Сэхээн амьдруулах тасагт

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

Сэхээн амьдруулах тасагт

Монгол Улсын нийслэлийн цахилгаан станцууд төвийн эрчим хүчний системийн хүрээнд  наад зах нь 13 аймаг, тэдгээрийн сумдыг цахилгаанаар хангадаг. Дээр нь хүн амын талаас илүү хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотын эрчим хүчний хангамж энэ чигээрээ байвал амьсгал хурааж магадгүй байна. Ер нь тус салбар шуудхан хэлэхэд сэхээн амьдруулах тасгийн өвчтөн шиг болжээ. Улс орны эдийн засгийн өсөлттэй зэрэгцээд цахилгаан, дулааны хэрэглээ сүүлийн жилүүдэд 8-10 хувиар өссөн байна. Гэтэл 1983 онд илч гэрлээ түгээж эхэлсэн ДЦС-4-өөс хойш их хотын гал голомтод ганц цучил нэмсэнгүй. Азаар төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед эрчим хүчний үйлдвэрлэлийг дор хаяж арваад жилээр түрүүлж хөгжүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлжээ. Одоо манай улсын эрчим хүчний суурилсан хүчин чадал 794.3 МВт, хэрэглээ нь үүнээс давсан байгаа ч өглөө, оройн оргил ачааллыг давах,эрчим хүчний системийнхээ давтамжийг хэвийн хэмжээнд барихын тулд ОХУ-аас цахилгаан импортолдог.

Саяхнаас Оюутолгойн баяжуулах фабрик үүдээ нээснээр урд хөрш буюуӨвөрмонголын Цахилгаан эрчим хүчний компаниас 220 киловольтын нэг, хоёрдугаар шугамаар дамжуулан эрчим хүч авч эхлэв. Энэ бүтээн байгуулалтын ажлыг тэд ердөө гуравхан жилийн дотор хэрэгжүүлсэн байх юм. Харин бид Улаанбаатарын эрчим хүчний тав дахь эх үүсвэр буюу ДЦС-5 төслийн асуудлыг бүтэн арван жил цаасан дээр ярьсаар, газар дээр ганц ч шав тавьсангүй өдий хүрэв. Иймээс их хотын эрчим хүчний хангамж эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн ширээн дээр хэвтэж байнаа гэж хэлэхэд хүрсэн юм. Цаагуураа бол төр, засгийн дээд түвшинд ашиг сонирхлын зөрчил ихэдсэний шинж. Гурван чЗасгийн газар ДЦС-5 барина гэж парламентын сонгуулийн босгон дээр хөзөр болгосон ч таг чиг.

Даахгүй нохой булуу хураана гэж хуучны үг бий. Төр цахилгаан, дулааны үйлдвэрлэлээ алийн болгон улсын нуруун дээр үүрүүлж явахав. Хувийн хэвшлийнхэн хуруу байтугай гар дүрэх цаг болж. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, дотоодын компанийн оролцоотой нэгэнт шалгарсан төслийг даруй хэрэгжүүлж, эрчим хүчний энэхүү тав дахь эх үүсвэр ашиглалтад орсноор нийт 450 МВт цахилгаан, 587 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай станц 300 хүнийг ажлын байраар хангах юм. Зөвхөн барилгын ажилд гэхэд 4-5 мянган хүн ажилтай болно. Технологийн хувьд хамгийн орчин үеийн CFBC буюу эргэлдэгч буцламтгай давхрагат шаталтат зуухны төхөөрөмж бүхий технологиор байгаль орчинд ээлтэйгээр цахилгаан, дулааны үйлдвэрлэл явуулах байсан юм. Гэтэл үүнээс хойш төслийн талбар нь өөрчлөгдсөн тул эхлээд техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг  хийхэд бүтэн жил зарцуулав. Ер нь тендерийн шалгаруулалтаас хойш өнөө хүртэл юу ч хийх боломж гарсангүй. Энэ хэвээр сунжирвал дараагийн парламентын сонгуулийн өмнө уг станцын эхний хэсэг ашиглалтад орох эсэх нь ихэд эргэлзээтэй байна. Цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй хойно. Японы Фүкүшимогийн атомын цахилгаан станцын осол дэлхий нийтийн зүрхэнд шар ус хуруулаад байхад дэлхийд нүүрсний нөөцөөрөө айргийн тавд өлхөн багтдаг монголчуудын хувьд дулаан, цахилгааныг зэрэг үйлдвэрлэх ДЦС-5-ыг барьж байгуулах нь чухамдаа зөв шийдэл билээ.

Ойд төөрсөн хүмүүсийн замыг зүрхээ сугалж гэрэлтүүлсэн Данкогийн домгийг бид мэддэг. Их хот хаяагаа тэлж, хөдөөнөөс хотод суурьшигсдын тоо нэмэгдэж, статистик баримтаар 168 мянган өрх Улаанбаатарт ДЦС-4-ийг шүтэн амьдарч байна. Өвгөн станцууд томдсон ачаандаа түүртэж, нөөц тоноглолгүйгээр их хотын ачаалллыг үүрч буй тохиодолд ДЦС-4-ийн аль нэг тоноглолд эвдрэл гэмтэл, ноцтой саатал гарвал хотын дулаан хангамжид доголдол үүснэ. Эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн нарийн аппарат, даяаршлын ертөнцөд хэл, хөл болсон интернэт,унаанд маань унд залгуулах ШТС, сургууль, цэцэрлэг гээд бүгдээрээ л энэ айлын гарын аяыг хардаг. Гэтэл “Монгол Улсын эрчим хүчний засаглалын үнэлгээний тайлан”-д дурдсан 68 багц асуудлын үнэлгээгээр манай улс орны цахилгаан, дулааны хангамжийн асуудалд дунд дүн тавьжээ. Мөн эрчим хүчний салбарын ил тод байдал хангалтгүй, Зохицуулах хороо нь улс төрөөс хараат ажиллаж байна гэсэн үнэлгээ гарсан байна. Иймээс сэхээн амьдруулах тасгийн өвчтөний биеийн байдал улсаас хараат байна гэсэн үг.

Сэхээ авахын тулд түүхийн шарласан хуудас сөхвөл манай улсын эрчим хүчний хэрэглээний өсөлт хөгжлийн хурдацтай шууд уялдаатай явж ирсэн байдаг. Тухайлбал, улс орны аж үйлдвэрийн үндсийг байгуулж эхэлсэн 1934-1939 онд 10 гаруй дахин, цаашид 1939-1960 онд найм гаруй дахин, 1960-1980 онд 14  гаруй, 1980-1990 онд бараг хоёр дахин их цахилгаан үйлдвэрлэж байжээ. Үүнийг дагаад ч эрчим хүчний шинэ эх үүсвэр, дамжуулах, түгээхсүлжээ, нүүрсний уурхайнуудыг барьж байгуулж байлаа. Ялангуяа 1961 оноос эрчим хүчний салбарыг хөгжүүлэх талаар богино хугацаанд их ажил хийж гүйцэтгэсэн байдаг. Одоо харж байхад манай түлш, эрчим хүчний салбарыг 20-30 жилээр түрүүлэн хөгжүүлж байжээ.Үүний ачаар л өнөөдөр их хот гал алдсангүй..

Хуучцуулаасаа суралцаж, хойчоо харж амьдаръя гэсэн түгээмэл сургамжийг Монголын нийгэм олсон ч хэзээ, яаж гэдэг асуулт УИХ, Засгийн газраас ханш нээхээс өмнө хариу шаардаж байна. Яагаад гэвэл газар гэсч, шинэ станцын шав тавихыг ард олон тэсгэлгүй хүлээж байгаа. Ард түмэн одоо зүгээр нэг хоосон амлалтад хууртах бус, харин хүрз барьж, ханцуй шамлан орох дээрээ тулжээ. Хүмүүс гал алдахгүйн тулд төрийн сүлдэндээ залбирсаар. Хэрвээ тог тасарвал… гэдэг асуулт айл болгоны хаалгыг асуулгүй тогшиж байна.

Г.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж