Газар тариалангийн салбарт анхаарал бууруулаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.10-нд нийтлэгдсэн

Газар тариалангийн салбарт анхаарал бууруулаагүй гэв

Дархан-Уул аймагт  өчигдөр тариаланчдын улсын зөвлөгөөн болж, 800 гаруй тариаланчид оролцлоо. Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ Засгийн газрын зүгээс дөрвөн жилийн өмнө Атрын гуравдугаар аяныг өрнүүлснээр уналтад ороод байсан газар тариалангийн салбар сэргэжээ. Тодруулбал, өнгөрсөн жил Монгол Улс 366.2 мянган тонн үр тариа, 369 мянган тонн төмс, хүнсний ногоо хураан авснаар дотоодынхоо хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь хангах боломжтой болсон юм байна. Хэдийгээр Атар газар эзэмших аяныг Засгийн газраас энэ онд үргэлжлүүлэн зарлаагүй ч анхаарал сулраагүй, урьд жилүүдийнх шиг төрөөс хэрэгжүүлэх арга хэмжээ үргэлжилнэ гэдгийг онцоллоо. Гол нь үндэсний аж ахуйн нэгжүүд энэхүү боломжийг ашиглаж, аж ахуйгаа өргөжүүлж, техник технологио сайжруулан, усалгаатай газар тариаланг эрхлэх нь буудайн чанарт сайнаар нөлөөлнө гэж үзэж байна.

Зөвлөгөөнд оролцсон тариаланчдын хувьд малчид,  тариаланчдын дунд газрын маргаан дэгдэх болсон нь Бэлчээрийн тухай хуулийг УИХ-аар шалавхан баталж, нэг тийш шийдвэрлэх шаардлагатайг хэлж байна. Түүнчлэн жил бүрийн хаварт газар тариалангийн ажил эхлэх үед шатахууны үнэ өсч, ажилд бэрхшээл учруулдаг тул энэ талд анхаарлаа хандуулахыг хүссэн юм.

Энэхүү зөвлөгөөнд УИХ-ыг төлөөлөн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл оролцсон юм. Тэрбээр “Газар тариалан хөл дээрээ босчихсон гэж үзээд зөнд нь орхичихож болохгүй. Үргэлжлүүлэн төрөөс авах арга хэмжээ нэлээд байна. Тэр дундаа тариалалтаа эрхлэхэд үрийн хөнгөлөлт үзүүлдэг, шатахуунаа тодорхой хугацаанд зээлээр авдаг, үр тариагаа хураан авсны дараа тонн тутамд нь урамшуулал олгодог тогтолцоог ойрын жилүүдэд ч үргэлжлүүлэх шаардлагатай нь харагдлаа гэсэн юм.

Г.Дарь  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж