Батлан хамгаалах салбарт тусламж үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалах салбарт тусламж үзүүлэв

БНХАУ-ын Батлан Хамгаалах Яамны буцалтгүй тусламжаар манай улсын  Зэвсэгт хүчний салбарын хэрэгцээнд зориулан авто техник,  архив болон эмнэлгийн зориулалттай эд хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслол БХЯ-нд өнөөдөр боллоо.
Энэхүү арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал З.Болдбаатар болон бусад албаныхан  оролцлоо. Буцалтгүй тусламжид хүн тээврийн автобус 18, архивын нягтруулсан шүүгээ, тавилга 289 ширхэг, эмнэлгийн сургалт, дадлагын хэрэгсэл 4 иж бүрнээр багтсан юм.

Энэхүү тусламж нь мөнгөн дүнгээр арван сая юань буюу 2 тэрбум гаруй төгрөг болох аж.  Эдгээр буцалтгүй тусламжийн техник хэрэгслийг Зэвсэгт хүчний жанжин штаб, “Монгол цэрэг-жуулчин” ТӨҮГ, “Бага баян-Энхийн төлөө цогцолбор” төв, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, төв архив, Барилга захиалагчийн алба, Монгол цэргийн музей зэрэг БХЯ-ны харьяа 9 байгууллагад хүлээлгэн өгсөн юм.

Монгол Улс, БНХАУ-ын Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжин шинэ түвшинд хүрч байна. Хоёр улсын Батлан хамгаалах салбарын чиглэлээр хамтран ажиллах, цэргийн боловсон хүчнийг өмнөд хөршид сургаж бэлтгэх, хамтарсан сургалт дадлага зохион байгуулах, буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг өргөн хүрээнд харилцан ажиллах аж. Харин БНХАУ-ын БХЯ-наас өмнө нь олон төрлийн тусламж дэмжлэгийг хүлээн авч байсан бөгөөд тэдгээр зүйлс өнөөөдөр Батлан хамгаалах салбар, Зэвсэг хүчинд үр дүнтэй ашиглагдаж байна. Эдгээр буцалтгүй тусламжийн хамгийн томоос нь онцловол цэргийн алба хаагчид, тэдний гэр бүлийг хөнгөлөлттэй үнээр амраах, хилийн чанадад үүрэг гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдыг сувилах, нөхөн сэргээх зориулалттайгаар 2012 оноос ашиглалтад орсон “Энхийн төлөө” цогцолбор төв билээ.

Б.БИЛЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж