У Бангуод Ерөнхий сайд Н.Алтанхуяг бараалхлаа

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

У Бангуод Ерөнхий сайд Н.Алтанхуяг бараалхлаа

УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар  Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо нарын Монгол Улсад хийж буй алба ёсны айлчлал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг дөнгөж сая Төрийн ордны “А” танхимд хүрэлцэн ирж Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуод бараалхлаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо тантай уулзаж танилцаж байгаадаа баяртай байна. Ноён У Бангуо таны энэ удаагийн айлчлал нь Монгол-Хятадын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, хоёр орны парламентын харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэдэгт итгэлтэй байна гээд уулзалтад Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа төлөөлөгчдөө танилцуулсан юм. Энэ удаагийн уулзалтад Монгол Улсыг төлөөлөн Шадар сайд Д.Тэрбишдагва, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрчим хүчний сайд М.Сономпил, УИХ-ын дэд дарга М.Энхболд, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нар оролцож байна.

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо мөн уулзалтад хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөө танилцуулав. Уулзалтад БНХАУ-ын Гадаад явдлын дэд сайд Жан Жизюнь, БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн комиссын даргын орлогч Вэй Лючэн, БХАТИХ-ын Байнгын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Цао Вэйжоу, БНХАУ-ын Худалдааны дэд сайд Жун Шань нар оролцож байна.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо “Айлчлал маань урт биш ч гүнзгий сэтгэгдэл төрүүлж байна. Улаанбаатар хотод энд тэндгүй барилга баригдаж байгаа нь эдийн засгийн өсөлт өндөр байгааг илтгэсэн хэрэг болж байна. Энэ удаагийн айлчлалаар хоёр улсын өндөр дээд хэмжээний айлчлалыг тогтмолжуулах, стратегийн харилцааг бэхжүүлэх, тэр дундаа стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдол өгч байна” гэдгийг ярианыхаа эхэнд онцлон тэмдэглэлээ. Уулзалт одоо хаалттай болж байна.

Онцлоход, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо дээрх уулзалт өндөрлөсний дараа УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцана. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж