
“Map Maker” гэх хэрэгслийг 2008 оноос эхлэн ашиглаж, “Google Maps” олон орнын газрын зургийг гаргаж чадсан юм. Ирак, Афганистан мэтийн мэдээлэл авах боломжгүй орнуудын зургийг ч амжилттай хийж чадсан юм. “Хэдэн жилийн турш мэдээлэл цуглуулсны дүдн өнөөдөр Хойд Солонгосын шинэ газрын зургийг “Google Maps” дээр гаргаж ирлээ. Одоо Хойд Солонгосын талаарх мэдээллийг газрын зургаас авч болно” хэмээн “Google Map Maker”-ийн ахлах менежер Жейант Майсур ярьжээ.
БНАСАУ-д “Google” компанийн тэргүүн Эрик Шмидт хувийн айлчлал хийсний дараа Хойд Солонгосын газрын зураг нийтэд нээлттэй боллоо. Уг зургийг бүтээхэд интернэт байхгүй Хойд Солонгосын иргэдийн мэдээлэл дутагдсан бөгөөд харин Өмнөд Солонгосоос ихээхэн мэдээлэл авсныг “Google” онцлон тэмдэглэжээ.
Газрын зургийг бүтээхэд Австралийн иргэн хүртэл оролцсон байв. “Би Хойд Солонгост очиж үзэх хүсэлтэй. Олигтой газрын зураг олдоогүйгээс түүнийг бүтээхэд нь өөрөө оролцохоор шийдлээ. Хиймэл дагуулын зургуудаас авсан мэдээлэл янз бүрийн чанартай байсан ч бараг бүх нутгийг нь хамаарч чадсан юм. Улсых нь зургийг бүтээхэд мэдээлэл хангалттай. Харин хот сууриных нь гудамж талбайн хувьд мэдээлэл нарийн цуглуулах хэрэгтэй байх” хэмээн Сидней хотын санхүүгийн компанийн Эрсдэлийн албаны дарга Себастьян Ван Оуэн тайлбарлажээ.