Сэргээшийн асуудлыг шийдлээ

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

Сэргээшийн асуудлыг шийдлээ

Х.Мөнхбаатарын 5, 6, 7-гийн давааг хүчингүй болгож, Б.Сугаржаргалын барилдах эрхийг 6 сараар хаслаа

Өнгөрсөн жилийн наадамд /Ардын хувьсгалын 91 жилийн ой/ шөвгөрсөн 16 бөхийн шинжилгээний хариу  наймдугаар сарын дундуур олон нийтэд ил болж, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин цол шинээр хүртсэн Б.Сугаржаргал нарын сорьцоос сэргээшийн төрлийн бэлдмэл илэрсэн билээ. Шинжилгээний А сорьц асуудалтай болсон тохиолдолд холбогдох бөхчүүдэд өөрийн зардлаар B сорьцоо шалгуулах боломж олгодог. Энэ дагуу арслан Х.Мөнхбаатар, начин Б.Сугаржаргал нарын давтан шинжилгээ хийлгэсэн бөгөөд B сорьцын хариу өмнөхтэйгээ адил гарсан юм.

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж оны өмнөхөн энэ тухай олон нийтэд зарлах үед Х.Мөнхбаатар арслан эсэргүүцэж, “Тэргүүн хүүгээ цол авахуулахын тулд надад 70 сая төгрөг амлаж байсан” гэсэн хатуу мэдэгдэл хийхдээ хүртэл даамжирсан бөхчүүдийн сэргээшийн асуудлыг өнөөдөр хуралдсан Баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар авч хэлэлцлээ.

Хурлаас улсын арслан Х.Мөнхбаатарын Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын 5, 6, 7-гийн даваанд давсан давааг хүчингүй болгож, чимгийг нь хураах, улсын начин Б.Сугаржаргалын зургаан сар барилдах эрхийг хасах тухай санал гаргажээ. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо энэхүү шийдвэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах бөгөөд Ерөнхийлөгч сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд ямар хариуцлага хүлээлгэхийг эцэслэн шийдэх юм. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо энэ оны эхэнд бүрэлдэхүүнээ шинэчилж, Шадар сайд Д.Тэрбишдагва одоо энэ хороог тэргүүлж байгаа билээ.

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэмд лабораторийн шинжилгээгээр сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдвол давсан давааг хүчингүй болгож, тухайн бөхийн цол чимгийг хураах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол бөхийн баяр наадамд барилдах эрхийг 2 жил хүртэлх хугацаагаар хасна гэсэн товч, тодорхой заалт байдаг. Өнөөдөр гаргасан шийдвэрийг харвал сэргээш хэрэглэсэн хоёр бөхөд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэмээр хариуцлага ногдуулжээ. Гэхдээ хоёул их спортоор хичээллэж, жүдогийн татамид олон жил хичээллэсэн тэдний шинжилгээний хариунд эргэлзэж, эмчилгээнд хэрэглэсэн эм тариа нь нөлөөлсөн гэж үзэх хүмүүс олон байсныг онцолж болно.

Ж.Амартүвшин харцага, Т.Санчир заан цол хүртэнэ

Одоо хүн бүхэн нэг асуултыг илүүтэй сонирхож байна. Энэ нь Х.Мөнхбаатар арсланд тав, зургаа, долоогийн даваанд унасан бөхчүүд яах вэ гэсэн асуудал.
Үндэсний их баяр наадмын тухай хууль, холбогдох дүрэмд сэргээш илэрсэн бөхөд цол, чимэг хүртэх даваанд унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгох заалт бий тул  Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын тавын даваанд Х.Мөнхбаатар арсланд өвдөг шороодсон улсын начин Ж.Оргил өсөх идэр чимэг нэмж, зургаагийн даваанд унасан Ж.Амартүвшин /шинээр начин цол хүртсэн/ харцага болон дэвшиж, долоогийн даваанд унасан улсын начин Т.Санчир /Шинээр харцага цол хүртсэн/ заан цолтой болох нь ээ. Харин улсын начин Б.Сугаржаргалын хувьд тавын даваанд улсын заан Б.Соронзонболдыг давж, зургаагийн даваанд улсын арслан Г.Эрхэмбаярт өвдөг шорооджээ.

Жил бүрийн наадмын дараа бөхчүүдийн сэргээштэй холбоотой асуудал баахан маргаан дагуулдаг ч яг үнэндээ бол 2009 онд анх тэдэнд хариуцлага бодож эхэлсэн юм. 2009 оны наадмаар сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ц.Сумъяабэйс нар тэр жил хүртсэн чимгээ хураалгаж байсан бол 2011 оны наадмаар начин цол хүртсэн Г.Алтангэрэл, харцага цол хүртсэн Ч.Цогбаяр нарын Ховдын хоёр залуу үндэсний бөхийн дэвжээнд барилдах эрхээ хоёр жилийн хугацаатай хасуулаад байгаа билээ.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж