УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө

“МИАТ-ын удирдлагуудыг улстөрийн зорилгоор сольдог байсан”

УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгийг хийж байна. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцууллаа. Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтад “Иргэний нисэхийн салбарыг 2020 он хүртэл үе шаттайгаар хөгжүүлэхээр бодлогын бичиг баримтыг боловсруулсан. Олон улсын нислэгийн компаниудыг Хойд азийн зорчигч, ачаа тээврийн нислэгийн зангилаа болгож, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлыг эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, МИАТ хувьцаат компанийг Үндэсний агаарын тээвэрлэгчийн статустай болгож, нийт 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгах зэрэг саналуудыг төсөлд тусгахыг байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхи дэмжсэн” гэдгийг танилцууллаа. Үүний дараа гишүүд асуулт асууж, тодрууллаа.

УИХ-ын гишүүн Су.Батболд
: -Хөшигтийн хөндийд баригдах олон улсын нисэх онгоцны буудал аль шатандаа явж байна вэ. Зургаан жилийн хугацаанд ярьж байна, хэзээ ажил хэрэг болгох вэ. Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг хоёрдагч тээвэрлэгчийг оруулахгүй байх, бусад тээвэрлэгчдийг олон улсын бусад шугам, орон нутаг, бүс нутгийн шугамд хуваарилах зарчмаар агаарын тээврийн эдийн засгийн хуваарилалтыг зохистой хуваарилах бодлогыг баримтална гэж бодлогын бичигт тусгасан байна. Ийм байдлаар төрийн бодлогод тусгаж болдог юм уу. жишээлбэл, Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар бол зөвхөн “Korean air” нислэг үйлдэж, МИАТ хавчуурганд нь ганц хоёр нислэг хийнэ. Мөн Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлд зөвхөн “Air China” байнга нислэг үйлдэж байна гэсэн үг үү, эсвэл үндэсний тээвэрлэгч компани нь илүү нислэг үйлдэнэ гэсэн үг үү? гэж сайдаас асуухад,

УИХ-ын гишүүн А.Гансүх: -Хувьчлалын хувьд 2012 оны 37-р тогтоолоор  “МИАТ” компанид Үндэсний агаарын тээврлэгчийн статус олгож, 51-ээс доошгүй хувийг төр хариуцна гэж заасан байгаа. Хувьчлалтай холбоотой асуудал нь УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр болсон. Ер нь бол МИАТ-д өмнө нь хоёр ч удаа гадаадын менежментийн багтай хамтран ажиллаж байсан хоёр тохиолдол байдаг. Гадаадын сонирхлын зөрчилгүй багт менежментийг сайжруулах чиглэлээр Засгийн газар зарчим барьж ирсэн. Тодорхой чиглэлд хоёрдогч агаарын тээврийг оруулахгүй байх нь өнөөдрийн МИАТ-ын өмнө тулгамдаад байгаа эрх ашиг. Тухайлбал, дээр дурьдсан хоёр чиглэл буюу Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлүүд нь МИАТ-ын хамгийн орлоготой нислэгийн чиглэл юм. Сөүл гэхэд МИАТ-ын нийт орлогын 40 хувийг бүрдүүлдэг. Энэ чиглэлд хоёрдогч агаарын тээвэр орох юм бол зах зээл дээр өрсөлдөөн үүсч, үр дүнд энэ чиглэлд нисч байгаа компаниудын хувьд үр ашиггүй нөхцөл үүснэ гэсэн тооцоо байгаа юм. 2020 он хүртэл хугацаанд МИАТ компанийн менежментийг сайжруулж, ашигтай ажиллаж эхэлснийхээ дараа хоёрдахь чиглэлийг оруулж ирэх асуудлыг ярилцахаар төлөвлөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлүүдэд зөвхөн МИАТ компани нислэг үйлдэж байхаар бодлогыг баримт бичигт тусгасан байгаа юм.

Мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч н.Батзаяа: -Үнэлгээний хороо тендерийн материалыг арваннэгдүгээр сарын 7-нд хүлээж авсан. Тендерт Японы хоёр компани орж ирсэн. Санхүүгийн санал үнэлэгдэж байгаа. Үнэлгээ хоёрдугаар сарын 20-нд дуусна. Ингээд Жайкогийн худалдан авах журмын дагуу санхүүгийн саналыг хүргэнэ. Үнийн санал төсөвт өртгөөс давсан. Өөрөөр хэлбэл 17 тэрбум иенээр давсан төсөв ирсэн байгаа.

УИХ-ын гишүүн А.Телейхан: -Нислэгийн хамгийн чухал асуудал бол аюулгүй ажиллагаа байдаг. Бодлогын бичигт хэрхэн тусгасан байна вэ. Мөн бүс нутгийн иргэдэд үйлчилж буй компаниудад ямар нэг хөнгөлөлт үзүүлэх үү гэдгийг тодрууллаа.

УИХ-ын гишүүн А.Гансүх: -Энэхүү бодлогод аюулгүй ажиллгаа гэдгийг тусгай зүйл болгож оруулсан. Иргэний нисэхийн олон улсад хэрэглэдэг чиглэлүүдийг барьж ажиллана. Мөн үндэсний хөтөлбөртэй болж, тухай бүрт нь шинэчилж байна. Далайд гарцгүй орны иргэдэд агаарын тээврийн үйлчилгээг хүргэхийн тулд татварын бодлогоор дэмжих, нөхөн олговор олгох зэргийг бодлогын бичигт тусгасан гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Батцогт “Шинэ маягийн луйврын асуудал ахиад яригдах гэж байна. Хувьчлах асуудлыг татъя гэж ажлын хэсэг дээр санал гаргасан шүү дээ. 49/51-ийн цаана МИАТ-ыг хувьчлах, хэдэн хүнд өгөх гэсэн зүйл явж байна. Тиймээс хувьчлах асуудлаа бодлогын бичгээсээ татвал, дэмжээд явах боломжтой” гэсэн саналыг илэрхийлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Энэ бодлогын бичигт заасан цөөхөн хэдэн заалтыг эс тооцвол МИАТ-ыг хэдэн хүнд хувааж өгөх гэсэн санаатай бодлого боловсруулсан байна” гэсэн шүүмжлэлийг хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Барясайхан: -Энэ бодлогыг дэмжих ёстой. Иргэний агаарын тээврийн компаниуд ашигтай ажиллаж байгаа ч менежмент нь буруу байгаа юм. Иргэний нисэхийн ерөнхийн агаарын тээврийн компаниуд яагаад алдагдалтай ажиллаж байна вэ?

УИХ-ын гишүүн А.Гансүх: -МИАТ-ын алдагдалтай ажиллаж байгаа нь удирдлагийн менежмент муу байсан. Сүүлийн 10 жилд найман захирал солигдсон. Ердөө л улстөрийн зорилготой томилгоо байсан. Нөгөө талаар МИАТ ашигтай ажиллахаас илүү нийгмийн захиалгыг биелүүлж байна. Жишээлбэл, Европын холбооны нислэг алдагдалтай байдаг. Зогсоож болдоггүй. Яагаад гэвэл стратегийн хувьд энэ чиглэлийн нислэг алдаатай байсан ч үргэлжлүүлж байх, зогсоож болохгүй гэсэн зарчим баримталдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Европтой харилцах агаарын урсгалаа тасалж болохгүй гэдэг зарчим. Өнөөдрийн байдлаар Европын чиглэлийн нислэг МИАТ компанид 15 орчим тэрбум төгрөгийн алдагдал үүсгээд байгаа ч зогсоох боломжгүй. Мөн монополь шатахууны нийлүүлэлт алдагдлын нэг шалтгаан. Дэлхийн зах зээл дээр хамгийн өндөр үнэтэй шатахууныг МИАТ компани хэрэглэж байна. Жишээлбэл, Ази номхон далайн орнуудад нэг тонн онгоцны шатахуун 1017, Европын холбооны улсад 1038, Хойд Америкт 1045, Ойрхи Дорнодод 1004, Өмнөд болон Төв америкт 1048, Бээжинд 1094, Сөүлд 1076, Москвад 1330, Улаанбаатарт 1750 ам.доллараар тус тус худалдаалагдаж байна. Дэлхийд хамгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэж байгаа нь МИАТ-ын үр ашигтай ажиллахад саад болж байгаа. Монополь компани нь хилээр оруулж ирээд, дахин жижиглэнгээр худалдаалдаг нь өндөр үнэтэй худалдаж авахад нөлөөлдөг. Мөн төрийн ямар нэг дэмжлэг байдаггүй, санхүүгийн дэмжлэг хийгдээгүй зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байгаа нь алдагдалд хүргэж байна. Дээрээс нь үргүй зардал их байдаг. Тодруулбал, МИАТ-д ажилладаг гадаадад байгаа төлөөлөгчийн газрын шаардлагагүй байгаа 13 хүнийг ажлаас нь халахад 660 сая төгрөг хэмнэж байна. Тогтоосон цалингаас илүү цалинг тогтоосон хэмжээнд нь оруулахад жилдээ 2,4 тэрбум төгрөг хэмнэж байгаа юм. Ийм байдал олон жилийн хугацаанд явж ирсэн нь алдагдалд хүргэсэн. Мөн хувийн хэвшлийн компаниуд ч шатахууны монополь байдлаас болж алдагдаглд ороод байгаа.

Байнгын хорооноос ирсэн санал дүгнэлтээр гишүүд санал асуултдаа хариулт авсан юм. Тиймээс маргааш 10.00 цагт хуралдах чуулганы хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураахаар боллоо.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж