Өмгөөллийн байгууллагын шинэтгэл удаашралтай байна

Хуучирсан мэдээ: 2011.04.10-нд нийтлэгдсэн

Өмгөөллийн байгууллагын шинэтгэл удаашралтай байна

Өнгөрөгч баасан гаригт Төрийн ордонд Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг болсон. Тус хэлэлцүүлгийн талаар, өмгөөллийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс тодруулсан юм.

Өмгөөллийн хуулийг шинэчлэн батлах гол үндэслэл шаардлага юунд байна вэ?

Шинэчлэх шаардлага, үндэслэлүүд нилээдгүй олон зүйл дээр харагдаж байгаа. Өмгөөллийн байгууллага цаашид яах вэ гэх зүйл яригдах боллоо. Өмгөөллийн байгууллагын шинэтгэл удаашралтай байна. Яагаад гэвэл зохион байгуулалтын хэлбэр нь социализмын үеийн хэлбэрээ хадгалсаар л байна. Гэтэл бид нийгмийн байгууллын хувьд томоохон хувьсал хийчихсэн, хуульчдийг боловсрол болон чанарын, агуулгын  түвшинд нилээд өөрөөр харахыг шаардсан ийм үед ирчихсэн байна. Нөгөөтэйгүүр хорин жилийн турш өөрөө удирдах ёсны тухай ярьлаа. Сүүлийн үед ерөнхийлөгч болоод улс төрчдийн амнаас гарч буй нэг амлалт бол эрх мэдлийг иргэний нийгэмд шилжүүлэх тухай байгаа.  Энэ үг нь дурын хэсэг иргэд төрийн эрх мэдлийг авах тухай биш, мэдээлэл мэдлэгтэй иргэний нийгмийн байгууллагууд эрх мэдлийг хуваалцах тухай юм. Энэ утгаараа өмгөөллийн хуулийг шинэчлэх шаардлага бий.

Өмгөөллийн хуулийн хэлэлцүүлгийн үеээр шүүмжлэлт саналууд нилээдгүй гарсан. Бүр буцаах нь зүйтэй  ч гэж байна?

Хууль гарахад янз бүрийн гишүүдийн эрх ашиг хөндөгддөг. Олон янзын санаа бодол гаргадаг. Иймд бид хууль тогтоох үйл ажиллагааныхаа хүрээнд эдгээр бүлгүүд, эрх ашигийн санаа бодлыг хууль гарахаас өмнө урьдчилан сонсож байх ёстой юм гэх үүднээс энэхүү хэлэлцүүлгийг хийж байна.

Өмгөөлөгч, хуульчдийн дунд ч гэсэн байр суурийн ялгаа байна. Энэ хуулийг буцаах эсэх асуудлыг одоо шийдэхгүй. Ажлын хэсэг хуралдаж саналаа УИХ-д оруулан тэнд шийднэ. Гэхдээ ямар санаа бодлууд байна вэ гэдгийг эхлээд сонсох ёстой. Зарим нь буцаах шаардлагатай гэж үзэж байгаа бол зарим нь засаад цааш нь явуулах шаардлагатай гэж байна. Бүр нэг хэсэг нь одоо буй хуулиар өмгөөллийн эрх зүйн харилцааг зохицуулаад байж болно ч гэж байна. Эдгээр олон янзын байр суурийг нэгтгээд сонсох болно.

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд Өмгөөллийн хуулийг харвал?

Энэ удаад бид зөвхөн Өмгөөллийн хуулийг тойрон ярьж байна. Гэвч бүх зүйлийг “хаа гуяаар нь салгаж” ярьж болохгүй цогц зүйл бий. Тогооноос гараад илүү өргөн хүрээнд буюу шүүхийн шинэтгэлийн хүрээнд энэ асуудлыг харвал ямар байх вэ гэдгийг тодорхойлохыг оролдлоо. Үндсэн хуулинд “Шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” гэх заалт бий. Асуудлыг шударгаар шийдэхийн тулд өмгөөлөгч нь голлох үүрэгтэй. Эрүүгийн хэрэгт жишээлбэл прокурор гэж байна. Хэргийг таслан шийдвэрлэх шүүх, эдгээр хуульчдийг бэлтгэж буй боловсролын асуудал бий. Эдгээр олон зүйлийг цогцоор нь харахын тулд бусад зүйлийг анхаарахгүй байж болохгүй.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж