“100 мянган айл хөтөлбөр иргэдэд ачаа болсон”

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

“100 мянган айл хөтөлбөр иргэдэд ачаа болсон”

Арилжааны банкны салбарт арвин туршлагатай гэгдэх, урьд нь “ХААН” банкинд удирдах албан тушаал хашиж байсан Даймаагийн Батсайхан Төрийн банкны Гүйцэтгэх захирлын албыг аваад удаагүй байгаа юм. Төрийн банктай холбоотой олон асуудал бүрхэг хэвээр байгаа энэ үед Д.Батсайхан захирал анх удаа “NEWS” агентлагт ярилцлага өглөө. Ингэхдээ тэрбээр ажил үүргээ аваад удаагүй байгаа учраас Төрийн банктай холбоотой сүүлийн үед энд тэндгүй шуугисан олон асуудал бүрт тайлбар өгөлгүй, шинэ хүлээж авсан ажлын талаар болон цаашдын тодорхой бодлого, чиглэлийн тухай ийнхүү ярилцсан юм. 

-Иргэдэд хүлээлт үүсгэсэн 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр одоо ямар хэрэгжилттэй байгаа, өнгөрсөн хугацаанд хэдэн хүнд зээл олгосон тухай асуултаар ярилцлагаа эхэлье.

-Төрийн банк байгуулагдаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг Засгийн газраас батлаад, иргэд материалаа бүрдүүлж өгөөд зургаан хувийн зээл авах байдлаар хэрэгжиж байгаа. Ингэхэд хамгийн хүндрэлтэй байгаа нь хүлээлт, дарааллын тухай асуудал байна. Энэ нь Төрийн банкнаас шалтгаалсан гэлтгүйгээр ОССК-д иргэдийн материал нь хэр зэрэг хугацаанд ирсэн гэдгээс болж байна. Ингээд ОССК-иас 4000 гаруй материал ирсэнээс өнөөдрийн байдлаар 1200 хүний зээлийг олгоод байна. Хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэхийн тулд үүлд 30 тэрбум төгрөгийг төрөөс шийдлээ. Ингээд иргэдэд бага багаар зээл олгоод л явж байна.

-Цаашдаа банкны зүгээс харахад орон сууцжуулах хөтөлбөрийн зээлийн нөхцөл өөрчлөгдөх үү. Энэ хэвээрээ үргэлжлэх үү?

-Зургаан хувийн зээл гэдэг нь бага, таатай мэт сонсогдож байгаа хэдий ч иргэдийн нуруун дахь ачаа нэмэгдэж байна гэсэн үг. Тухайлбал, нэг м/кв-ын үнийн өсөлт нөлөөлж байна. 55 м/кв талбайтай байрыг зургаан хувийн зээл гарахаас өмнө зарж байсан үнийн зөрүү 30 сая төгрөг болж байгаа юм. Үндсэндээ иргэд 30 сая төгрөгөөр өссөн үнэтэй байр зээлээр авах болж байна. Тиймээс энэ байдлыг зөв голдиролд нь оруулах шаардлагатай.

-Иргэдийг орон сууцжуулах том ажлын тухайд зөвхөн зургаан хувийн зээлээр шийдэх юм гэж үү?

-Зөвхөн зургаан хувийн зээл гэлтгүй зээлийн үйлчилгээ иргэдэд дарамт ,чирэгдэл болох учиргүй гэсэн гол баримтлал бий. Миний хувьд Төрийн банкны Гүйцэтгэх захирлаар томилогдоод долоон хонож байна. Иргэд Төрийн банкнаас зээл авахад хялбар байх нөхцлийг бүрдүүлж ажиллана. Тухайлбал, цалингийн зээл авахад таван төрлийн материал бүрдүүлж байхад яаж гурван материал болгож цөөлж болох уу гэдэг анхаарах ёстой. Ер нь материал их бүрдүүлснээрээ л зээл эрсдэлгүй байдаг юм биш, хамгийн гол нь иргэдэд чирэгдэлгүй, олон бичиг шаарддаггүй, шуурхай үйлчилдэг төлөө өөрчлөлтийг хийх болно.

-Төрийн банкны үйл ажиллагааг иргэд төдийлөн сайн мэддэггүй. Төрийн банк арилжааны банкиас юугаараа ялгаатай юм бэ?

-Одоо Төрийн банкны үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт нь энгийн л арилжааны банк шиг. Төрийн банкинд иргэд итгэж, мөнгөө хадгалуулж, зээл авч байна. Энэ зээл, хадгаламж, харилцах данс гээд бусад арилжааны банкууд шиг үйлчилгээ үзүүлж байна гэсэн үг. Өмчийн хэлбэр нь төр гэдгээрээ л ялгаатай. Ер нь арилжааны банк төрөл бүрийн чиглэлээр ажилладаг бол төр болон хосолсон, олон улсын, хувь хүний, компанийн гээд төрөл бүрийнэ өмчийн хэлбэртэй. Гэхдээ энэ бүгд нь иргэд рүүгээ л чиглэсэн байдаг.

-Төрийн банк өрсөлдөх чадварын хувьд таныхаар ямар байна вэ? 

-Өрсөлдөх чдварын хувьд хоёр зүйлийг хардаг.  Хүмүүс ер нь ихэвчлэн хүүг л хардаг. Тэгвэл хүүгээс гаднах хүчин зүйл байна. Жишээ нь, хадгаламжид банкны итгэл даах чадвар нь хүүнээсээ илүү чухал. Өндөр хүү санал болгож байгаад эрсдэлд орчихдог туршлага манайд олон бий. Тиймээс арилжааны банкийг тодорхойлох гол хүчин зүйл нь найдвартай, тогтвортой байдал. Төрийн банк энэ тал дээр хамгийн найдвартай гэж хэлж чадна.  Бид Төв банкны бүхий л шалгуур, шаардлагыг хангаад ажиллаж байгаа учраас найдвартай байдаг юм. Хүүний хувьд бусдаас өндөр биш, доогуур биш, зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх  хүүг санал болгох зарчмаар байна.

-Харилцагчдын тоо ямар байна вэ?

-Өнгөрсөн гурван жилд харилцагчдын тоо ихэссэн байна. Цаашдаа харилцагчдын тог нэмэгдүүлэх, иргэдэд чиглэсэн үйлчилгээгээ эхлүүлчихсэн учраас иргэдийн итгэл, үйлчлүүлэх сонирхол улам бүр нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Таны хувьд, арилжааны банкны салбарт ажиллах туршлагатай бол Төрийн статустай банкийг авч явах нь нэлээд ялгаатай болох байх?

-Үйл ажиллагааныхаа хувьд ямар ч ялгаагүй. Дээр хэлсэнчлэн статусаараа ялгарна. Төрийн банкны үйл ажиллагааг жидрүүл гэж төр надад итгэл хүлээлгэсэн байна. Энэ итгэлийг алдахгүйн төлөө өөрт байгаа мэдлэг, боловсрол, туршлагыг дайчлан ажиллана

-Арилжааны банкийг хамарсан том хөтөлбөр иргэдэд ачаа болж, үнийг хөөргөдсөн гэж шүүмжлэлд өртлөө. Таны хувьд цаашдаа энэ тал дээр яах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-Аливаа зүйл тэнцвэртэй байх ёстой. Хоёр хүн хоорондоо бизнес хийсэн ч, хөдөлмөрийн харилцаанд орсон ч аль алиныхаа эрх ашгийг тэнцүү хэмжээнд авч явах ёстой. Тэгэхээр цаашдаа ямарваа бодлого, чиглэл гаргавал түүнийг хэрэгжүүлэх бүх шатандаа уялдаа холбоотой байх хэрэгтэй байна. 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр зургаа гэсэн тоон дээрээ анхаарсан, түүнээсээ хэтэрсэн зардлыг иргэдээс гаргуулж байна. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар ирэх жилүүдийн бодлого, чиглэлдээ сул талуудаа зассан, иргэдэд, банкинд хэрэгтэй зохицуулалтыг дараагийн хөтөлбөрөөрөө гаргаж ирэх байх гэж бодож байна.

-Төлөөлөн удирдах зөвлөлийнхөн танил талаа ашиглан мөнгө завшлаа, халаа сэлгээ хийлээ гээд их шуугилаа шүү дээ. Үүнд албан ёсны тайлбар өгвөл?

-Бид банкинд мөнгөө хадгалуулсан хүмүүсийн итгэлийг даах учиртай. Төрийн банкны энэ асуудлын тухайд, хууль зөрчсөн, шударга бус үйлдэл байсныг гарган тавьснаараа Төрийн банк нь таны итгэлийг алдаагүй байгаагийн илэрхийлэл гэж хэлж болно. Тиймээс Төрийн банкинд өөрчлөлтийг хийсэний зорилго нь ийм хууль бус үйлдлийг гаргаад, цэвэрлээд цаашдаа тунгалаг байх ёстойд оршиж байгаа юм. Саяны болсон үйл явдлууд бол сэтгэл дутмаг байсны илрэл гэж хэлмээр. Харин цаашдаа нэг гол юмыг л хэлэх байна. Ажлын байрандаа тэнцэж байгаа нь ажиллана. Тэнцэхгүй байгаа бол, хүнд зориулж ажлын байр бий болгодог байдлыг халах хэрэгтэй.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж