
Энгийн паспорттай монгол иргэд Тайландын Вант Улс руу 30 хоногийн дотор визгүй зорчдог болсонтой холбоотойгоор тус улсыг зорих манай иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Гэвч тус улсад зорчиж буй монгол иргэд хулгайн хэрэг үйлдэх явдал гарсаар байгаа юм. Хамгийн сүүлд буюу энэ сарын 23-нд гурван монгол иргэн Тайландын нисэх онгоцны буудлын татваргүй барааны дэлгүүрээс 2500 орчим ам.долларын бараа хулгайлж байгаад баригдаж саатуулагджээ.
Хэрэг бүрдүүлэлтийг нь дуусган шүүхээр асуудлыг нь шийдвэрлэх хүртэл тэднийг түр хорьж саатуулахаар болсон байна. Өмнө нь мөн хулгайн хэргээр баригдан саатуулагдсан манай улсын гурван иргэн тус улсын урьдчилан хорих төвд байгаа юм. Иймээс хилийн чанадад зорчиж буй иргэд хулгай зэрэг улс орныхоо нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц хууль бус үйлдэл хийхгүй байхыг ГХЯ-наас анхааруулж байна.
Д.ЦЭЭНЭ