Тамирчдаа зоддог дасгалжуулагч

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

Тамирчдаа зоддог дасгалжуулагч

Японы жүдо бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийг Лондонгийн олимпод сойсон дасгалжуулагч Рюизи Сонода тамирчдадаа гар хүрдэг байсныг Японы жүдо бөхийн холбоо хүлээн зөвшөөрчээ.

Рюизи Сонода. Фото: Franck Fife / AFP
Шигшээ багийн 15 тамирчин бүсгүй 2012 оны сүүлээр Японы Үндэсний олимпийн хороонд гомдол гаргаж, эмэгтэйчүүдийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Сонода тэднийг модон сэлмээр цохиж, нүүр, гар руу нь алгадаж, хэл амаар доромжилдог байсан гэжээ. Сонодагаас айсандаа тэд гэмтэл бэртлээ нууж, тэмцээнд оролцдог байсан гэдгээ гомдолдоо дурдсан байна.

Ингээд Японы Үндэсний олимпийн хорооноос энэ асуудлыг сайтар нягталж шалгахыг шаардсаны дагуу Японы жүдо бөхийн холбоо нь дасгалжуулагч Сонода тамирчдаа зодож, танхайрч байсныг тогтоожээ. Дасгалжуулагч өөрөө ямар ч буруу зүйл хийгээгүй хэмээн мэдэгдсэн бөгөөд холбооны зүгээс түүнд хатуу сануулга өгсөн байна.

Сануулахад, “Лондон-2012” зуны олимпийн наадамд Японы эмэгтэй таимрчдаас Каори Мацүмото 57 кг-ын жинд аваргын алтан медаль хүртсэн юм.

Япон улсад мөн шинэ он гарсны дараахан сагсан бөмбөгийн багш нь шавиа зодсоны улмаас тэр сурагч амиа хорлосон тохиолдол гарчээ. Боловсрол, спортын сайд Хакубун Шимомура мэдэгдэл хийж, багш нарын зүгээс гаргаж буй харгислалд цэг тавих цаг болсныг онцолжээ. Ер нь 1947 оноос хойш багш нарын зүгээс шавьдаа гар хүрэхийг хориглосон ч үүнийг зөрчсөн багш нар нь хариуцлага хүлээж байсан удаагүй гэнэ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж