
Дээрх асуудлыг УИХ хэлэлцэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа. Энэ явцад гишүүд байр сууриа илэрхийлж, нэг хэсэг нь МИАТ компанийг хувьчлах ёстой гэсэн байр суурьтай байсан бол нөгөө хэсэг нь хэсэгтээ харзнах ёстой гэж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Чингис бонд”-оос босгосон мөнгөөр МИАТ компанид таван онгоц худалдаж авч өгөхөөр болсон. Эхний онгоц ирэх тавдугаар сард ирнэ. Гэтэл МИАТ компанийн 49 хувийг хувьд шилжүүлнэ гэвэл төрийн мөнгөөр энэ компанид онгоц худалдаж авч өгч яах юм. Өөр хэрэгтэй зүйлдээ зарцуулмаар байна” гэсэн байр суурь илэрхийлсэн бол дээрх хуулийн төслийг боловсруулах үүрэг хүлээсэн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Ганбат “МИАТ компанийн тодорхой хувийг хувьчлахгүй бол ард түмний хөрөнгөөр босгосон компанийг төрийн толгойд байгаа нь идээд, уугаад дуусна. Эцэст нь МИАТ компани дампуурна. Тийм учраас хувьчлах ёстой. Тавантолгойн ордыг хар. “Энержи ресурс” компани гялалзтал ажиллаад байдаг, гэтэл “Эрдэнэс Тавантолгой” компани нь өрөнд баригдчихсан нүүрс тээвэрлэлтээ зогсоочихсон ямар байдалтай байгаа билээ. Ийм л юм болж хувирна” гэж байлаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Батцогт “Хувьчлалын ард асар том луйвар явах гээд байна. Тийм учраас хувьчлахын эсрэг байр суурьтай байна” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дахин бүлгийн хуралдаанаараа авч хэлэлцэх ёстой. МИАТ компанийг хувьчлах цаг хугацаа нь мөн үү гэдгийг нягтлах шаардлага байна” гэсэн байр суурийг тус бүр илэрхийлж байв.
Эцэст нь энэхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлснээр УИХ дараагийн асуудлаа хэлэлцэж эхлээд байна.