ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн хэлтсээс мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн хэлтсээс мэдээлэл хийв

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал өчигдөр хэвлэлийнхэнд өгсөн мэдээллээрээ, гэмт хэрэгтнүүд нийгмээс тусгаарлагдах алдаа гаргасан байдаг боловч хүн байх, эрүүл байх эрхээ эдлэх нь шийдвэрлэвэл зохих асуудлын нэг байсан хэмээгээд, үүнийг шийдвэрлэсэн нь МУ-ын Үндсэн хуульд заасны дагуу иргэн хүн амьд явах эрхтэй, эрүүл байх эрхтэй гэсэн хүний эрхийг хүндэтгэсэн шийдвэр гэлээ.

Тэрбээр хэлэхдээ, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай” МУ-ын хуулийн 114.3.-т Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно гэсний дагуу 2002 оны 12-р сарын 31-ний өдрийн 313 316 тоот хамтарсан тушаалаар тус журмыг батлан гаргаад 11 дэх жилдээ мөрдөн ажиллаж байгаа болно. Уг журмын 6.1-д “Хүнд, онц хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн болон чанга, түүнээс дээш дэглэмд ял эдэлж байгаа ялтныг клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж эмчлэхийг хориглоно” гэсэн заалт байсныг 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2 сайдын хамтарсан тушаалаар хүчингүй болгосныг дурдаад, хүнд, онц хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн болон чанга, түүнээс дээш дэглэмд ял эдэлж байгаа ялтанд төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлэх ажлыг ямар хэлбэрээр зохицуулах талаар шийдвэрийн төсөл боловсруулах, хорих ангиудад үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийн пункт, хорихын Нэгдсэн эмнэлгийн үзүүлж байгаа эмнэлгийн тусламж, үйлчилгээ, нөхцөл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн байдал, эмч мэргэжилтнүүдийн хангалт, чадавхийг судлах, үнэлгээ хийх ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 тоот тушаалаар батлан ажиллуулж байна гэв.

Түүнчлэн Я.Амаржаргал дарга, үнэлгээ хийсний үндсэн дээр тодорхой дүгнэлт гаргаж Эрүүл мэндийн болон Хууль зүйн сайдын зөвлөлд танилцуулан хэлцүүлж цаашид ямар байдлаар эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг ялтнуудад үзүүлэх хаана үзүүлэх шийдвэрийг гаргана. Үүнд хугацаа шаардлагатай. Энэ асуудлыг шийдэх хүртэл ЭМЯ тодорхой эмнэлгүүдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр зохицуулалт хийж байгааг ярилаа.

Мөн тэрбээр эмнэлэг бүрт хорих ангийн зохион байгуулалтаар ажиллах өрөө тасалгаа бий болгохгүйг хэлээд, ШШГЕГ-аас бидэнд ирүүлсэн мэдээллээр одоогийн байдлаар 260 гаруй ялтанд төрөлжсөн мэргэжлийн тусламж шаардлагатай байна. Хорих 401 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлэгт төрөлжсөн мэргэжлийн, эмнэлгийн тусламж үзүүлдэг болох хүртэлх хугацаанд нарийн мэргэжлийн эмч нарын баг томилон ажиллуулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд өнөөдөр гаргаад байна гэв.

Бидэнд олон жилийн турш гэмт хэрэгтнүүдтэй холбоотой эмнэлгийн дүгнэлт гаргуулах, нарийн мэргэжлийн эмч нар шаардлагатай тул томилуулах талаар байнга хандаж байдаг учир эмч мэргэжилтнүүд маань үзлэг зөлөгөө өгч хамтарч ажилласаар ирсэн. Аливаа асуудал шийдэгдэх тодорхой цаг хугацаатай байдаг. Энэ асуудлыг шийдэх цаг хугацаа нь энэ цаг үед таарсан байна гээд үүнийг улс төржүүлсэн байдлаар харж нийгэмд бухимдал төрүүлэх шаардлагагүйг тэрбээр онцлон хэллээ.

Эх сурвалж: www.moh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж