&#34Гадаадын 17 улс оронд монголчууд ял эдэлж байна&#34

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

&#34Гадаадын 17 улс оронд монголчууд ял эдэлж байна&#34

Тайландын нисэх онгоцны буудлын татваргүй барааны дэлгүүрээс монголын гурван иргэн хулгай хийж байгаад баригджээ. Энэ бол уржигдар буюу хамгийн сүүлд гадаадад гарсан гэмт хэргийн мэдээ. Өмнө нь манай улсын иргэд гадаадын улс орнуудад гэмт хэрэгт холбогдсон, гэмтэж бэртсэн, амь насаа алдсан гэх мэдээлэл цөөнгүй сонсогдож байсан. Тиймээс бид энэ удаа Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Ш.Сүхбаатартай гадаадад суугаа монголчуудын талаар ярилцлаа.

-Монгол Улсын гадаад харилцаа хөгжихийн хэрээр гадаадад зорчих монголчуудын тоо өссөн. Олуулаа зорчих тусмаа гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгт өртөх нь ч мөн нэмэгдээд байх шиг санагдах юм?

– Улс орныхоо нэр хүндийг унагасан, монгол хүний үнэлэмжийг бууруулсан гэмт хэрэг урьд өмнө нь гарч байсан. Гадаадад зорчиж буй иргэд гэмт хэрэгт үйлдэх, өртөх явдал сүүлийн үед нэмэгдсэн гэдэгтэй санал нийлэхгүй байна. Гэмт хэргийн талаарх мэдээлэл харин харьцангуй ил тод болж байгаа. Бид хилийн чанадад зорчигчдод санамж, сэрэмж болгох, гэмт хэргийн улмаас хохирсон иргэд, ар гэрийнхэнд нь туслах үүднээс мэдээллийг нээлттэй тавьж байна. Үүнтэй холбоотойгоор гадаадад үйлдэгдсэн гэмт хэрэг өссөн мэт сэтгэгдэл төрж байх магадлалтай. Турк, Сингапур, Тайланд зэрэг орнуудад монголчууд бүлэглэж хулгай хийх, зохион байгуулалтайгаар гэмт хэрэг үйлдэх тохиолдол хэд хэдэн удаа гарлаа. Энэ бол сэтгэл зовоосон асуудлын нэг болоод байна. Хэдийгээр гэмт хэрэг хийсэн үйлдэл нь буруу боловч бид монгол хүндээ санаа тавих, эрх ашиг нь хөндөгдсөн нэгэнд туслах үүргийнхээ дагуу ар гэрт нь мэдээлэл хүргэх, тэдэнтэй нь холбох ажлыг зохион байгуулж байгаа. Зарим нэгийг нь эргэж тойрох, хоригдож буй байранд нь очиж санал хүсэлтийг нь сонсож байна.

-Монголын хэдэн иргэн хилийн чанадад хоригдож байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 153 иргэн хилийн чанадад ял эдэлж байгаа. Сүүлийн жилүүдтэй харьцуулан үзэхэд 2012 онд гэмт хэрэгт холбогдсон хүмүүс нэлээд нэмэгдсэн байдаг. 2009 онд 127, 2010 онд 123, 2011 онд 129 хүн гадаадад хоригдож байсан бол 2012 онд 153 болсон. Ял эдэлж буй хүмүүсийн олонх нь БНХАУ-д бий. Хятад, Солонгос, ОХУ руу манай иргэд олноор зорчдог. Гэмт хэрэгт холбогдсон тохиолдол ч эдгээр оронд илүү байх нь бий. Түүнчлэн Герман, Казакстан, Япон, Польш, Унгар, Чех, Америк зэрэг 17 улс оронд монголчууд ял эдэлж байна.

-Хятад, Малайз зэрэг улс орнууд руу зорчигсод хар тамхины хэрэгт холбогддог. Хар тамхины хэргээр хэдэн хүн ял эдэлж байгаа вэ?

-Хар тамхи зөөвөрлөх, хил гаалиар гаргахыг оролдох зэрэг хэрэгт холбогдсон 34 хүн бий. Эдгээр иргэдийн 23 нь БНХАУ-д, долоо нь Хонгконгт, Какакстан, ОХУ-д тус бүр хоёр нь хоригдож байгаа. Дэлхий нийтээр тахал хэмээн нэрлээд буй хар тамхины хэрэгт холбогдогсдын 21 нь эрчүүд бол 13 нь бүсгүй хүн байгаа юм.

-Хятад улс хар тамхины хэрэгт хатуу чанга ханддаг. Үүнийг мэддэггүйгээс иргэд алдаж гэнэдэх тохиолдол их байдаг гэх юм?

-Хар тамхины хэрэгт холбогдон баригдаж буй хүмүүсийн үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг ажиглахад зохион байгуулалттайгаар үйлдсэн байж болзошгүй нь олон байдаг. БНХАУ бол хар тамхины талаар маш хатуу хууль журамтай. Өчиггүйгээр хорих ял онооно. Гэтэл манай зарим иргэд үүнийг мэдэхгүйгээс гэнэдэж, гэмт хэргийн золиос болж буй тохиолдол бас байна. Бусдын дайвар ачааг авч явахдаа гэмт хэргийн золиос болсон хүн байхад мөнгөний урхинд орж, гэмт хэрэгтэн болсон нь ч бий. Тиймээс л бид мэдээллийг ил тод болгон хүмүүст санамж, сэрэмж өгөхийг хичээж байгаа юм.

-Хар тамхины хэргээр цаазын ял авсан хэдэн хүн байдаг бол?

-Цаазын ялтай таван монгол хүн бий. Гэхдээ үүнийг гүйцэтгэсэн нь нэг ч үгүй. Яамны зүгээс цаазын ялыг бүх насаар нь хорих ял болгох, хугацаагүй хорих ялыг хугацаатай болгох саналыг холбогдох хүмүүст нь байнга тавьж байгаа.

-Анх энэ төрлийн ял авсан Дамдингийн ялыг гүйцэтгэжээ гэж нэг сонинд бичсэн байсан нь худал байх нь ээ?

-Ташаа мэдээлэл байна. Саяхан Дамдингийн ар гэрийнхэн түүнтэй уулзаад ирсэн байгаа.

-Хүмүүсийн эд барааг дайвраар авснаас хэрэгт холбогдсон бол хөнгөвчлөх үү?

-Ямар ч хөнгөлөлт байхгүй юм билээ. Хамгийн сүүлд  өнгөрсөн оны 11 дүгээр сарын 19-нд  манай улсын иргэн Ж.Амгалан цаазын л сонссон. Тэр эмэгтэй БНХАУ-д хоёр дахь удаагаа зорчихдоо хүний дайвар болох цүнхтэй барааг авч гараад хэрэгт холбогдсон байдаг. Тухайн хүн нь хэлэхдээ ор хөнжлийн даавуу гэсэн байгаа юм. Анх олимп үзэх гэж Хятадад очоод хоёр дахь удаа гарахдаа хэрэгт холбогдсон байна лээ. Харамсалтай байгаа биз дээ. Монголчууд минь энэ мэтээр гэмгүй гэмтэн болохоос л болгоомжилж яваасай гэж танай сайтаар дамжуулан хэлье.

-Манай улс зарим улс оронтой ялтан шилжүүлэх гэрээтэй ажилладаг. Харин хятадтай хэзээ ийм гэрээ байгуулах бол?

-БНХАУ-тай ялтан шилжүүлэх гэрээ байгуулахаар олон жилийн турш ярилцаж байгаа. Гэрээг албан ёсоор байгуулаагүй ч хоёр хүнийг нутагтаа авчирсан. Энэ гэрээг удахгүй үзэглэнэ гэж итгэж байгаа.

-Гадаадын улс орнуудад тэр дундаа визгүй зорчдог улс оронд гэмт хэрэгт холбогдох нь элбэг тохиолджээ. Тэгэхээр визний хөнгөлөлт үзүүлсэн улс орны зүгээс хөнгөлөлтөө цуцлах, болиулах санал тавьж магадгүй санагдах юм?

-Гадаад харилцааны яамны зүгээс аль болох олон оронд ард иргэдээ хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулах бодлого барьдаг. Гэтэл иргэд улс орныхоо нэр хүндэд харшилсан үйлдэл гаргах болсон нь харамсалтай.  Манай улсын иргэд хэд хэдэн улс оронд визгүй зорчих эрхтэй. Хойшид ОХУ, БНСУ-д визний хөнгөлөлттэй нөхцлөөр зорчдог болгох саналыг бид тавиад байгаа. Гэвч сүүлийн үед манайхан гадаадын улс орнуудад гэмт хэрэгт холбогдож байгаагаас зарим оронд тухайлбал Малайзад визгүй зорчиж байгааг эргэн харахаас аргагүйд хүрч байна. Монголчууд хар тамхи, хүн худалдаалах зэрэг ноцтой хэрэгт холбогдох явдал ихэссэнээс ийм алхам хийхэд хүрч байна.

-Хүн худалдаалах хэрэгт охид бүсгүйчүүд илүү өртдөг гэдэг. Үнэхээр ийм хэрэг нэмэгдээд байна уу. Бүртгэгдсэн энэ төрлийн хэрэг хэд байна вэ?

-Хүн худалдаалах нь хамгийн сэтгэл түгшээсэн хэрэг болоод байна. БНХАУ-ын хилийн боомт Эрээн хотод л гэхэд Монголын 150 гаруй эмэгтэйчүүд биеэ үнэлэн амьдарч байна  гэсэн тоо гарсан байдаг. Энэ тоо аялал жуулчлалын эрин, урин дулаан цагт 600-700 болон нэмэгддэг гэж байгаа юм. Бүр Хонгконг, Макао, Малайз руу биеэ үнэлдэг хүүхнүүдийг  зөөдөг сүлжээ хүртэл үүссэн байгаа юм. Тиймээс хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох ажлыг эрчимжүүлэхийн тулд бид цагдаа, тагнуулын байгууллагынхантай хамтран ажиллаж байна.

-Монгол хүн хилийн чанадад амь насаа алдах тохиолдол гардаг. Ийм үед хүмүүс консулын газрыг л зорьдог. Та бүхэн хэрхэн тусалдаг вэ?

-Өнгөрсөн долоо хоногт л гэхэд монголын долоон иргэн гадаад улсад амь насаа алдсан хэрэг гарлаа. Өвөрмонгол, Японд авто ослоор хоёр хүн үрэгдсэн бол АНУ, ОХУ-д тус бүр нэг иргэн амиа хорлож, бас нэг иргэн АНУ-д бусдын гарт амиа алдсан байна. Эрээн хотод архины хордлогоор нэг иргэн нас барлаа. Энэ мэт сэтгэл өвтгөсөн мэдээ мэдээлэл ирэх бүрд консулын газрынхан ар гэрийнхэнд нь дуулгаж, визний асуудлыг нь шийдэх, шарлыг авчрах гээд ажлуудыг зохицуулдаг. Ар гэрийнхэн нь энд ирээд уйлаад суучихдаг. Их хүнд шүү дээ. Зарим нэг нь шарилаа авчрах мөнгөгүй байх нь ч бий. Энэ бүх ажлыг гадаадад байгаа консулын газрынхантайгаа хамтран гүйцэтгэдэг.

Ярилцсан Д.ЦЭЭПИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж