&#34Миний санал С.Энхсайханы ярьж байгаатай нийлээд байгаа юм&#34

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

&#34Миний санал С.Энхсайханы ярьж байгаатай нийлээд байгаа юм&#34

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содномтой ярилцлаа.

-Төмөр замын цариг ямар байх тухай улс төрийн хүрээнд маргаан болж байна. Таны бодлоор өргөн, нарийн царигийн аль нь манайд тохирох вэ?

-Эхлээд төмөр зам тавих шаардлага хаанаас гарав гэдгийг бодох хэрэгтэй. Тавантолгойн ордын нүүрсийг гадаад зах зээлд борлуулах зайлшгүй шаардлага гарсан учраас л төмөр замын асуудал гарч ирсэн. Хэрвээ Тавантолгойн орд байгаагүй бол урагшаа төмөр зам тавих асуудал гарахгүй. Тиймээс бид төмөр замаа барих уу, хааш нь ямар дарааллаар, өргөн нарийн царигийн алийг нь сонгох вэ гэдгийг Тавантолгойн нүүрсийг экспортод гаргах шаардлагатайгаа холбож шийдэх хэрэгтэй. Би анхнаас нь л энэ талаар ярьж, бичиж байгаа. Тавантолгойгоос Чойбалсан хүртэл төмөр зам барих нь зүйтэй. Гэхдээ өргөн  царигаар барих нь зүйтэй гэж би үздэг.  Яагаад  тийшээ  зам  барих гээд  байна вэ гэхээр, бид  нүүрсээ ганцхан  зах зээлд  гаргах нь  онц биш.  Хоёр тийшээ, хэд  хэдэн  зах  зээл рүү  гаргах замтай байвал  зөв гэсэн  бодлогынхоо үүднээс  зүүн тийшхи  замыг  дэмждэг хүн.  Гэхдээ Тавантолгойгоос Гашуунсухайт  хүртэл  буюу Монгол, Хятадын  хил  хүртэл  нарийн  царигийн  зам тавих нь  зүйтэй юм.

-Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод ерөөсөө л өргөн царигтай байна гээд баталчихсан. Гэтэл та Хятадын хил хүртлэх нь нарийн байсан дээр гэж хэлж байна. Нарийн байсны ач холбогдол юу юм бэ?

-Яагаад гэвэл цаана нь нарийн царигтай төмөр замтай Хятад улс манай нүүрсийг хүлээж авна. Хятад гэлтгүй олон орны төмөр замынх нь стандарт нарийн царигтай байдаг. Хятадын зам урд талаараа яваад Казахстан, цаашлаад Европ руу гарах сүлжээ бий болж байгаа юм билээ. Тиймээс бид Тавантолгойгоос Хятад хүртэл нарийн царигтай төмөр зам тавиад, цаана нь байгаа сүлжээтэй холбогдчих юм бол Европ руу гарах замтай болчихно. Өөрөөр хэлбэл, Тавантолгойгоос урагшаа буюу Хятад хүртэл нарийн, зүүн тийшээ Сайншанд руу өргөн царигаар тавих нь зөв гэсэн бодолтой байна. Энэ чинь уурхай дээрээсээ л хоёр тийшээ нарийн, өргөн царигаараа ачна гэсэн үг шүү дээ. Ямар ч техникийн хүндрэл гарахгүй. Хэрэв бид урагшаа өргөн царигтай төмөр зам тавьчихвал 200 км яваад л бүх нүүрсээ хилийн орчим хаа нэгтээ буулган, нарийн царигтай зам руу дахин ачих болно. Энэ чинь ямар ч утга учиргүй илүү ажил, нэмэлт зардал. Дээрээс нь нүүрсээ хэрэглэгчдэд хүргэх хугацаа алдагдана.

-Тэгвэл зам барих дэс дараалал нь ямар байх ёстой юм бол?

-Засгийн газраас санал тавьснаар УИХ эхлээд зүүн тал руу явах замыг барина гэсэн шийд гаргасан. Би тэр шийдвэрийг буруу гэж харж байна. Өнөөдөр манай нүүрсийг авах хамгийн ойрхон болон бодит худалдан авагч нь Хятад улс. Тэнд нүүрсний хэрэгцээ ч их, өөрсдөө ч авъя гэж байна. Хятадын эдийн засгийн хөгжил маш дээгүүр явж байгаа. Ингэж их хурдан хөгжиж буй Хятадын эдийн засаг руу яаж орох вэ гэсэн хүсэл бүх мөрөөдөл шахам зүйл болчихоод байна. Харин бид хажуудаа байгаа ийм сайхан бололцоогоо ашиглахын оронд, түүндээ саад болсон буруу зүйл хийгээд байгаа юм шиг санагддаг.

-Тэгэхээр та эхлээд урагшаа замаа тавих хэрэгтэй гэж хэлэх гээд байна уу?

-Тийм. Эхлээд урагшаа замаа тавьчихъя. Гэхдээ нарийн царигаар. Үүнд дээд тал нь хоёр жилийн хугацаа л шаардлагатай. Үр дүнд нь урагшаа явж байгаа олон тооны хүнд даацын машин хөрс эвдэж байгаа байдлаас сэргийлж чадна. Нөгөө талаар машинаар их хэмжээний нүүрс зөөх бололцоо ерөөсөө байхгүй. Тавантолгойгоос жилдээ доод тал нь 20 сая тонн, цаашлаад гуч, дөчин саяыг гаргах бололцоо бий. Энэ хэмжээний нүүрсийг төмөр замаар зөөхөд ч хүнд. Төмөр замыг анх барихдаа түүгээр жилд хэдэн тонн нүүрс зөөх вэ гэдгээ тооцдог. Тэгж байж төслөө боловсруулдаг. Тиймээс төмөр зам хэдэн зөрлөгтэй байх вэ, нэг галт тэргэнд хэдэн вагон байх, жилдээ хэдэн хоног ажиллах вэ гэдгийг тооцож байж, ямар хүчин чадалтай төмөр зам барихаа тооцоолдог юм. Өөрөөр хэлбэл, төмөр замын ачаа тээвэрлэж хүргэх хүчин чадал гэсэн үг. Тэр чинь тодорхой хязгаартай, түүнийгээ нарийн бодож хийх хэрэгтэй.

-Төмөр замын цариг өргөн, нарийн байх талаар “Монголын төмөр зам” компанийн захирал байсан М.Энхсайхан, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нар маргалдаад байгаа. Таны хэлж байгаагаас харахад М.Энхсайханы зөв  бололтой?

-Миний санал, М.Энхсайханы ярьж байгаатай нийлээд байгаа юм. Хүмүүс ч ойлгож эхэлж байгаа байх. Эхний ээлжинд урагшаа нарийн царигаар төмөр замаа барь, тэгээд нүүрсээ гаргаад мөнгөтэй болж ав. Дараа нь зүүн талынхаа замыг тавихад болно. Зүүн тийшээ бол 1500 гаруй км зам тавина шүү дээ. Түүнийг барихад олон жил шаардлагатай. Ноднин манай удирдлагууд “төмөр замыг хоёрхон жилийн дотор барьчихна” гээд байсан. Юм гадарладаг хүмүүс худлаа хэлж байгааг нь мэдэж л байсан. Яг үнэн хэрэгтээ өнөөх хоёр жил нь өнгөрч байна шүү дээ. М.Энхсайхан хатуу шүүмжилж байгаа нь зөв. Манай шийдвэр гаргадаг хүмүүс жаахан үг сонсдог баймаар юм. Энэ чинь хоёр хүний хоорондын цэц булаалдах асуудал биш, Монголын хөгжилтэй холбоотой учраас зарчимч, хатуу байр суурьтай, ухаалаг байх ёстой юм. Гадаадынхан Монгол руу их анхааралтай харж байгаа. Бас байр сууриа болгоомжтой гэх юм уу, сайхан илэрхийлдэг болж. Өчигдрийн нэгэн хэвлэлд дэлхийн бүх улсын эдийн засгийн шинжлэх ухааны жагсаалтад Монгол Улс сүүл хавьдаа жагссан гэж гарсан байна. Манай ард Африкийн гурав, дөрвөн орон байсан. Энэ чинь шинжлэх ухаанаар Монгол хоцорсондоо биш, засаг төрийн гаргаж байгаа шийдвэр эдийн засгийн шинжлэх ухааны талаас харвал сайн биш байна гэдгийг илэрхийлж байгаа хэлбэр болов уу. Магадгүй төмөр замын энэ асуудлыг хараад ч тэгж дүгнэсэн байх талтай.

-Та төмөр замын асуудал яригдах болсон шалтгаан нь Тавантолгой гэж хэлсэн. Гэтэл Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудал нэг л сайн явж өгөхгүй байх шиг?

-Тавантолгойн хойд талын ордыг ашиглаж байгаа “Энержи ресурс” бол хувийн компани. Тэнд бүх зүйл сайхан явж байна. Уурхайгаа байгуулаад, олборлоод эхэлчихсэн. Бая­жуулах үйлдвэрээ барьчих­сан, мөнгөө ч босгож, орон нутгийн нийгмийн асуудлыг шийдэж байна. Тэр байтугай Тавантолгойгоос Гашуунсухайт руу тавих төмөр замын төслийг “Энержи ресурс” хийчихсэн гэж дуулдсан. Гэтэл гол ордоо ашиглаж байгаа төрийн өмчит компанийн ажил ямар байдалтай явж байна вэ. Зүүн цанхидаа жаахан олборлолт хийх гэж оролдоод, энд тэндээс зээл авсан, хөрөнгийн чадваргүй, бараг л үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй болсон ухааны зүйл л ярьж байна шүү дээ. Өнөөдөр Ерөнхий сайд хятадуудтай хийсэн гэрээгээ цуцлах тухай ярьж байна. Төрийн өмчийн оролцоо орохоороо л ийм хачин, улстөрчдийн хэрүүлийн бай болчихоод ажил нь урагшаа явдаггүй. Баруун цанхи гэж бас хоёр дахь том орд. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг сайд өмнө нь Баруун цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хэсгийг ахалж байсан. Тэр ордыг яаж ашиглах вэ, гадныхныг оруулах энэ тэр гээд бөөн яриа болж болж олигтой ч шийдсэн зүйл алга. Тэр төсөлд оролцъё гэсэн гадны хэдэн компанийг хооронд нь жаахан эвдрэлцүүлээд л хаячихсан. Одоо яах нь ч мэдэгдэхгүй сууж байна. Би боддог юм, төрийн өмчид байлгасан зүйлүүд хөгждөггүй гэж. Тиймээс Тавантолгой дээр нүүрс олборлох олборлолтын ажлыг Монголын хувийн компанид хариуцуулаад өгчих. Гэхдээ төр, хувь нийлсэн шинэ консорциум бий болгоод, түүндээ 50-иас дээш хувийн оролцоо өгөөд олборлолтоо явуулах хэрэгтэй. Ингэж байж л ажил урагшилна. Яг энэ чинь Баруун цанхитай холбоотой асуудал. Тэр ордыг Монголын үндэсний компани аваад олборлолтоо явуулаг, цаана нь 48 хувьд нь гадныхныг оруулж болно. Угаасаа баруун цанхийг бүгдийг нь гадныханд өгнө гэж яриад байгаа. Тэгэхдээ гурав, дөрвөн компанийн консорциум оруулна гэсэн ч өнөө хэд нь хоорондоо хувь хэмжээн дээрээ тохирохгүй байсаар өнгөрсөн.

-Гэхдээ төр нөөцийг нь тогтоосон ордод төрийн өмчийн оролцоо 51 хувиас дээш байна гэсэн хууль бий шүү дээ?

-Тийм. Төр өөрийнхөө мөнгөөр хайгуул хийгээд, нөөцийг нь тогтоочихсон ордод 51-ээс дээш хувь эзэмшинэ гэсэн хуультай. Төр биш юм гэхэд Монголын тал 51 хувиа авч болно. Энэ нь төр, хувийн хэвшил нийлээд 51 хувь гэсэн үг. Харин үлдэж байгаа 49 хувиа гадныханд өгч болно. Гадныханд өгөхдөө гурван улсад өгөх хэрэгтэй. Тэр дундаа Орос, Хятад, Япон гэсэн улсууд. Эдгээр улсад  яг адилхан буюу тус бүр 16 хувиар өгөх хэрэгтэй. Тэгэхээр нийт 48 хувь болж байгаа юм. Харин үлдсэнийг нь М онголын үндэсний компани эзэмших нь зөв. Тэр нь төр, хувийн хэвшил хамтарсан байна. Гэхдээ хувь нь давамгай байх нь зөв. Тэгэхгүй бол төр нь давамгай байхаар өнөөх болдоггүй байдал чинь гараад ирнэ. Ингэж байж л жаахан цэгцтэй болох юм. Тэгэхгүйгээр яах гэж байгаа нь ч мэдэгдэхгүй, хэрүүлийн алим болгоод хаячихвал бид Тавантолгойг ашиглаж чадахгүй л дээ.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Чалько”-гоос зээлж авсан 350 сая ам.дол­ларын өрийн үлдэгдлийг “Чингис” бондоос босгосон мөнгөөр төлөх талаар ярьж байна. Энэ хэр зөв шийдвэр вэ?

-Энэ чинь өнөөх Эдийн засгийн шинжлэх ухаан Монголд тааруухан юм байна гэдгийн бас нэгэн баталгаа шүү дээ. Одоо 70 ам.долларыг хямдхан байна гэж хэлээд байна. Би бол хямдхан гэж хэлэхгүй. Яахав илүү авахыг хэн ч гэсэн бодно. Гэхдээ газар дээрээ нүүрсээ худалдаж байгаа тохиолдолд алдагдалгүй. Хоёрдугаарт, бондын мөнгөнөөс Хятадын компанид тавьсан өрөө төлчихөөд, гэрээгээ цуцалъя гэж байна. Үнэхээр мөнгө нь байгаа юм бол тэр хятадын компанид битгий өг л дөө. Нүүрсээ өгөөд, мөнгөө авч чадахгүй байгаа Монголынхоо компанид өг. Ер нь бондын мөнгийг ингэж энд тэндхийн өр дарах байдлаар ашиглах нь буруу. Бонд гэдэг чинь зээл, маргааш төлнө. Тиймээс маргааш ашиг бий болгож байх төсөлд зориулах хэрэгтэй. Би яг энэ асуудлаар “Өрөө төлөх эх үүсвэрийг бүрдүүлэх нь энэ Засгийн газрын эрмэлзлэл болжээ” гэсэн утгатай нийтлэл бичсэн.

-Ер нь Монголын Засгийн газрын гаргасан 1.5 тэрбум ам.долларын бондын талаар та ямар бодолтой байдаг вэ. Энэ бондыг ашиглах бэлтгэл Монголд байсан уу?

-Бэлтгэл үнэхээр байгаагүй. Хүнээс мөнгө зээлэх гэж байгаа бол эхлээд юунд ашиглах, эргүүлэн төлөх эх үүсвэрийг яаж бүрдүүлэх вэ гэдгээ боддог. Өөрийн ухаантай л бол бүх хүн тэгж бодно. Хэрвээ бондоор мөнгө босгосон хүмүүс өөрөө өөртөө ийм зээл авсан бол үгүй мөн их сайн л бодох байсан даа. Улсад авч байгаа юм чинь яахав дээ, өнөөдөр би байлаа ч маргааш халагдаад явна гэж хандаж байгаа юм биш байгаа даа. Хэрэв тийм бол ингэж ерөөсөө болохгүй. 1.5 тэрбум ам.долларын бондын мөнгийг юун түрүүнд сайн төсөлд зарцуулах хэрэгтэй.

Хэн гаргасан юм мэдэхгүй, сураг сонсохнээ “Аливаа төсөлд бондын мөнгийг зарцуулах бол тэр төслийн 30-аас илүү хувь нь бондоос гарч болохгүй” гэж байсан. Хэрвээ энэ үнэн бол маш буруу шийдвэр байна. Урагшаа Хятад руу тавих төмөр замын төсөлд 600 сая ам.доллар хэрэг боллоо гэхэд 180-ыг нь л бондоос гаргаж таарах нь. Үлдэж байгааг нь хаанаас санхүүжүүлэх болж байна. Хэрэв төмөр замыг 100 хувь санхүүжүүлчихвэл нүүрсний экспорт тэр дороо нэмэгдээд ирнэ. Цахилгаан станцад шаардлагатай хөрөнгө оруулалтын ердөө 30 хувьд нь гэж байхаар бүхэлд нь санхүүжүүлээд хурдан барьчих л даа. Тэгвэл том үйлдвэрүүдийг босгоход нөлөө болно, цахилгаанаа экспортолж ашиг олж болно. Тэгэхгүйгээр өөрөө өөрийнхөө юманд чөдөр тавьсан шийдвэр гаргасан юм шиг санагдаад байна. Үүнийг чинь л харчихаад гадныхан Монголын эдийн засаг шинжлэх ухаанч биш гэж дүгнээд байна шүү дээ. Дэлхий дээр Африкийн хэдэн орны өмнө л гишгэж байгааг бичээд байна гэдэг “Та нар тэнэг байна шүү” гэж хэлж байгаа хэрэг.

-Засгийн газраас гаргасан 1.5 тэрбум ам.доллар гэдэг өнгөрсөн нийгмийн үед ЗХУ-аас авч байсан зээлтэй дүйцүүлж ярихуйц хэмжээний их мөнгө. Тиймээс ийм их хэмжээний зээлээс эмээж буй хэсэг ч бий?

-Зээл авч байгаа нь буруу биш. Харин ямар төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах вэ гэдгээ бодоогүй. Би түрүүн хэлсэн, өөрийн ухаантай хүн хувьдаа мөнгө зээлэх гэж байгаа бол тэр мөнгөөр юу хийхээ, яаж эргүүлэн төлөх вэ гэдгийг боддог. Харин манай төр, засгийнхан тэгж бодолгүй авсан. Өнөөдөр хүмүүс шаардлага тавиад эхлэхээр “Аймгууд руу зам тавина” гэж байх шиг. Тэр бол буруу. Аймгуудын замаас бондын хөрөнгийг буцааж төлөх эх үүсвэр бүрдэхгүй. Харин цахилгаан станц, төмөр замд болно. Би байсан бол Тавантолгойд л тэр мөнгийг зарцуулах байсан.

-Нефть боловсруулах үйлдвэр барина гээд байгаа шүү дээ?

-Нефтийн үйлдвэр бондод хамаагүй. Дарханд баригдах нефтийн үйлдвэрийг Японы Засгийн газрын зээлээр, хөнгөлөлттэй хүүтэйгээр авч байгаа юм билээ. Бүр шийдэгдчихсэн асуудал. Тэнд бондын мөнгийг зарцуулж хэрэггүй. Мөнгөгүй гээд байгаа Тавантолгой дээрээ л ашиглаач дээ. Бэлэн нүүрс нь байхад, замаа түргэн барьчих хэрэгтэй. Би энэ талаар шийдвэр гаргадаг нөхөдтэй яримаар санагдаад байх юм. Тэдэнтэй уулзах завшаан ч гарахгүй юм, хааяа нэг хурал зөвлөлгөөнд нь очоод хэлэхээр тэгсхийгээд намжих юм.

Б.ЭНХЖАРГАЛ

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж