг хувийг Олон улсын валютын сангаас гаргах ажээ.  Өмнө нь Ирландад мөн ийм зарчмаар зээл олгож байсан юм. Европын холбооны гишүүн орнуудын сангийн сайд нарын уулзалтаар Испани  Португалид  тусламжийн зээл олгохыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Гэвч Европын холбооны дүрэм ёсоор Португалид зээл олгохын өмнө тус улсад санхүүгийн тусламж үнэхээр хэрэгтэй эсэхийг тогтоох шинжээчдийн баг илгээх шаардлагатай ажээ. Өнгөрсөн сард социалист Засгийн газар огцорсны дараа тус улсын зээлийг өртөг огцом нэмэгдсэн юм.  Португалид санхүүгийн тусламж яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд ажил олж амьдралаа дээшлүүлэх боломж хомс учраас авьяастай, мэдлэгтэй олон залуус эх орноо орхин явж байгаа ажээ. Европын холбооноос санхүүгийн тусламж хүссэн Ирланд, Грек зэрэг орноос ялгаатай нь Португалийн эдийн засаг доройтсон, үйлдвэрлэлийн хэмжээ бага байгаагаас  татварын мөнгөөр Засгийн газрын зардлыг төлөхөд улам хэцүү болж байгаа юм.  Тус орны  банкны систем хямралд ороход гадаадын өр босч ирж, санхүүгийн зах зээлд мөнгө босгох чадвараа алдсан ажээ. Харин Ирландын хувьд үл хөдлөх хөрөнгийн үнэ тэнгэрт хадсанаас хэд хэдэн банк хямралд орсон билээ.  Грекийн хувьд татвар төлөгчдийн мөнгөөр сан байгуулах  бодлого нь бүтэлгүйтсэнээс өрийн дарамтад орсон юм байна. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж