Сумдад ажлын байр бий болгохыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

Сумдад ажлын байр бий болгохыг хүсэв

Орон
нутгийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг боловсруулах зорилгоор яамдын
хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд Төв аймгийн Бүрэн, Баян-Өнжүүл,
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумдад ажиллалаа. Ажлын хэсэгт Хөдөлмөрийн
сайд Я.Санжмятав, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр хөдөө
аж ахуйн сайд Х.Баттулга болон яамдын албаны хүмүүс багтсан юм. Сайд нар
орон нутагт ажилласан нь сумын хөгжилд тулгамдаж буй асуудлаар иргэдийн
санал бодлыг сонсож, цаашид авах арга хэмжээний талаар бодлого
боловсруулж ажиллахад чиглэв.

Монгол Улс 330 сумтай. Сумдыг хүн
амынх нь тоогоор их, дунд, бага гэж тодорхойлдог. Тэгвэл засаг
захиргааны бага нэгж болох сумдын хөгжил, сумдад ажиллаж, амьдарч 
байгаа оршин суугчдын хөгжлийн асуудалд Засгийн газар ихээхэн анхаарал
хандуулж ажиллаж байгааг сайдууд орон нутагт ажиллах үеэрээ иргэдэд
онцолж байв.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын хувьд 6000 орчим
хүн амтай, аймагтаа Сайнцагаан сум буюу Мандалговь хотын дараа ордог
том суманд тооцогддог аж. Ажлын хэсгийг тус суманд ажиллах үеэр иргэд
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт түлхүү хандаж, санал хүсэлтээ хэлж байлаа.

Сумдад ажлын байрны хүрэлцээ муу байдаг нь хүн ардыг төрөлх
сумаасаа дайжихад хүргэж байгаа хамгийн том шалтгаан гэнэ. Тиймээс
суманд байнгын, тогтвортой ажлын байр бий болгоход анхаарал хандуулж
ажиллах, мөн Жижиг дунд үйлдвэрлэл өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх
зайлшгүй шаардлагатай байгааг хэлж байв.

Мөн сумын төв дээр
1000-3000 орчим хүн амьдардагаас багш, цагдаа, эмч гэх мэт цөөхөн ажлын
байр байдаг. Харин дийлэнх нь буюу сумын төвийн иргэдийн 80 хувь нь
орлогогүй, тэтгэвэр тэтгэмж л харж амьдардагаа нуусангүй. Энэ байдлыг
өөрчилж, сумыг хөгжүүлэх цаг болсныг иргэд хэлж байлаа.

Хөдөлмөрийн
сайд Я.Санжмятав иргэдэд хандаж “Хөдөлмөрийн яам байгуулагдсанаар аймаг
бүрт Хөдөлмөрийн хэлтсийг байгуулаад байна. Цаашид сумдад бүхэл бүтэн
хэлтэс биш юм гэхэд энэ чиглэлээр дагнасан мэргэжилтэнг ажилуулахыг
зорино. Бид эхний ээлжинд ажил олгогчдын захиалгаар мэргэжилтэй ажиллтан
бэлтгэх ажлыг эхлүүлж, амжилттай явж байна. Тун удахгүй эхний ээлжийн
сургалт эхэлнэ. Бид хөдөө орон нутагт, тухайлбал аймгийн Хөдөлмөрийн
хэлтсээр дамжуулан энэхүү арга хэмжээг давхар аймгуудад зохион байгуулж
байна. Хөдөлмөрийн яам аймаг, цаашлаад сумдад ажлын байр бий болгох
асуудалд анхаарч ажиллах болно” гэлээ.

Мөн Шинэчлэлийн Засгийн
газраас энэ онд Дорнод, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор,
Хөвсгөл гэсэн зургаан аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто
замаар холбохоор болсон тухай дуулгалаа. Энэхүү бүтээн байгуулалтын
ажилд гадны иргэдээс илүүтэйгээр монгол иргэдээ, залуучуудыг татан
оролцуулж, ажиллуулах боломж бий эсэхийг судалж, ажил хэрэг болгоно
гэдгээ сайд мөн мэдэгдлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж