
АНУ-д яг одоо 11 сая цагаач иргэн ямар ч бичиг баримтгүй амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Тиймээс энэ бүгдийг цэгцлэх нь амьдралаас урган гарсан шаардлагын нэг. Гэхдээ чухам яаж вэ гэдгийг шийдэх нь хамгийн том асуулт болон үлдэж байна. Тэд хамгийн эхэнд бүртгэлгүй байгаа цагаачдыг бүртгэх ажлыг эхлүүлнэ. Ирэх сараас эхлэн жил гаруйн хугацаанд энэ ажил үргэлжлэх ажээ. Бүртгэсэн цагаачдад тусгай регистрийн дугаар олгож, тусгай шаардлагад тэнцээгүй иргэдийг албадан гаргана. Эхний ажлууд бол ердөө л энэ. Харин хэтдээ яах вэ гэдэг нь тодорхойгүй. Бүгд найрамдахчуудын үздэгээр хилийн хяналтыг сайжруулж, хил дээрх цэргийн тоог нэмэх ч байж болно. Харин ардчилалынханы үздэгээр цэргийн тоог нэмж, хилээ хаалттай болгох бус тодорхой шаардлагыг нь өндөрсгөж, цагаачдын тоог бууруулах. Энэ хоёр хувилбарын аль нь хэрэгжих нь жилийн дараа тодорхой болно.
“Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн тоо гэрлийн хурдаар өссөн. Хэрэгт холбогдогчдын дийлэнх нь цагаачилж ирсэн хүмүүс эзэлдэг. Тийм учраас бид бодлогоо өөрчилж, хяналтаа чангатгах хэрэгтэй. 11 сая хүн бичиг баримтгүй байна гэдэг бол үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал шүү дээ” гэж Нью-Йорк мужийг төлөөлөн сенатад сууж буй ардчилсан намын гишүүн, сенатор Чак Шумер ярьжээ.
Гэхдээ тэд хатуу чанд бодлого баримтлахгүй гэдгийг ажиглагчид таамаглаж байна. Хүн амын дийлэнх нь цагаачдаас бүрддэг энэ орон тийм ч амархан бүх зүйлээ өөрчилнө гэдэг эргэлзээтэй. Жишээлбэл сонгогдох, сонгох эрхийг аваад үзье. Латин гаралтай Америк иргэд сонгуулийн дүнг эргүүлж болох хэмжээнд хүрчихсэн байгаа. Хүн амынх нь 16,3 хувийг зөвхөн энэ үндэстнүүд эзэлдэг. “Сонгууль, сонгууль. Үүнийг бас анхаарах хэрэгтэй. Хэрвээ бид ямар нэгэн алдаатай шийдвэр гаргачихвал ямар үр дүн гарахыг бид бодолцох ёстой гэдгийг тэмдэглэе” гэж бүгд найрамдах намын гишүүн сенатор Жон Маккейн ярьжээ.
Цагаачдын тал дээр баримтлах бодлогыг 1790-ээд оноос хойш 23-нтаа шинэчилжээ. Хамгийн сүүлд 1996 онд бодлогын хэмжээний өөрчлөлтийг хийсэн. Харин 2000 онд бичиг баримт олгох тал дээр жижиг зохицуулалтыг хийсэн юм. Үүнээс хойш бодлого шинэчлэгдэх шаардлагатай болсон. Учир нь гэмт хэрэг болоод бичиг баримтын зөрчилд өртөгсдийн дийлэнхийг цагаач иргэд эзэлж, аюулгүй байдлын хэмжээнд хүрчээ. Шинэчлэлийн загварыг Голландаас авах магадлал өндөр байна. Учир нь цагаачлалын бодлого нь хамгийн орчин үеийнхэд тооцогддог болохоор тэр. “Бид скандинавын орнууд болоод баруун европоос цагаачлалын бодлогыг нь сурах хэрэгтэй. Харилцан туршлага солилцож ч болно. Удахгүй шинэчлэх цагаачлалын бодлогод үүнийг тусгахгүй бол сүүлийн хэдэн жил бид маш олон удаа шинэчилсэн ч бодит үр дүнд хүрсэнгүй шүү дээ” гэж Флорида мужийн сенаторч Марко Рубио яржьээ.
Бичиг баримтгүй хүмүүсийг бүртгэхийн тулд эхлээд нийт цагаачдын бүртгэлийг явуулах шаардлагатай. Ингэж байж зөрчилтэй болоод зөрчилгүй иргэдийн тоог албан ёсоор гаргах боломжтой. Хэрвээ шалгалтаар зөрчилтэй иргэд илэрвэл албадан гаргах арга хэмжээг авах аж. Гэхдээ үүнд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Сенатын хуралдааны үеэр латин гаралтай америк иргэд рүү хэтэрхий дайрч, цагаачилж ирсэн улс гүрэн, яс үндсээр нь заагалж хуульд тусгах талаар бүгд найрамдахчууд болоод ардчилсан намын зарим гишүүд ярьсан нь сенатын танхимаас гадагшаа гарч латин гаралтай америкчуудын дургүйг хүргэсэн билээ.
2008 онд Барак Обамаг дөнгөж сонгогдоод байх тэр үед цагаачдын тухай бодлогыг шинэчлэх тухай яриа хөөрөө өрнөж байсан ч тухайн үед цаг нь болоогүй гэсэн шалтгаанаар хуулийн төслийг ч бэлдээгүй юм. Харин Обама ерөнхийлөгчийн хувиар тухайн үедээ латин гаралтай америк иргэдийн төлөөлөл, цагаачдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн удирдлагуудтай уулзаж ярилцсан билээ. Яг энэ уулзалтаас жилийн дараа дахин энэ асуудал сэргэсэн ч бас л шинэчлэх цаг нь болоогүй гэсэн шалтгаанаар буцааж байсан юм. Ийнхүү хэлэлцээрийн төвшинд яригдаж байгаа цагаачдын асуудлыг энэ жилдээ багтаан шийдэх гэж байна. “Бид яг одоо л цагаачдын тухай бодлогоо шинэчлэх хэрэгтэй. Хэрвээ бид цагаачдаа нарын чанд бүртгэж, бичиг баримт болоод бусад зөрчил гаргуулахгүй тулд цагаачдын тухай хуулийг өөрчлөх тусгай зөвлөл гэгчийг байгуулах ёстой” CNN агентлагын сурвалжлагч Билл О.Грахам ярьжээ.
Ийнхүү цагаачдыг хазаарлах тухай 12 жилийн туршид өрнөсөн яриа хөөрөө биелэлээ олоход ойрхон ирлээ. Харин шийдвэр хэрхэн гарч, хууль яаж батлагдахаас бүх зүйл шалтгаалах билээ.
P.S. АНУ-ын сенат өнгөрсөн жилээс эхлэн “Ногоон карт”-ын олголтыг тодорхой хувиар бууруулах шийдвэр гаргасан бөгөөд ирэх жилээс жил болгон өөрчлөгдөж байх тусгай лимит тогтоохоор болоод байгаа юм.