“Эрдэнэт”-ийн захирал хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2013.01.30-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийн захирал хэн бэ?

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн удирдлагууд нийгмийн асуудал хариуцсан дэд захирлаар С.Сувдааг, Баяжуулах фабрикийн даргаар н.Батхуягийг томилох тушаалыг гаргасан нь “Эрдэнэт” бужигнаж эхлэх нь гэсэн “хардлага”-ын эхлэл болов.

Өмнө нь үйлдвэрийн Нийгмийн асуудал хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Г.Зоригт нь Орхон аймгийн Засаг даргаар сонгогдсоноос үүдэн уг шийдвэрийг гаргасан хэмээн тайлбарлаж буй. Түүний оронд томилогдож байгаа С.Сувдаа нь Орхон аймгийн Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байсан гэсэн мэдээлэл байгаа бол үйлдвэрийн үндсэн дөрвөн цехийн нэг болох баяжуулах фабрикийн даргыг өмнө нь Ц.Батмөнх гэгч хашиж байжээ. Олон нийтийн сонирхон хүлээн авсан эл томилгооны үеэр одоо “Эрдэнэт”-ийн захирлыг хөдөлгөх нь гэсэн хар төрсөн ч Ерөнхий захирлыг өөрчлөх эсэх асуудал өнгөрсөн долоо хоногт яригдаагүй гэсэн хариулт албаныхан өгч байсан юм.

Монгол, Оросын хамтарсан тус үйлдвэрийн ТУЗ буюу Советийн хурал оны өмнөхөн Улаанбаатарт болж, уг хуралд ОХУ-ын “Ростехнологи” компанийн ерөнхий захирал ноён С.Чемезов оролцсон юм. Энэ хурлын үеэр С.Чемезов “Эрдэнэт” үйлдвэр хямралын үед өндөр үр ашигтай ажилласныг онцлоод үйлдвэрийн удирдлагыг өөрчлөх үндэслэл байхгүй гэж үзсэн талаар www.news.mn мэдээлж байсан. Гэхдээ тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийг улс төрийн намын харьяаллынх нь улмаас уг албанаас өөрчлөх байх гэсэн хүлээлт байсан, Мөн түүнийг Ардчилсан намд элсэх гэж байгаа тухай мэдээлэл цацагдаж,  твитер хуудсаар энэ тухай жиргээ газар авсан ч эх сурвалжууд үүнийг нотлоогүй хэвээр байгаа.

Гэхдээ Ч.Ганзориг Элчин сайдаар томилогдож байгаа учраас “Эрдэнэт”-ийн захирлуудын халаа сэлгээ, шинэ томилгоо цааш үргэлжилж магадгүй ажээ. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн шинэ захирлаар томилогдож магадгүй хүмүүсийн дотор Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавын нэр сонсогдож байна. Гэхдээ шинэ он гарахын өмнө  энэ талаар түүнээс лавлахад “Би өмнө нь нэг удаа “Эрдэнэт”-ийн захирлаар ажиллаж байсан. Ямар юмаа тэнд гээсэн гэж дахин “Эрдэнэт”-эд очих юм бэ” гэсэн хариу өгч байсан юм. Гэхдээ л түүний нэр шинэ он гарсаар магадлалтай хүмүүсийн тоонд дуулдсаар буй. Мөн ойрын үед ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшингийн нэр сонсогдож эхэлсэн ч тэдний нэрийг дэвшүүлж байгаа гэсэн албан ёсны яриа ил тод болоогүй л байна.

Өнгөрөгч 2012 оны арванхоёрдугаар сарын 19-21-нд Улаанбаатарт Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ээлжит 16 дугаар хуралдаан болж, түүгээр хамтарсан үйлдвэрүүдийн тухай асуудлыг дэлгэн ярилцсан юм. Засгийн газар хоорондын комиссын Монголын талын дарга, Засгийн газрын шадар сайд Д.Тэрбишдагва, Оросын талынтэргүүн, ОХУ-ын Уул уурхайн сайдС.Е.Донскойнар Монгол-Оросын хувь нийлүүлсэн үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, зарим гэрээг шинэчлэх, удирдлагуудын төвшний зарим асуудлыг хэлэлцэх талаар комиссын хуралдаан дээр ярилцсаныг тухайн үед мэдээлж байв. Тэр дагуу хамтарсан үйлвэрүүдэд ээлж дараалсан ажлууд хийхийн эхлэл нь “Эрдэнэт” бололтой.

Д.ЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж