“Жеймс Бонд бол фантази”

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

“Жеймс Бонд бол фантази”

“Бонд”-ын продюсер Барбара Брокколи      


“Skyfall” киноны хэсгээс

    ·        
Шинэ оны өмнө нээлтээ хийсэн нууц тагнуулч 007-гийн шинэ цуврал “Skyfall” дэлхийн кино сонирхогчдыг хэсэгтээ л хуйлруулав. Энэ жил 50 нас хүрч буй Жеймс Бонд киноны продюсер Барбара Брокколигийн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Тэрбээр Бондын цувралуудын продюсерээр ажиллаж, олон ч кино бүтээсэн Альберт Брокколийн охин юм. Эцгийгээ таалал төгссөний дараа ажлыг нь өвлөн авчээ.

Жеймс Бондын адал явдлын тухай өгүүлэх 23 дахь кинонд жүжигчин Даниэл Крейг Бондын дүрд тоглосон. Харин эсрэг дүрийн гол баатар нь Хавьер Бардем  билээ.

-Бондын дүрд тоглох шинэ жүжигчнийг олно гэдэг жинхэнэ адал явдал байх нь гарцаагүй. Нэг олчихвол ч хэдэн жилдээ дахин тийм адал явдалтай учрахгүй. Харин Бондын бүсгүйчүүд болоод эсрэг дүрийн баатрыг кино болгонд шинээр сонгодог. Тэднийг хэрхэн хайж, ямархуу байдлаар сонгож байна вэ?

-Бондын тухай шинэ кино хийх бүрт манай баатрын эсрэг зогсдог харанхуй хүчний төлөөлөл болох хүнийг хайх нь жинхэнэ сорилт, сонголт болдог. Бид ертөнцийг айлгасан бие хүчний бэлгэдлийг бүтээхээр эрмэлздэг. Тэгээд л ямар дүр бий болж буйгаас үүдэн жүжигчнээ хайна. “Скайфолл”-ын энэ удаагийн хорон санаат ихээхэн ээдрээтэй дүр. Бид эхнээсээ Хавьер Бардем гэж сонгосон. Тэр шийдвэр маань ч зөв байлаа.

-Тэгэхээр та дараагийн кинонд сөрөг дүрийн баатарт тэр тоглоно гэсэн жагсаалт байхгүй гэсэн үг үү?

-Бид эсрэг талын дүр ямар байхаас шалтгаалж тодорхой дүр, сэдэв бий болгодог. Зэрлэг хэрнээ үнэмшилтэй харагдахуйц баатрыг бид олох ёстой. Ямар нэг хорон муу санаанд хүлэгдсэн, зарим үед хүнлэг, гэхдээ тэр муу санаандаа захирагдсан тийм л дүрийг бий болгох ёстой. Жишээлбэл, “Goldfinger”-ийг авч үзье л дээ (“Бонд”-ын гурав дахь киноны алтны хулгайн наймаачин Аурик Голдфингер). Олон хүн алтанд дуртай, гэвч түүн шиг алт гээд амиа тавихаас буцдаггүй биш. Зөгнөл, сэтгэмж Бондын сөрөг талын баатрыг сонирхолтой болгодог. Гэхдээ тэдэнд үнэний хувь бий.

-Хожим нь Бондын бүсгүйчүүдээс илүү эсрэг талын баатар үзэгчдийн сэтгэлд хоногшдог гэдэг. Энэ үнэн үү?

-Тийм байх шүү. Бүсгүйчүүдийн сайнаас илүүтэйгээр муу нь санаанд үлдэх нь ч бий.

-Дээр нь Веспер Линд шиг үргэлж эмгэнэлтэйгээр үлдэнэ?

-Мэдээж! Бондын тухай номонд Веспер хамгийн гол эмэгтэй баатруудынх нь нэг. Тэр л Бондын зүрхийг шархлуулснаас Бонд дахиад тийм зүйлийн давтамжийг хүсээгүй шүү дээ. Бондын араншинг тэр тогтоож өгсөн гэвэл илүүдэхгүй байх. Бонд бол романтик баатар. Тэр аз жаргалтай гэр бүлийн амьдрал үгүй, тийм ажлыг л сонгосон хүн. Гэсэн ч түүний ертөнцөд үзэсгэлэнт бүсгүй гарч ирэх шалтаг үргэлж олдоно.

-Та хүүхэд ахуй цагаасаа  Бондын ертөнцөд амьдарч байна. Таны амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Надад дэлхийг нээж өгсөн гэж болно. Зураг авалт дэлхийн өнцөг булан бүрт болдог учраас бид ихээхэн аялсан байна. Шинэ орон бүрт л бид орон нутгийн киночидтай ажилласан. Дэлхийгээр аялан олон янзын хүмүүстэй ажиллаж ярилцах боломж нь том давуу тал юм. Үүний хажуугаар, бид олон хэлээр ярьдаг, өөр өөрийн онцлогтой ч хүмүүс үнэн хэрэгтээ адилхан гэсэн энгийн ойлголтыг надад ухааруулж өглөө. Ялгаанаасаа илүүтэй адил зүйл нь их учраас ингэж харилцах нь бидэнд ашиг тустай.

-Таны туршлага Бондынхоос эсрэг юм байна. Хорвоо дэлхий аюултай гэх бодол төрөхгүй байна уу?

-Би үргэлжид л Бондын тухай кинонууд бол фантази гэж ойлгож ирсэн. Бидэнд улс төрийн зорилго бүхий баатрууд байхгүй. Сөрөг талын баатрууд бүгд л хувийн ашиг сонирхлын төлөө яахаас ч буцахаа больсон галзуучууд. Тэднийг дэлхийн үзэгчид янз бүрээр хүлээн авдаг. Гэхдээ л тэд Бондод дуртай. Ямар нэг асуудал гарвал, Бонд ирээд л зохицуулчихна гэсэн мэдрэмжийг үзэгчдэд төрүүлдэг.

-Шүүмжлэгчид, үзэгчид Дэниэл Крейгийн Бондыг сайнаар хүлээн авсан. ”Казино Рояль” бүрхэгдүү өнгө аясаараа үзэгчдийг түлхсэнгүй. Гэтэл бас тиймэрхүү киноны Тимоти Далтон төдийлөн таалагдаагүй шүү дээ?

-Тэр цаг үеэсээ түрүүлсэн гэж би бодож байна. Флемингийн романууд гэх анхны эх сурвалжийн амьсгааг тэр гаргах гэсэн болов уу.  Мөн кинонд хүчирхийллийн зураглал хэтэрснээс Бондын киног үргэлж гэр бүлийн хэмээн хүлээн авдаг үзэгчдийг түлхсэн байх. Одоо цаг үе өөрчлөгдөөд Даниэл Крейгийн Бонд хүмүүст хэрэгтэй Бонд нь болж чадлаа гэж болно.

-Нэгэн сайхан өдөр дэлхийд айдас үгүй болбол Бонд юу хийх бол?

 -Миний санаж байгаагаар, “Алтан нүд” (1995 он) киноны зураг авалт эхэлж байхад хэвлэл “Дайн дууссан! Асуудал алга болсон! Даян дэлхийд энх тайван тогтлоо! Жеймс бонд хэнд хэрэгтэй юм бэ?” гээд л шуугиж байв. Тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав, дараа нь юу болсныг бид мэдэж байна. Эмх замбараанаас ул мөр үлдсэнгүй, асуудал зөндөө. Улс төр, хувийн зорилгоор хүмүүсийг тайван байлгахаа больжээ. Харамсалтай нь “муу хүмүүс” хангалттай, үргэлж байх учраас Жеймс Бондын шаардлага тасрахгүй. Бондоор дэлхийн цоорхойг нөхөж болно гэвэл бид түүнээс татгалзахад бэлэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж