2012 оны арваннэгдүгээр сард Монгол улс анх удаагаа Засгийн газрын бондыг олон улсын зах зээл дээр гаргаж, 1.5 тэрбум ам.доллар босгосон.
Монгол улс нэгэнт хөгжлийн замдаа орсон энэ цаг үед дэд бүтцээс эхлээд маш олон зүйл дээр хөрөнгө санхүүжилт хэрэгтэй болох тул ингэж дэлхийн зах зээл дээрээс мөнгө босгохыг буруу гэх хүн цөөхөн биз дээ. Харин зарим улстөрч юунд хэрэглэх нь тодорхойгүй байхад дэмий гаргасан, баахан хүү сул төлж байна, хийх юмаа тодорхой болгож байгаад мөнгө босгох ёстой байсан гэх зэргээр шүүмжилж байгаа. Энэ асуудлаар бид мэргэжлийн хүмүүсийн хувьд өөрсдийн санал бодлоо илэрхийлэхийг хүслээ.
Бидний хувьд бол энэ бондыг гаргасан цаг мөч, авч чадсан хүүгийн түвшин гэх мэтээс эхлээд маш өндрөөр үнэлж байгаа. Санхүүгийн боловсролгүй хүмүүст сул хүү төлөөд байгаа мэт санагдаж болно. Гэтэл тухайн үед бага хүүтэйгээр бонд зарах сайхан боломж байсан тул, энэ боломжийг цаг алдалгүй ашигласан нь зөв болсон. Хялбархан тоо бодоод үзье. 2012 оны арванэгдүгээр сард Монголын Засгийн газар 500 сая ам. доллар босгоход таван жилийн хугацаатай 4.125%-ийн хүүтэй, нэг тэрбум нь 10 жилийн хугацаатай 5.125%-ийн хүүтэй байсан даа. Яриагаа ойлгомжтой болгохын тулд 10 жилийн бондон дээр анхаарлаа хандуулаад яръя.
Нэгдүгээрт, Энэ бонд яагаад маш их амжилттай болсон вэ гэдэг дээр тайлбар хийе.
Монгол улс чинь кредит хэмжээ нь BB- зэрэглэлтэй буюу олон улсын хөрөнгө оруулагчдын хэлдгээр бол “JUNK BOND” гэдэг зэрэглэлд ордог юм.
“JUNK BOND”-ын хүү бол угаасаа маш өндөр байдаг. Тэгээд дээрээс нь анх удаа аль нэг улс, эсвэл компани бонд гаргахад зуучлагч компаниуд, хөрөнгө оруулагчид нэмж урамшуулал авдаг учраас онолын хувьд бол Монгол улсын анхны бонд маш их өндөр хүүтэй байх ёстой байсан. Манай бонд маань ямар байсан бэ гэдгийг яг тухайн үед нь зэрэг шахуу бонд гаргасан Итали улсын бондтой харьцуулж хараад тайлбарлая. Итали улсын кредит хэмжээ нь BBB+ буюу Монголын кредит хэмжээнээс хоёр зэрэглэлээр өндөр улс. Дээрээс нь Итали улс нь байнга бонд гаргадаг улс байгаа.
Өнгөрсөн аравдугаар сард Италийн гаргасан 10 жилийн хугацаатай бондын хүү нь 4.75% байсан. Зүгээр тоон дүнгээр харахад Монгол улсын бондоос ердөө 0.38% буюу 38 үндсэн оноогоор л хямдхан байсан гэсэн үг. Эсрэгээр хэлбэл ВВ- кредит хэмжээтэй анх удаагаа гаргаж байгаа улсын хувьд бол маш хямдхан бөгөөд амжилттай бонд гаргасан гэсэн үг болж байгаа юм.
Хоёрдугаарт, Энэ бондыг гаргасан цаг хугацааны тухай яръя.
2012 он бол эдийн засгийн хувьд нилээд хямралтай, тийм учраас бодлогын хүү гэх мэт суурь хүүнүүд нь түүхэндээ байгаагүй бага хэмжээтэй байсан он юм. Яг ийм цаг үед бондоо гаргасан нь эргээд хүү төлөх гэсэн утгаараа маш хэмнэлттэй зүйл болсон гэсэн үг л дээ. Тодорхой тоо дурдья. 2008 оноос 2013 оны нэгдүгээр сар хүртэл АНУ-ын Засгийн газрын бондын хүү нь 1.43%-аас 4.27%-ийн хооронд хэлбэлзэж байсан бөгөөд энэ хугацааны дундчилсан хүү нь 2.94% болж байгаа юм. Манай улсын бонд гаргасан арваннэгдүгээр сарын 28-ны өдөр АНУ-ын Засгийн газрын бондын хүү нь 1.63% буюу сүүлийн таван жилийн дотор хамгийн бага байсан үе болж таарч байна. Монгол улсын бонд нь 5.125% гэдэг маань АНУ-ын Засгийн газрын бондын хүүн дээр 3.5%-ийн хүү нэмсэн гэсэн үг. Бондын хүү гэдэг маань ер нь бол суурь хүү болох АНУ-ын Засгийн газрын бондын хүү дээр тодорхой хэмжээний нэмэгдэл нэмсэн маягаар тогтдог учир Монгол улс өнөөдөр эсвэл ирээдүйд бонд гаргавал АНУ-ын тухайн үеийн хүүн дээр 3.5% нэмсэн хүүтэй байна гээд бодоход алдахгүй.
2013 оноос дэлхийн эдийн засаг хямралаас гарах чиг рүүгээ хандах төлөвтэй байгаа шүү дээ. Ийм шинж тэмдэг мэдэгдээд эхлэнгүүт хөрөнгийн зах зээлийн хувьцааны үнэ болон мөнгөний хүү өсөх хандлага руугаа орсон байгаа.
Жишээ нь: Нэгдүгээр сарын 18-ны өдрийн АНУ-ын Засгийн газрын бондын хүү 1.87% болсон байгаа бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөртэй харьцуулахад даруй 0.24%-иар өссөн байгаа. Нэгэнт ингэж суурь хүү гэж нэмэгдсэн тул Монгол Улс маань өнөөдөр бонд гаргахад мөн л ингэж 0.24% -ийн хүү илүү төлөх байсан. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сард бонд гаргаснаараа одоо гаргаснаас 0.24% буюу жилийн хоёр сая 400 мянган долларын хүүг хэмнэсэн гэсэн үг болно. Энэ хэмнэлтийг 10 жилээр хялбараар бодвол 24 сая долларын хүү хэмнэгдэж байна гэсэн үг. За яахав, ирээдүйд орж ирэх мөнгө үнэ цэнэ багатай байдаг гэдэг өнөөгийн үнэ цэнэ гэдгээр тооцсон ч гэсэн энэ нь 18 сая 400 мянган доллартай тэнцүү хэмнэлт болж байна гэсэн үг. Гэтэл нөгөө талаас бондоор босгосон мөнгөө сул хэвтүүлж байгаагаас болж алдаж байгаа хүү маань бонд гаргаснаасаа хойш хоёр сарын хугацаанд найман сая 540 мянган доллар гээд бодохоор тухайн үедээ бондоо зараад бага хүүтэйгээр мөнгөө босгож авсан нь маш зөв зүйл болсон нь тодорхой байна. Гэтэл бондын суурь хүү бүр илүү өсөх магадлал ч бий. Яагаад гэвэл урьд өмнөх түүхийн туршид энэ хүү тун өндөр байсан. Буцаж тэр төвшин руугаа өсөх магадлал өндөр. Хэрвээ бондын суурь хүү нь сүүлийн таван жилийн дундаж болох бол 2.9% хүртлээ өснө гэж тооцвол энэ тоо маань жилийн хүүгийн хэмнэлт нь 13 сая доллар, 10 жилийн хүүгийн нийлбэр нь өнөөгийн үнэ цэнээрээ 100 сая орчим долларын хэмнэлт болж байна гэсэн үг юм л даа.
Иймд Монгол Улсын Засгийн газар бондоо зөв цаг үедээ, бага зардлаар, амжилттай борлуулж чадсанд баяр хүргэх ёстой гэж бодож байна.
А.ЗОРИГ, Т.ЭНХБАЯР
А.Зориг: /Эдийн засгийн мэргэжлээр Токиогийн Хитоцубаши Их сургуульд бакалавр, магистраа хамгаалсан. 2005 оноос DEUTSCHE, Citybank зэрэг хөрөнгө оруулалтын банкинд нийт долоон жил ажиллаж, хамгийн сүүлд City банкны Хөрөнгө оруулалтын банкинд Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Колумбын Их сургуульд Executive MBA гэдэг курсэд компанийн зардлаар суралцсан. Эдгээр банкинд ажиллаж байхдаа Sumitomo Mitsui, Mitsubishi UFJ гэх мэтийн Японы томоохон банкуудыг хариуцаж ажилласан. Хамгийн сүүлд Sumitomo Mitsui банкны гаргасан 3.5 тэрбум долларын бондыг гаргахад тусалсан, мөн Mitsubishi UFJ банк Англи болон Хятадад компани худалдаж авахад нь зөвлөгөө, зуучлал хийж байсан/.
Т.Энхбаяр: /Эдийн засгийн мэргэжлээр Токиогийн Их сургуульд бакалавр, магистр хамгаалсан. АНУ-ын Жонс Хопкинзын Их сургуулийн санхүүгийн эдийн засгийн докторант. Олон улсын валютын сан, Дэлхийн банк, LIM advisors зэрэг газар консальтантаар ажиллаж байсан/.