Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн


News.mn сайт ”News Fact” булангаараа өнөөгийн улстөр, нийгэм, эдийн засгийн төлөөлөл болсон хүмүүс болоод болж буй үйл явдлыг хураангуйлан хүргэж буй. Өмнө бид УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн талаарх сонирхолтой баримтыг хүргэсэн бол одоо дуулианы эзэн болоод байгаа Төрийн өмчийн хорооны дарга асан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын талаарх мэдээллийг хүргэж байна.

2000 он: Төрийн албан хаагчаас чөлөөлөгдөж тухайн үеийн МАХН-ын хурлаас түүнийг Өвөрхангай аймагт дэвшүүлэхээр болов.

2000-2004 он: Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдон гишүүн болов.

2004 он:
УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцэн шүүхэд өргөдөл гаргав. Тэрээр 2004 оны сонгуульд МАХН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй билээ. Д.Сугар сонгуулийн үр дүнд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзэн шүүхээр зургаан сарын турш заргалдсан юм.

2004-2005 он: Монгол шуудан банкинд газрын захирлын албан тушаал хашихаар болов.

2006 он:
Төрийн өмчийн хорооны даргаар Д.Сугарыг томилохоор болов.

-“Монголросцветмет” нэгдлийн захирал асан О.Эрдэнэтэй хамтран Баян-Өлгий аймгийн Асгатын мөнгөний ордын 75 хувийг Оросын “Полиметалл” компанид шилжүүлснийхээ төлөө хахууль авсан байж болзошгүй тухай мэдээлэл гарав. Д.Сугар, О.Эрдэнэ нар Оросын компанийн төлөөлөлтэй гарын үсэг зуралцсан байна.

-Даргаар сонгогдсоны дараахан дахин дуулиан дэгдэв. Энэ нь Улсын цирк болоод “Говь” компанийн хувьчлал будлиантсан хэрэг. Тус онд 20 гаруй үйлдвэрийг хувьчилсан билээ. “Говь” компани нь 24 тэрбум орчим төгрөгийн хөрөнгөтэй байсан ч 11 тэрбумаар хувьчилсан байна.

2007 оны нэгдүгээр сар 10:
“Хэдэн жилийн өмнө “Говь” ХХК-ийг 11 саяар зарах гээд чадаагүй. Бид 13,8 тэрбумаар хувьчилсан нь үнэн. 20 жил ажилласан энэ үйлдвэрийг хурдхан зарахгүй бол эргээд төрд лай болж мэдэхээр байсныг нуугаад яах вэ”. Зууны мэдээ сонин

2009 он: Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн дарга Т.Ганболдтой хамтран “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг шахсан гэсэн дуулиан дэгдэв.

-Д.Сугартай холбоотой дараагийн маргаан дэгдэв. Энэ удаад Мардайгаас Чингисийн далан хүртэлх 131 км төмөр замын 93 км-ыг нь “Бүрхээс хайрхан” нэртэй компанид зарсан талаар шуугиан дэгдлээ. Энэ хэрэг тун удалгүй замхарсан билээ.

2010 оны есдүгээр сарын 30: “Зарчмаараа явснаас болж онцын саад гардаггүй. Ер нь аливаа алба хашихад янз бүрийн саадыг давж байж л ажиллана шүү дээ. Намайг хална гэсэн хүн алга. Нэг зүйлийг онцолж хэлэхэд төрийн албаны хуулиар хамгаалагдсан, мэргэшсэн албан хаагч намайг алдаа гаргаагүй байхад хэн ч дураараа халж чадахгүй. Энэ албан дээр ирмээр санагдсан янз бүрийн хүн байж л таараа” News.mn

2010 оны 11 дүгээр сар: Д.Сугартай холбоотой ээлжит шуугин дэгдэв. Тухайн үед Д.Сугар Биокомбинатын даргыг дур мэдэн томилсон тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байлаа. Тэрээр Биокомбинатын даргаар томилсон Б.Баттогтох гэгч Өвөрхангай аймгийн уугуул бөгөөд ураг төрлийн холбоотой байсан гэгдэв.

2010 оны 12 дугаар сарын 20: ТӨХ-ны дарга Д.Сугар “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийг удирдахаар болов.

2011 оны хоёрдугаар сарын 17: “Тавантолгойн хувьцааны үнийг энэ ондоо багтаж тогтооно. Ямар нэг зүйл нууж хаагаад ингэж удаад байгаа юм биш. Хувьцааны үнийг тогтоохын тулд эхлээд ордынхоо үнэлгээг батлах хэрэгтэй. Үүнийг олон улсын зах зээлд нэр хүндтэй компаниар үнэлүүлбэл манай хувьцаа дэлхийн зах зээлд арай илүү үнэд хүрэх болно. Одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын банкийг сонгон шалгаруулах ажил ид өрнөж байна. Ирэх долоо хоногийн Дундуур улс төрийн өөр шийдвэр гаргачихгүй бол дүнгээ танилцуулах байх” inet.mn

2011 оны гуравдугаар сарын 30:
“Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар өнгөрсөн оны аравдугаар сард  “Оросын тал дарамталж, шийдвэр гаргуулсан” гэсэн утгатай утгатай ярилцлага өгсөн байсан. Тэр ярилцлагад л тайлбар хүссэн. Оросын талын зүгээс энэ албан тушаалтны ярилцлагыг шүүхэд өгөлгүйгээр наагуур нь шийдчих байх” news.mn Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатын өгсөн ярилцлага

2011 оны тавдугаар сарын 6:
Тавантолгойн хувьцааг борлуулж олсон ашгийг уурхайгаа байгуулж, хөгжүүлэхэд зориулна. Монголынхоо хөгжилд зарцуулах төсөл хэрэгжиж байна. Энэ бол олон улсын сонгодог арга зам. Д.Сугар

2011 оны наймдугаар сарын 4:
Тавантолгойн ордоос нүүрс олборлогч “Эрдэнэс Таван толгой” компанитай 2010 оны зун Хятадын төрийн өмчит “Чайнелко” компанитай нүүрс экспортлох таван жилийн гэрээ байгуулсны дүнд нүүрс экспортлохоор болов. Тухайн үед ТӨХ-ны дарга Д.Сугар “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга байхдаа “Чайналко” компанийн охин компани “Чалко”-той 70 сая ам.долларын гэрээ хийжээ.

-“Борлуулалтын гэрээний өөр нэг олзуурхууштай зүйл бол бид нүүрсээ ямар нэг зуучлах компанигүйгээр Хятадын гангийн үйлдвэрүүдэд шууд нийлүүлж байгаа. Ерөөс бидний стратегийн төлөвлөгөөнд ордог хамгийн гол зүйл бол Япон, Солонгосын зах зээлд Хятадын “Чалко” компани манай нүүрсийг нийлүүлэх гэрээ байгуулсан явдал. Борлуулалтын гэрээг үүнээс илүү хийх боломж байсан. Гэвч одоогийн нөхцөлд ийм гэрээ хийхээс аргагүй. Яагаад гэвэл 250 сая ам.доллартай тэнцэх урьдчилгааг “Чалко”-гоос авч байгаа” Mongolian Mining Journal сэтгүүл

2011 оны наймдугаар сар: Д.Сугарыг Өвөрхангайн наадамд нисдэг тэрэг хөлөглөн очсон тухай шуугиан дэгдэв. Энэ шуугиан тухайн үеийн нэгэн зурагчны авсан гэрэл зургаар баталгааждаг. Олон нийт ч түүний энэ үйлдлийг эсэргүүцэж байв.

2011 оны наймдугаар сарын 11: “Өвөрхангайн наадам амралтын өдрүүдэд болсон. Тиймээс даваа гаригт ажил дээрээ байх ёстой учраас яараад л ниссэн. Түүнээс биш заавал аймгийнхаа ойд очих нэрийдлээр төрийн ажлыг тасалдуулж тайван явах боломж байсангүй. Нарийндаа яг хаанахын нисдэг тэрэг байсныг ч мэдээгүй. “МИАТ” ХК-иас нисдэг тэрэг явах гэж байна гэхээр нь л шүхэрчидтэй хамт явсан юм”. Улс төрийн тойм сонин

2011 оны наймдугаар сарын 22: “Тавантолгойн төслийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал зүйл нь урьдчилсан тооцоо, төлөвлөлт, судалгаа. Үнэхээр Засгийн газрын яам, агентлагуудын ажиллах хүчний чадавхи хязгаарлагдмал байна. Төрийн өмчийн хороо гэхэд 60-аад хүнтэй. Түүний 20-иод нь бараг үйлчилгээний ажилтан, цаана нь хэд үлдэх вэ. Тэгэхээр энэ том судалгааг гүнзгий, суурьтай хийхэд бидэнд хүчин чадал дутагддаг” Монголын мэдээ сонин

2011 оны есдүгээр сарын 13: “Муу төсөл болсон, дахин нягтал, шалга гэж хэн ч үүрэгдээгүй. Ажлын хэсгийнхэн өөрсдөө л дутуу юм их байна. Эргэж харах, нэгтгэх зүйл их байна гэж үзсэн учраас Тавантолгойн төслийг дахин нягтлаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулья гэж шийдсэн. Түүнээс муу төсөл боловсруулсан байна, та нар дахиад боловсруул гэж Аюулгүйн зөвлөлийнхөн бидэнд хэлээгүй” News.mn

2011 оны 11 дүгээр сар: ТӨХ-ны даргыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзэн АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эхлэв. Түүнийг “Эрдэнэт”-д ган бөмбөлөг шахсан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гэрээг Монгол Улсад хохиролтойгоор баталсан зэрэг хэрэгт буруутган шалгалт эхлүүлжээ.

2012 оны нэгдүгээр сарын 11: Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа өгөх хүсэлтийг Засгийн газар хүлээж авав.

2012 оны тавдугаар сарын 9: УИХ-ын ээлжит чуулганаар ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугарыг 78,6 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохоор болов.

2013 оны нэгдүгээр сар: МИАТ-ын дарга нарыг мөнгө угаасан хэрэгт холбон шалгаж эхлэв. Дайны эрсдэлийн сангаас бүрдүүлсэн 200 гаруй сая долларыг гадны банкуудад хуваан байршуулжээ. Зарим баримтаар 700 гаруй сая долларт ч хүрдэг.

2013 оны нэгдүгээр сарын 24: “Би ажил хариуцаж, хариуцлага хүлээж сурсан хүний хувьд алдаа гаргаагүй гэж хэлж чадахгүй нь ээ. Яах аргагүй би энэ бүх захирлуудыг томилдог халдаг, хянаж шалгадаг хүн байсан. Ер нь бол Төрийн өмчийн хорооны 80-аад компанийн амжилт, ололтын талаар ч ярьж явлаа. Алдаа дутагдлын талаар ч энд тэнд дуудагдаж ч байсан. Тэгэхээр өөрийгөө буруугүй гэж хэлэхгүй. Ганцхан хэлэх зүйл бол энэ яригдаад байгаа том мөнгөний хувьд сонин дээр бичигдээд байгаа шиг миний оролцоо байхгүй. Тиймээс төр өөрөө асууж тодруулбал би очиж хамтарч ажиллана” Өдрийн сонин

2013 оны нэгдүгээр сарын 25: Цэцийн гишүүн Д.Сугарыг МИАТ-ын мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж эхлэв. Харин түүнийг хорихын тулд цэцээс заавал зөвшөөрөл авах хуультай. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.1-т “Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, шүүхийн журмаар түүнд захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно” гэж заажээ.

ТОВЧ НАМТАР:

1956 он: Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт Дуламын хүү болон мэндлэв.

1975 он: Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн сургуулийг дүүргэв.

1975-1981 он: ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн ангид суралцан төгсөв.

1981-1987 он: Сэлэнгэ аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хэлтсийн дарга, Хууль зүйн яамны хэлтсийн дарга

1989 онд: Улаанбаатар хотын намын дээд сургуулийн улс төр судлаачийн анги

1992-1996 онд:
Хууль зүйн яамны тэргүүн дэд сайд, арбитрын хэлтсийн дарга

1996-2000 онд:
Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж