БНСУ-ын хиймэл дагуул тойрог замд оржээ

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

БНСУ-ын хиймэл дагуул тойрог замд оржээ

Өмнөд Солонгос улс өчигдөр гурав дахь удаагаа хиймэл дагуулын пуужин хөөргөсөн нь амжилттай болж, хиймэл дагуул сансрын тойрог замд орсон тухай CNN мэдээлжээ. Өмнөд Солонгосын хөөргөсөн хиймэл дагуул тээгч “Naro-1” пуужинг хөөргөж буй үеийн бичлэгийг тус улсын телевизээр шууд дамжуулан үзүүлсэн байна. Пуужин хөөргөх үйл явцын гэрч болохоор БНСУ-ын олон зуун иргэд төрийн далбаагаа барьж, пуужин хөөргөх төвийн ойролцоо цугласан байжээ.

“Naro-1” пуужинг өчигдөр орон нутгийн цагаар 16:00 цагт хөөргөсөн бөгөөд үүнээс хойш нэг цагийн дараа БНСУ-ын Боловрол, шинжлэх ухаан, технологийн сайд И Жу-о хиймэл дагуул сансрын тойрог замд орсон тухай бахдалтайгаар мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосчууд үүнээс өмнө “Naro-1” пуужинг хөөргөх товыг техникийн шалтгаанаар хоёр ч удаа хойшлуулж байсан юм. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт “Naro-1” пуужинг хөөргөхөөс ердөө нэг минутын өмнө инженерүүд пуужингийн электрон дохиололд асуудал байгааг олж илрүүлснээр товыг хойшлуулсан аж. Тус улс 2002 оноос пуужингийн технологи хөгжүүлэх ажилд ОХУ-тай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 2009, 2010 онд пуужин хөөргөсөн ч амжилтгүй болж байсан аж. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын зүгээс энэ удаад Өмнөд Солонгосын пуужин хөөргөх ажиллагаа бүтэлгүйтвэл дахин тус улстай хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдээд байсан юм.

Олон улсын шинжээчдийн зүгээс Өмнөд Солонгосын хөөргөсөн “Naro-1” пуужинг хойд хөрштэйгээ харьцуулахад цэвэр иргэний зориулалттай, ил тод хэмээн дүгнэжээ. Харин Хойд Солонгосын өнгөрсөн арванхоёрдугаар сард хөөргөсөн пуужинг олон улс болон НҮБ-аас баллистик пуужин хэмээн хардсанаас тус улсын эсрэг хориг арга хэмжээгээ улам чангаруулж, байдлыг хурцатгаад байгаа билээ.
Өмнөд Солонгосын Засгийн газраас сансарт өөрийн хиймэл дагуул хөөргөх ажиллагаа нь амжилттай болсны дараагаар ирэх 2021 он гэхэд өөрийн гэсэн сансрын хөлөгтэй болох зорилт тавьж, энэ ажилд 1.5 их наяд вон /1.4 тэрбум ам.доллар/ төсөвлөсөн байна.

Сонирхуулахад, Өмнөд Солонгосоос гадна  Америк, Хятад, Орос, Франц, Япон, Энэтхэг, Израйль, Иран, Хойд Солонгос зэрэг орнууд сансрын тойрог замд өөрсдийн хиймэл дагуултай юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж