Ул боов, ууц цагаан сарын бэлгэдэл биш

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

Ул боов, ууц цагаан сарын бэлгэдэл биш

Монгол ёс заншил бол хүн төрөлхтний хамгийн чухал сэтгэлийн хууль. Зан үйл гэдэг нь та бусдыг хүндлэх тухай биш таны өвгөрсөн цагт залуус хүндлэх тухай ёс юм. Залуу нас чинь 2 жил өвгөн нас 20 жил гэдгийг санах учиртай… Тиймээс монгол ёс заншлыг та өөрөө сурч, дагаж мөрдөж байж хойч үедээ өвлүүлэх нандин өв. Монголчууд үр хойчдоо үлдээх ариун ёс заншлаа баяр наадамдаа шингээж өгсөн нь хамгийн сонгодог хэлбэр юм. Хүн баярлахдаа дуртай амьтан. Тиймээс дуртай зүйлээр нь ёс заншлаа уламжлуулж чаддаг нь нүүдэлчдийн гүн ухаан.

Монголчууд хотол олноороо ёслон тэмдэглэдэг гурван том баярын нэг бол цагаан сар. Нөгөө хоёр баяраасаа илүү учир холбогдолтой, зөвхөн монгол хүний билиг, бэлгэдэл гээд бүхий л зүйлийг шингээсэнээрээ цагаан сарын баяр ихээхэн үнэ цэнэтэй.

Билгийн он толлоор зан үйл, ажил хэргээ зохицуулдаг учир нэгэн жилийн үйл хэргээ цэгнэж, шинэ оноо угтаж буй учир билгидэлзүйн ач холбогдол, өвлийг өнтэй давсан, урин цагийн амьсгал угтсан гээд бэлгэдэлзүйн олон учир зүй бий.  

Бүх ах дүү хамаатан садан учран золгодог нь энэ баярын хамгийн нандин бүрдэл. Хүн л болсон хойно хэдий ах дүү ч гэсэн муудах сайдах байдаг л асуудал. Ийм үл ойлголцол, ам мурийсан бүхэн нь сар шинээр тайлагддаг учиртай.

Зөвхөн ах дүү цуглахад гол нь бишээ. Хамгийн ахмад нь хэн юм, түүний дараа хэн гэх мэтээр ахмад залуугийн эрэмбэ тогтдог. Ураг удам хэд болж байна. Хэн хэн үр хүүхэд, ач, зээтэй болж байна, хэн маань бурхны оронд одож, хэн нь ядруу явна, дэм тус хэнд хэрэгтэй байна гээд хүний амьдралын бүхий л зүйлийг зөвшин уулздаг. Бас нэг чухал зүйл нь хүүхдүүдэд монгол хүний харилцааны болоод ёс зүйн маш том сургалт явагддаг.

Сар шинээр бие биенийхээ гэрт очоод идээ шүүсийг нь амтлаад, мах нь ямар байна, ааруул нь ямар байна, айраг нь ямар байна гээд бүгдэд нь шинжилгээ хийдэг гэсэн үг. Бүгд өөр өөр амтай, өөр өнгөтэй байдаг. Тэгээд яриа хөөрөөндөө хаагуур нутагласан, ямар уснаас малаа усалсан, хужир мараа хаанаас идүүлсэн гээд ярилцаад ирэхээр нөгөө байгалийн ухаан руу ороод ирнэ. Аль уснаас уух, аль нутагт бэлчээрлэх нь зөв вэ гэдэг нь тодорхой болно гэсэн үг. Монголчуудын танин мэдэхүйн ухаан ингэж явагддаг. Малчин түмний энэ шинжээ дараа жил хаагуур нутаглахаа тунгаах ухаан юм.

Эрт үед одооных шиг чихэр жимс элдэв янзын юм юу ч байгаагүй. Монголчуудад мах гурил хоёр дээр цагаан идээгээ нэмээд л баярладаг байсан. Мах гурил хоёртой хүмүүс тавгаа гоё болгох гэж толгойгоо ажиллуулж таарна. Тэгээд л ул боовыг хийж эхэлсэн. Энэ нь мэдээж хэрэг хүрээ хийдээс эхтэй. Яваандаа хятадаас орж ирсэн еэвэн ч нэмэгдэх болж. Тэр үед ул боовоор таваг засна гэдэг бол үнэхээр сайхан идээ байсан. Түүнээс хишиг хүртэнэ гэдэг бол бүр ч сайхан хэрэг. Тийм учраас олон шавьд хүрээ хийдийн боовны хишиг хүрэлцэхгүй байх тохиолдол гарах учир, шавь нартай хүртээхийн тулд олон шавьтай газар олон давхар боов тавьж иржээ. Сар шинийнх нь тавгийг харсан шавь нар хэзээ хишиг тараахыг тэсэн ядан хүлээдэг байсан нь үнэн. Ингэхээр таваг зассан боорцог бол маш чухал байсан байгаа биз. Ууц ч мөн ялгаагүй. Гэхдээ ууц өөр олон зүйлийн илэрхийлэл болдог.

Одоо бол ул боовыг ч, ууцыг ч дурлаж, амталж, идэх хүн байхгүй болчихоод байна. Ялангуяа хотод бол. Зүйн бол танай зассан таваг зочиндоо зориулагдах учиртай. Уран зураг, эсвэл баримлын үзэсгэлэн биш…

Тайж ноёд ч гэсэн хишиг хүртсэн боовоо өвөртлөөд явдаг байж. Үнэ цэнэ нь тэр. Одоо Их хурлын гишүүн битгий хэл сургуулийн хүүхэд боов өвөртөлж явахаас ичнэ дээ. Энэ чинь уг бүтээгдэхүүн үнэ цэнэгүй болсоны илэрхийлэл. Төрийн ордонд манай дарга нарын зассан тавгаас хүмүүс тоож идэж байна уу гэвэл үгүй. Жинхэнэ баримал шиг зүйл байгаа түүгэр орсон УИХ, ЗГ-ын гишүүд, яам тамга, хэвлэл мэдээллийнхэн ерөнхийлөгчийн тавагны боов гэж билгишээн авч байна уу, үгүй. Бүр сүүлд нь цэвэрлэгч тоож авч байна уу, үгүй юу. Хэрэв тоож авбал цэвэрлэгчийн хэмжээнд төрийн таваг засагдаж байна. Үгүй бол хэнд ч хэрэггүй таваг засаж байгаагаа ойлгох хэрэгтэй…

Тиймээс тавагаа ааруул, торт, чихэр, шоклад юугаар ч засаж болно шүү дээ. Хамгийн чухал нь таны зассан таваг зочиндоо зориулагдах учиртай. Манай нутагт “хурс” гэдэг том ааруул байдаг. Баянхонгорын “Тэмээн таваг” ааруул гэдэг шиг… бүр орчин үеийн маягтай ч байж болно

Цагаан сард орж ирсэн шашны ёс заншил:

Манай түүхчид ч Өвөр монголын түүхчид ч “Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан” гэж бичиж байгаа. Энд жаахан эндүүрэл бий. Монголчууд баттай эх сурвалжаар бол билгийн он тооллоос өмнө цагаан сараа тэмдэглэж ирсэн үндэстэн. Намрын баяр бол “Ургийн баяр” буюу намрын дунд сарын 17 юм. Энэ бол жинхэнэ цагаан идээний баяр шүү дээ. Энэ цагаан идээний баяраар айраг цагаа, ааруул ээзгийгээ амтлаад цагаан сард хэрэглэхээ сонгох уламжлал бий.

Арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ. Цагаан сарын битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл сүм хийдэд ном хурж, Ванданлхам буюу Лхам бурханыг тахидаг. Учир нь Лхам бурхан битүүний шөнө гурван мянган орчлонг нэг удаа тойрон, айл бүрт зочилдог хэмээн үзэх учир монгол айл бүхэн гэрийнхээ хойморт бурхан залж, идээ будаа өргөдөг шашны зан үйл байдаг.

  • 1. махан бие,
  • 2. ясан бие,
  • 3. цусан бие,
  • 4. дотоод гал хий бие буюу сүнсэн бие,
  • 5. гадаад гал хий бие буюу гэрлэн гэсэн таван бие байдаг, Таны ил ертөнцийн таван бие дээр далд ертөнцөөс мөн чанар буюу оюун ухаан чинь ирж та хоёр ертөнцийн хосолмол бүтээгдэхүүн болдог. Тэгвэл энэ ертөнцөөс танд олгосон таван биеийг билэгдэж, ул боовоор таваг засахдаа суурийг нь таван боовоор тойруулан тавьдаг хэмээх энэ ёслол бол монгол зан үйл биш. Шашны ёс юм.

Тавгийн идээний дээш явах үений тоо гэрийн эзний наснаас хамаардаг, дээшлэх үе  нь нас, доод тойрог нь бие. Залуу хүмүүс таваар гурван үе явах ёстой. “Таваар гурав явна” гэдэг нь үр хүүхдээ үзээгүй, гурван үеэ үзээгүй хүн ийм таваг засдаг. Үр хүүхэд төрүүлсэн хүн чинь нэг үеэ, түүнийхээ хүүхдийг үзэхээр хоёр үеэ, түүнийхээ хүүхдийг үзэхээр гурван үеэ үзэж байгаа гэсэн үг хэмээдэг нь мөн л шашны ёс. Жаран наснаас, наян нас хүртэл насалсан хүн таваар таван үе, наян наснаас, зуун нас хүртэл таваар долоон үе, зуун наснаас дээш таваар есөн үе засдаг гэдэг нь бас хүрээ хийдийн зан үйл юм. Тиймээс монгол ёс заншил, шашны зан үйл хоёрыг ялгаж ойлгох учиртай.

Цагаан сараар цээрлэх зүйл
  • Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.
  • Усанд явбал нагац нарт нь цөв болно хэмээн,
  • Эд мал зээлээр өгвөл гарзын vvд нээгдэнэ хэмээн,
  • Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн,
  • Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй болно хэмээн,
  • Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг тус тус цээрлэдэг.
  • Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хvн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно.
  • Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна.
  • Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсүүл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай.
  • Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаягийг зөрчихийг цээрлэнэ.
Эх сурвалж: http://talbicheech.miniih.com/

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж