Сангийн сайдын тайлбарласнаар төрийн албан хаагчдын цалинг тавьсны дараа улсын төсөвт 200 гаруйхан ам.доллар үлдсэн гэнэ. Албан хаагчдын зарим нь улсын төсөвт байгаагаас хэд дахин илүү хэмжээний хадгаламжтай гэдгийг сайд онцлоод, “Улсын төсөв сүйрэлд хүрсэн” гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Зимбабвегийн ерөнхийлөгч Роберт Мугабе Европын фермерүүдээс газрыг булаан авч, хуучин партизанууддаа шилжүүлж эхэлсэн 2000 оноос хойш тус улсын эдийн засаг сүйрч эхэлсэн юм. Булаан авсан газраа 1970-аад оны партизануудад хуваан өгч, хууль ёсны эздийг нь хөнөөснөөс гадна тэднийг хөөн явуулжээ. Мугабегийн энэ бодлогын улмаас хөрөнгө оруулагчид Африк тивийн энэ орноос нүүр буруулж, улмаар үйлдвэрлэл нь унаснаас гадна олон улсын хамтын нийгэмлэг Зимбабвед эдийн засгийн хориг арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон юм. Мөн тус орон аялал жуулчлал гэсэн чухал орлогоо алджээ.
Гипер инфляцийн улмаас тус улс 2009 онд дотоодын мөнгөн тэмдэгтээс татгалзаж, ам.долларт шилжсэн юм. Одоо тус орны эдийн засгийн байдал тогтворжих талдаа байгаа ч санхүү нь хүнд байдалд байна. Тус орны засаг захиргаа Үндсэн хуулиар шинэчлэл хийх, 2014 оны сонгуулийг явуулах мөнгөгүйгээ мэдэгдсэн байв. Сонгууль явуулахад 104 сая ам.доллар шаардлагатай гэнэ. Бусад оронд санхүүгийн тусламж хүсч хандахаас өөр замгүй болсныг Тендай Бити хэлжээ. Зимбабвегийн 2013 оны төсөв 3,8 тэрбум ам.доллараар төлөвлөгдсөн бөгөөд эдийн засгийн өсөлт нь таван хувь байх гэнэ. Өдгөө тус орны хүн амын 90 хувь нь ажилгүйчүүд ажээ.