
Үндэсний татварын ерөнхий газар /ТЕГ/-ын удирдах албан тушаалын нэр бүхий гурван хүнийг Авлигатай тэмцэх газрын ажилтнууд баривчлан, шалгаж эхлээд байгаа тухай мэдээлсэн билээ. Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа албан тушаалтнуудыг баттай эх сурвалжаас тодруулахад “ТЕГ-ын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, байцаагч О.Бямбасүрэн нарыг баривчлан, шалгаж байгаа. Тэднийг аж ахуй, нэгжүүдийн тэрбумаар тоологдох албан татварыг хуйвалдан нуун дарагдуулсан гэх хэрэгт буруутгасан” гэлээ.
Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат өмнө нь Баянгол дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан гэнэ. Харин Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх нь тус албан тушаалыг арваад жил хашжээ. Нийслэлийн орлогч прокурор Е.Сагсайгийн мэдэгдсэнээр Үндэсний Татварын ерөнхий газрын удирдлагуудын гэх энэхүү хэрэгт цаашид ч цөөнгүй албан тушаалтныг нэмж шалгах ажээ.
Д.ЖАРГАЛ