МАН-д их ялагдлын дараах хямрал үүсчээ

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

МАН-д их ялагдлын дараах хямрал үүсчээ

МАН хоёр сонгууль дараалан ялагдаж, залуу гишүүд нь намаа шинэчлэхийг уриалж, УИХ, орон нутгийн сонгуулиар намаа удирдаж байсан “архагууд” нь аль хэдийнэ ажлаа өгөөд “сураг алдарсан”.

Хоёр ч удаагийн сонгуульд ялагдсан нь МАН-ыг шинэчлэх цаг болсон гэдгийг МАН-ын залуу гишүүд хэлж буй. Намын удирдлагууддаа асуулга хүргүүлж, намын бага хурлаа товлон зарлахыг ил болоод далд хэлбэрээр илэрхийлээд байгаа билээ. Нийслэлийн МАН-ын дарга Ш.Сайхансамбуу намд байгаа настайчуудаа “тэтгэвэрт” гаргах хүсэлтийг тавиад байгаа. Мөн УИХ болон Орон нутгийн сонгуульд намаа удирдаж байсан Сү.Батболд, намын нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарын удирдлагууд ажлаа өгснөөр Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, Ж.Сүхбаатар, Т.Ганбат нар тус намыг удирдаж буй. Тэгвэл өнөөгийн МАН-д үүсээд байгаа шалтгаан нь их ялагдлын дараах хямрал гэж МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар тодорхойлжээ.  Түүний хэлснээр хоёр ч удаагийн сонгуульд ялагдсан нь их ялагдал бөгөөд их ялагдал нь хямрал дагуулдаг гэдгийг өөрийн твиттер хуудастаа бичсэн байна.  Ж.Сүхбаатар “Дэлхийн супер компанид ч хямралын үе, стресс тохиолддог, нэг талаас хямралын үеийн менежмент шаарддаг”, “Ялагдлын дараах үеийн хямралт байдал бүх сул талуудыг гарган харуулж байна, бүгд гаргалгаа шийдэл хүлээж, шаардаж байгаа” гэсэн тодорхойлолтыг бичсэн байна.

МАН-ын гишүүдийн маргаан, нэгнийхээ тэтгэврийн насыг тогтооход хүргэж, залуу гишүүд нь намаа шинэчлэх уриалга зэргийг гаргаж байгаа нь их ялагдлын дараах хямрал болж таарах нь. Тэгэхээр МАН энэ хямралаасаа хэзээ гарах юм бол доо. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно, харин тэдний хямрал хэдий хугацаанд үргэлжлэх бол.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж