“Рио Тинто” “Оюутолгой” төслийг түр хугацаанд зогсоож магадгүй

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

“Рио Тинто” “Оюутолгой” төслийг түр хугацаанд зогсоож магадгүй

Монгол
улсын төр 34 хувийг нь эзэмшиж буй “Оюутолгой” зэс, алтны төслийг “Рио
Тинто” компани түр хугацаанд хойшлуулж магадгүй тухай Блүмбэрг
мэдээллээ. Энэ тухай албаны бус эх сурвалж мэдээлсэн бол “Рио
Тинто”-гийн хэвлэлийн төлөөлөгч уг асуудлаар мэдээлэл өгөхөөс
татгалзжээ. Шинжээчдийн тайлбарлаж буйгаар, Монголын Засгийн газар
“Оюутолгой” төсөлд илүү их хувь эзэмших бодлого барьж магадгүй тул
төслийн үйл ажиллагааг түр хугацаанд хойшлуулах замаар “хариу барих” гэж
байж болох юм гэсэн таамаг дэвшүүлээд байна.

Энэ тухай мэдээлэл
өчигдөр цацагдмагц “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшиж буй “Turquoise
Hill Resources” компанийн хувьцаа 3.56 хувиар буурч, 7.86 долларт
хүрээд байна. “Рио Тинто” компанийн хувьд энэ сар нэлээд “өрнөлтэй” бас
хүндхэн сар байлаа. Учир нь энэ сарын 17-нд “Рио Тинто” компанийн
Гүйцэтгэх захирал Том Албанезийн оронд өөрийн компанийн Төмрийн хүдрийн
хэсгийг хариуцсан захирал Сэм Уолшийг томилсон юм. Үүнээс гадна “Рио
Тинто” хөнгөн цагааны хэлтсийн үйл ажиллагаа болон Мозамбик дэх нүүрсний
төслийг эзэмших тохиролцооноосоо нийт 14 тэрбум долларын алдагдал
хүлээсэн тухай мэдээлэл цацагдсан. Тодруулбал, тус компани зарим нэг
төслийг илүү үнэлэн худалдан авчээ.

Том Албанезийн халагдах
болсон нь ч үүнтэй холбоотой байсан юм. Гэхдээ “Рио Тинто”-гийн хувьд
“Оюутолгой” хамгийн гол төсөл нь учир төслийн үйл ажиллагааг зогсоох
шийдвэр бараг л гарахгүй болов уу гэсэн таамаглал ч байна. Хэрэв “Рио
Тинто” 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнээ экспортолж эхлэх “Оюутолгой”
төслийг зогсооход хүрвэл дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ өсөхөд хүрнэ
гэдгийг ч шинжээчид онцолж буй юм. Энэ онд Хятад, АНУ, Европ дэх зэсийн
эрэлт нэмэгдэх учир зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ 17 мянган тонноор бага
байх урьдчилсан төлөвийг “Morgan Stanley” банк саяхан гаргасан
судалгаандаа тусгажээ.  

Хэрэв Оюутолгой төсөл энэ оны эхний
хагаст бүтээгдэхүүнээ албан ёсоор экспортолж эхэлбэл төслийн нэгдүгээр
үе шат хэрэгжсэнд тооцогдох юм. Харин төслийн хоёрдугаар үе шатад
цахилгаан станц, баяжуулах үйлдвэрийн өргөтгөл болон гүний уурхайг
ашиглалтад оруулах зэрэг ажлыг гүйцэтгэх юм. Энэхүү ажилд үндсэндээ 5.1
тэрбум ам.доллар нэмж шаардагдах тооцоотой байгаа ажээ. 

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

Зохиогчийн эрхийг хүндэтгэн зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахгүй байхыг хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж