&#34Хамгийн гол нь эрүүл байх ёстой юм байна&#34

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

&#34Хамгийн гол нь эрүүл байх ёстой юм байна&#34

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Хиллари Клинтон энэ сарын эхээр эмнэлгээс гарсан билээ. Түүний эрүүл мэндийн байдал муудсантай холбогдуулж ажлаа хүлээлгэн өгөх мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй талаар янз бүрийн яриа гарсан. Тэрбээр энэ бүх эргэн тойронд болж буй үйл явдлын талаар “www.uneditedpolitics.com” сайтад сонирхолтой ярилцлага өгсөнийг хүргэж байна.

-Таны бие сайжирсанд баяртай байна. Тэгэхээр эрүүл мэндийн талаар ямар асуудал гарав. Яг юу болов?

-Эмч нарын оншилж буй­гаар миний тархины цусан хангамж муудсан гэсэн. Энэ нь ажлын стресс, нойртой шууд холбоотой гэсэн. Ямартай ч эрүүл мэндийн талаас одоо ажлын явцыг хойш татах хүчин зүйл байхгүй гэдэгт итгэлтэй байна.

Эмч нарын зөвлөж буйгаар намайг агаарт аль болох их байх, унтаж амрах, хоолны дэглэм барих гэсэн зааврыг өгсөн. Бүх зүйл хэвийн болсон гэж ойлгож болно.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрийн л мэдээлэл цацаг­даж байгаа. Зарим нь таныг “Өөр эмнэлэгт шилжсэн” гэх юм. Харин зарим нэг нь “ажилдаа яаралтай орж шийдвэрлэх асуудлууд их байгаа” гэх мэтээр ярьж байна?

-Үнэндээ би Нэгдсэн улсын хариуцлагатай ажлыг хийж байгаа. Том хариуцлага хүлээнэ гэдэг тун хэцүү. Нэгэнт би энэ замыг сонгосон бол түүнийхээ төлөө өөрийгөө гаргуунд нь гаргах ёстой. Тэгж байж ажлын үр бүтээл, амжилт бидэнд ирнэ. Харин өөр эмнэлэгт шилжих талаар эсрэг байр суурьтай байна. Эмч нар уг нь бүрмөсөн хэд хоног хэвтэн эмчлүүлэх хэрэгтэй гэдгийг тайлбарласан. Гэвч би аль болох хурдан эдгэрээд ажилдаа ормоор байгаа талаар хэлсэн юм.

-Таны эрүүл мэндийн байдлаас болж дараагийн Төрийн нарийн бичгийн даргыг бэлдэх асуудал гарч ирсэн нь үнэн. Ер нь та хэзээ улс төрийн амьдарлаас гарах бодол байна?

-Улс төрийн амьдрал гэхэд арай л оновчгүй үг бололтой. Нийгмийн сайн сайханы төлөө, америкчуудын амьдралын баталгааны төлөө багахан туслалцаа үзүүлэхийн төлөө энд хөдөлмөрлөж байгаа гэж боддог шүү. Харин энэ хөдөлмөрийн үр шим хэзээ гарна тухайн үед л миний улс төрийн карьер дуусах болов уу.

-Таны энэ үг дараагийн буюу “2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ” гэж байгаа мэт сонсогдож байна. Та нэр дэвших талаар бодож үзсэн үү?

-Энэ талаар яг одоо тодорхой хэлж мэдэхгүй байна. Мэдээж бодож байсан. Үнэндээ би 2009 онд Б.Обамагийн “Сайн туслах” байхыг л хүссэн. Ерөнхийлөгч ч миний ажлын бүтээмж, сахилга бат, сэтгэлгээ болон урьдчилан харах чадвар сайтайг нь үнэлж байсан. Харин одоо би түүний сайн туслах байж чадаж байгаа эсэхээ мэдэхгүй байна. Эрүүл мэндийн байдлаар удахгүй шинэ туслах хэрэгтэй болохыг ч хэлж мэдэхгүй байна. Гэхдээ аль болох би Төрийн ажлыг хойш татахгүй байхын төлөө зүтгэнэ.

-Саяхан Ерөнхийлөгчийн тан­гар­га өргөсөн Б.Обамагийн талаар таны бодол?

-Тэр бол маш хөдөлмөрч, энх тайвныг эрхэмлэгч нэгэн. Түүний бодол, үйл ажиллагаа үргэлж АНУ-ын хүн бүрийн төлөө байдаг учраас ажил нь бүтэмжтэй байдаг. Бид түүнээр бахархаж байгаа. Бахархах ч ёстой.

-Та Төрийн нарийн бичгийн даргын ажлаа энэ жилд багтаан хүлээлгэн өгөх яриа гадуур гараад байна. Хэрэв энэ үнэн бол 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлаа эхлэх болов уу гэсэн таамаг агентлагуудаар цацагдаад буй?

-Миний бодлооор ирээдүйд АНУ-д юу болох нь миний ч, ерөнхийлөгчийн ч сэтгэлийг зовоож байгаа. Гэхдээ бидний нэг нь маргааш эсвэл ирэх жилд юу тохиолдохыг баттай хэлж чадахгүй. Би өнөөдөр нэр дэвших талаар ярих нь илүүц. Энэ мэдээлэл баталгаатай зүйл биш. Миний хийх ёстой ажил бол ирэх дөрвөн жилд Б.Обамад туслах.

-Жон Керри удахгүй таны оронд Төрийн нарийн бичгийн даргын ажлыг хүлээн авах талаар CNN агентлаг онцолсон. Мөн Цагаан ордны цахим хуудас  ч зарим зүйлийн талаар мэдээлсэн. Та үүрэгт ажлаа хэзээ хүлээлгэн өгөх вэ?

-Эцсийн шийдвэр гараагүй байгаа болохоор тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямартай ч хүлээлгэн өгөх нь ойлгомжтой болоод байна. Тиймээс энэ яриа газар авч, дараагийн шатны алхмын талаар та надаас асуугаад байна. Мэдээж үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөний дараа хэсэг хугацаанд эрүүл мэнддээ анхаарах байх. Хэсэг хугацаанд улс төрийг орхиж, гэрийн сайн эзэгтэй байхыг хичээнэ.

-Таныг АНУ-ын улс төрөөс тийм ч амархан яваад өгөх хүн биш гэдгийг америкчууд мэд­нэ. Тиймээс л 2016 оны Ерөн­хийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй талаар яриа гараад байгаа. Ямартай ч нэр дэвшихээр бол ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч гэдгийг ажиглагчид баталж байна. Таны бодлоор энэ бүхэн биеллээ олох болов уу?

-Би энэ талаар дуулсан. Хэрвээ 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл ялах магадлал хамгийн өндөр талаар олон нийтийн дунд санал асуулга харуулсан байсан. Би баяртай байгаа. Мөн “Вloomberg”-ийн судалгаагаар “хамгийн хайртай улстөрч” болсондоо талархаж байна. Хамгийн гол нь эрүүл л байх ёстой юм байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд болж өнгөрсөн өдөр тутмын цагийн хуваарьт минь хэн ч итгэхгүй л болов уу.

Б.БААТАР
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж