Тамирчид маргааш урамшууллаа хүртэнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

Тамирчид маргааш урамшууллаа хүртэнэ

Спортоор хичээллэж байсан, өдгөө спортын тавцанд эх орныхоо нэрийг мандуулж байгаа, ирээдүйд олимп, дэлхийн аварга болох үе үеийн тамирчид, залуу нас, хүч хөдөлмөрөө их спортын төлөө зориулж байдаг спортын халуун бүлийнхэн Лондонгийн олимпийн дараах өдрүүдэд Төр засгаасаа баяртай мэдээ хүлээж авсан нь олимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн тамирчдад сар бүр урамшуулал олгох тухай зарлиг байсан юм.

Өнгөрсөн наймдугаар сард ёсчилсон энэхүү зарлиг шинэ он гарснаар хэрэгжиж эхэлж байна. Бүр тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 151 тоот зарлигийн дагуу олимп, дэлхийн медальтнуудад маргааш буюу пүрэв гаригт насан туршдаа хүртэх урамшууллын анхныхыг олгохоор болжээ.  

Зарлигийн дагуу олимпийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал олгох зарлигт олимпийн наадмаас алтан медаль хүртсэн бол 3 сая, мөнгө бол 2, хүрэл бол 1 сая төгрөг, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн зай, жинд алтан медалийн эзэн болбол 2 сая, мөнгө бол 1, хүрэл медаль бол 500 мянган төгрөг олгохоор тусгасан байгаа. Одоогийн байдлаар олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монгол Улсын 47 тамирчин энэхүү урамшууллыг хүртэхээс гадна хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тамирчдын ар гэр, эхнэр, нөхөрт нь нэг жилийн хэмжээтэй тэнцэх урамшууллыг нэг удаа олгохоор болсны дагуу Д.Оюунболд, Т.Артаг, Ж.Даваажав нарын бурхны оронд очсон олимпийн баатруудын ар гэрийнхэнд ч энэхүү урамшуулал очих юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, ССАЖЯ хамтран олимп,дэлхийн медальтнуудад олгох тогтмол урамшуулалын батламж гардуулах ёслолыг маргааш 11.40 цагаас Төрийн ёслолын ордны Баганат танхимд зохион байгуулах юм байна.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж