-УГЖ дуучин С.Цэрэндолгор агсны дулсан “Миний сайхан ээж” дууг шинээр дуулсан тань үнэхээр сайхан болжээ. Яагаад заавал энэ дууг сэргээн дуулах болсон юм бэ?
-“Миний ээж сайхан ээж” гэдэг энэ сайхан дууг тэртээ 1960-онд Төрийн соёрхолт, УГЗ Э.Чойдог гуай хөгжмийг нь зохиож, Ховд аймгийн зохиолч, яруу найрагч А.Дамбий-Ядам гэж хүн шүлгийг нь бичиж, УГЖ С.Цэрэндолгор гуай анх удаа радиогийн фондонд дуулж хадгалуулсан түүхтэй. Үүнээс ройш дуулсан хоёр дахь хүн нь би болж байна. “АПУ” -гийн захирал П.Батсайхан надад энэ дууг дуулж, клипжүүлээч гэдэг саналыг тавьж, өөрөө продюссераар нь ажилласан. Би хорь гаруй жил дууны урлагт зүтгэхдээ мэргэжлээ урдаа барин өөрийнхөө дотнын хүмүүст зориулсан уран бүтээл хийж байгаагүй ч П.Батсайханы ээждээ зориулан энэ дууг дахин шинэчилж амьдруулья гэсэн санал нь маш их таалагдсан. Тиймээс би ч бас өөрийнхөө ээж болон Монголын бүх сайхан ээжүүдэд зориулж дуулсан. Дууны хөгжмийг хөгжмийн зохиолч Чинбаа шинэчлэн найруулж, “V” студийн уран бүтээлчдээр клипээ хийлгэсэн.
-Шинэ клипэндээ ч та эх хүний уян зөөлөн төрхийг илүү сайхан гаргажээ?
-/инээгээд/ Өмнө нь эрэлхэг, хүчтэй, эрэмгий байсан Сараа энэ удаад арай өөр, уян зөөлөн, энэрэнгүй Сараа болчихсон байна уу? Би одоо 42 настай, хоёр хүүхдийн ээж. Миний том хүү 15-тай, бага охин зургаан нас хүрлээ. Ингээд нас бие яг сайхан гүйцсэн энэ ид үедээ ээждээ болон Монголын бүх сайхан ээжүүдэд зориулан энэ сайхан дууг дуулсандаа би баяртай байна. Би өөрийгөө их азтай гэж бодож байна. Олон сайхан дуучид энэ дууг дуулахыг хүсдэг байх. Гэхдээ яг ингэж цагийг нь олж дуулаад, дээрээс нь орчин үеийн хэмнэл дээр үндэсний хөгжмийн цогцлоор сайхан тааруулсан байгаа. Миний шинэ клипэнд алдартай хөгжимчин, Азийн ятгын хаан, “Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ болон морин хуурч, шанзчин нар тоглосон. Монгол туургатан олон үндэстнүүд үндэсний хөгжмийн зэмсгийг ашигладаг ч манайхан орчин үеийн хөгжим дээр бүрэн дүүрэн ашиглаж чадаж байгаа нь сайхан юм.
-Шинэ клип хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?
-Цагаан сарын битүүний өдөр үзэгчдэдээ бүх телевизээр хүргэнэ.
-Харин та өөрөө битүүний өдөр БНСУ-д тоглолтоо хийхээр товлосон. Фэнүүддээ ямар бэлэг барих вэ?
-“Аргагүй Монгол аялгуу” цомогтоо багтсан ардын дуунууд, сар шинийн олон сайхан дуунуудаа өргөн барина. Мөн өөрийнхөө байнга дуулдаг, хит болсон “Би жаргалтай”, “Хайрын бурхан” дуунуудаа дуулахгүй байж чадахгүй л дээ. Тэгэхээр тэр чигээрээ ардын дуу болохгүй, дундуур нь миний хит дуунууд эгшиглэнэ. Тоглолтод маань Ардын дуу, бүжгийн чуулгын бүжигчид, Филармонийн гоцлол дуучин, “Universe best songs” наадмын шагналт, залуу дуучин Л.Насанбуян оролцоно.
-Дуучин Л.Насанбуян таны гарын ганц шавь. Өнгөрсөн жил Европын орнуудаар хийсэн аялан тоглолтод тань хамт явсан. Энэ удаад ч гэсэн хамтдаа аялах нь ээ?
-Насаа маань миний “Аргагүй монгол аялгуу”, “Хайрламаар” тоглолтоор 2007 оноос хойш надтай хамт аялсан. Хамгийн үнэнчээр үлдэж чадсан уран бүтээлч юм болов уу гэж боддог. Тийм болохоор би түүнийг энэ удаагийн тоглолтод маш хүндэтгэлтэйгээр урьж байгаа юм. Миний аялан тоглолтод орж, цагаан сарын сайхан дуунуудыг дуулна.
-Та Төрийн соёрхолт, дуучин Д.Болдтой хамтран ажиллахаар болсон тухайгаа цухас дуулгасан байсан. Яг ямар уран бүтээл дээр хамтрахаар төлөвлөж байна?
-Түүнтэй хамтран нэг цомог хийхээр төлөвлөж байгаа. Сингл цомог болох байх гэж бодож байна. Продюссераар нь болон цомгийн хөгжмийг Д.Болд өөрөө хийж байгаа. Дууны оранжировкийг нь манай н.Баярхүү хийж байна. Өнгөрсөн зун Д.Болд бид хоёр орон нутгийн сонгуулийн үеэр Дундговь аймгаар хамтдаа аялсан. Сонгуулийн ажлаар явж байхдаа уран бүтээлийн дотно яриа өрнүүлсэн хэрэг. Би Д.Болдын өөрийнх нь зохиож, н.Эгшиглэнгийн дуулсан “Яг одоо дурлаж байна” гэх дуунд их дуртай. Тиймээс тэр дууг нь дуулмаар байна гэдгээ хэлсэн. Тэгээд л Д.Болд маань “Тэгвэл би таны цомгийг продюссерлаж өгье” гэсэн юм. Бид хоёрын хувьд гайхалтай уран бүтээл гарах болов уу гэж би бодож байна. Би өмнө нь түүний зохиосон нэг дууг “Өнөөдөр ирсэн дурлал” цомогтоо дуулсан. Тэр дуу маань нэг их нийтэд түгэж амжаагүй ч манай Д.Болд дуучин Сэрчмаа, Агиймаа, “Гурван охин”, Эгшиглэн гээд олон дуучдад уран бүтээлээ өгдөг шүү дээ. Дуугаа зохиож өгөхөөс гадна өөрөө продюссерлаж, цомгийнх нь бүх ажлыг хийнэ гэхээр надад их сонирхолтой байгаа. Д.Болдын нүдээр Сарааг харна гэсэн үг шүү дээ. Бид хамтран ажиллах болсондоо маш их тааламжтай байгаа. Учир нь бид “Монгол поп” гэдэг нэг ургалаар дуулж байгаа. Саяхан “Монгол поп 2” цомгоо гаргасан. Энэ утгаараа рок, попынхонтойгоо ойрхон ажиллаж байгаадаа би баяртай байгаа.
-Өнгөрсөн онд гадаадад нэлээд олон удаа аялан тоглосон. Энэ аялан тоглолтууд энэ жил үргэлжлэх үү?
-Ерөнхийдөө миний уран бүтээл их хөдөлгөөнтэй байна л даа. Суурин ажил хийхийг тэгтлээ их хүсэхгүй байгаа. Тиймдээ ч байнга аялан тоглож байна. “Аргагүй Монгол аялгуу” тоглолтоороо би дэлхийг тойрно гэж өөртөө амласан. Энэ амлалтаа биелүүлж байгаадаа их баяртай байгаа. Амлалтаа биелүүлэхэд минь тусалж хөдөлгөж байгаа хүч бол урлагийн спонсорууд. Дээрээс нь манай урлагийн байгууллагууд дуучдаа их дэмждэг болсон. Үүнд их баяртай байгаа. Миний бас нэг мөрөөдөл байдаг. Ардын дуу бүжгийн чуулгынхантайгаа хамтран олон гоё уран бүтээл туурвисан. “Тэр намайг дурсдаг бол уу” дуугаа оркестортой дуулсан. Энэ олон бүтээлүүд дээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах болгондоо би туршлага сууж, улам их уран бүтээлийн онгод ордог учраас би сэтгэл хангалуун байдаг. 2013 онд надад олон сонирхолтой аялал, шинэ уран бүтээл байгаа, бүгдийг амжуулна гэж бодож байна. 2015 он хүртэл амрахгүй байх аа. Энэ жил би Японд, Буриадын нийслэл Улан-Үдэ, Эрхүү, Саха улсын нийслэл Якутск хотноо “Аргагүй Монгол аялгуу” аялан тоглолтоо хийхээр төлөвлөсөн. Тэгэхээр энэ онд ч бас аялсаар байгаад дуусах юм шиг байна.
-Таныг “Ромео Жульетта” мюзикльд дүр бүтээж байгаа гэж сонссон. Ямар дүр вэ?
-Тийм шүү. Би “Ромео Жульетта”-д өрлөг эхийн дүрд тоглох гэж байгаа. Клипний зураг авалт өнгөрсөн долоо хоногт хийгдсэн. Өсгөсөн охиныхоо төлөө өөрийнхөө сэтгэлийг харамгүй өгсөн бас л нэг гайхалтай ээжийн дүр. Ер нь 2013 онд Сараа бол ээжийн дүрээр зохилох нь байна. Цаанаас нь ингэж тааруулсан юм болов уу. Анх надад өрлөг эхийн дүр өгье гэхээр нь “Би тийм хөгшин хүний дүрд тоглохгүй” гэж байсан л даа. Тэгээд н.Лхагвадорж найруулагчийн зөвлөсөөр youtube рүү ороод үзтэл үнэхээр мундаг хоолойтой, маш чухал дүр байсан.
-Мюзикль хэзээ нээлтээ хийх гэж байгаа бол?
-Ирэх тавдугаар сард “Ромео Жульетта” мюзикль нээлтээ хийнэ.
-Энэ их завгүй аялан тоглолтын дундуур баяр ёслолыг гэртээ тэмдэглэж чаддаг уу? Битүүнд гэхэд БНСУ-д тоглолттой гэж байна…
-Цагаан сараар би гэртээ баярлана. Битүүний өдөр БНСУ-д тоглолтоо хийгээд шинийн нэгэнд гэртээ ирнэ. Тэгээд шинийн 1, 2-нд гэртээ ээждээ тусалж, золголтоо хийгээд шинийн 3-наас багш нартаа золгодог. Шинийн 4-нөөс эхлээд Төв аймгийн Баянжаргалан суманд очиж аавынхаа ах дүүс, санангийнхаа хөгшчүүлтэй золгохоор явдаг. Миний хувьд цагаан сар бол их өргөн дэлгэр баяр. Бид олуулаа тоноглосон том машинд суугаад гэр бүлээрээ явж айл хэсч, алт мөнгө их хурааж, сар шинийг сайхан тэмдэглэдэг дээ. /инээв/
-Монголын кино урлаг эрчимтэй хөгжиж байна. Манай рок попынхон ч гэсэн киноны санал авдаг болж. Та ч гэсэн цөөнгүй киноны санал хүлээж авч байсны хувьд кинонд тоглох бодол байдаг уу?
-Түүхэн кинонд дүр бүтээх санал надад ирж байсан. Яах аргагүй миний аялан тоглолтын хуваарьтай давхацсан болохоор цуцалсан. Киноны зураг авалт товлосноосоо хойшлоод миний уран бүтээлийн цаг хугацаатай давхацсан учраас татгалзахаас өөр арга байгаагүй. Надад кинонд тоглох, кино хийх хүсэл маш их байдаг. Эсвэл киноны продюссераар ажиллаж, хөрөнгө оруулагч байж ч болно шүү дээ. Гэхдээ би хэзээ ч кино найруулахгүй, харин зохиолыг нь бол гаргаж чадна гэж бодож байгаа. Сонирхол байвал кино хийж болно шүү дээ.
-Ямар төрлийн кино байх бол?
-Би дэвшилттэй кинонд дуртай. Бүхнийг тэгээс эхлээд нэлээд их ажиллаж, хөдөлмөрлөж байж, тодорхой хэмжээний амжилтад хүрч чадаж байгаа тийм хүмүүсийн тухай кино хийе гэж боддог. Түүнээс биш гомдол, харуусал, уй гашуутай кино хийх хүсэлгүй байна. Харин кино дүрийн тухайд би өөрийгөө эрэлхэг хүний дүрд л тоглох ёстой гэж боддог. Аймхай биш. Сайн сайхны төлөө өөрийгөө золигт гаргаж, золиослож чаддаг сайхан эмэгтэйн дүрд тогломоор байна.
-Магадгүй кино зохиол биччих хэмжээний юм чинь өөрийнхөө амьдралаар ном бичих болов уу?
-Өөрийнхөө намтар, түүхийг өгүүлсэн ном бичиж магадгүй. Номын эхлэл, бичигдчихсэн баримтууд нь бол байгаа. Гэхдээ түүнийг бичихэд цаг хугацаа, болоод туулсан туршлага, ертөнцийг үзэх үзэл хэрэгтэй байдаг болов уу.