Э.Бат-Үүл хуралдааныг орхин гарлаа

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл хуралдааныг орхин гарлаа

УИХ-ын Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар  Улаанбаатар хотыг  2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг батлахтухай УИХ-ын тогтоолын төслийн  хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, гишүүдийн олонхи нь “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Үүний дараа Улаанбаатархотын газар өмчлөлийн өнөөгийнбайдал, хотын дэд бүтэц, дахин төлөвлөлтийн талаар  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл мэдээлэл хийсэн юм.

Нийслэлийн агаарын бохирдлын 70 орчим хувийг гэр хорооллын айл өрхийн яндангаас гарч байгаа утаа бүрдүүлж байна гэсэн судалгааг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргажээ. Мөн Улаанбаатар хотод амьдарч байгаа нийт хүн амын 78 хувь нь гэр хороололд байгааг судалгаагаар тогтоосон аж. Тиймээс Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн, экологийн тэнцвэрт байдлыг хангах. Хот байгуулалтын зөв бүтэц, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор гэр хорооллын хэд хэдэн хэсэгт  хэсэгчилсэн төлөвлөгөөг  урьдчилсан байдлаар боловсруулан гаргажээ. Тухайлбал, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн VII хороолол, Дэнжийн мянга, Радио телевизийн орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулахаар тусгасан байсан бол түүн дээр нэмж дахин 7 байршилд  гэр хорооллын газрыг дахин төлөвлөхөөр урьдчилж зурагтөслийг гаргажээ.  Ингэснээр Сонгинохайрхандүүрэг, Ханын материал орчмын 130 га газар, мөн тус дүүргийн 10-р хороо, Арьс ширний ажилчдын нийтийн байрны орчим оршин суугчдын 2,3 га газар, Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа орчмын гэр хорооллын 13 га газар, Чингэлтэй дүүргийн  13, 15 дугаархорооны 72 дугаар сургуулийн  орчим гэр хорооллын 15 га газар, Чингэлтэй дүүргийн 7-р хороо, МҮОНРТ орчмын 11,4 га газар, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Амгалан орчмын 15 га газар, Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороо, Цэргийн их сургуулийн орчим 93 га газарт төлөвлөлт хийхээртусгажээ. Энэхүү хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, гэрхорооллыг барилгажуулах ажлыг  эхлүүлэхээр болсон тухай хотын дарга мэдээлэлдээ онцлов.

Мөн өнөөдрийн байдлаар нийслэл хотод 184,2 мянган айл өрх гэр хороололд байгаа ч сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг үйлчилгээнээс хол байгаагийн зэрэгцээ дэд бүтцээс алслагджээ. Иймд гэр хороололд дахин төлөвлөлт хийж, инженерийн шугам сүлжээнд холбон барилгажуулах шаардлага үүссэнийг тэрээр сануулсан юм. Энэ ажлыг хийснээр эхний ээлжинд гэр хорооллын 42 мянган айл өрх инженерийн байгууламжид холбогдож, хотын агаарын бохирдол 30 хувиар буурах юм байна. Түүнчлэн гэр хорооллын  газрыг  3 хэсэгт бүсчлэн төлөвлөхөөр зураг төслийг боловсруулжээ. 

Харин энэ онд  гэрхорооллын дахин төлөвлөлтөд зориулж 40 тэрбум төгрөг баталсан бол гэр хорооллыг дахин төлөвлөхдөө хувийн хэвшлийнхэн болон хөрөнгө оруулагчдад санал тавьж хамтарч ажиллах гэнэ.

Гэр хорооллын төлөвлөлтийн ажлыг шинээр байгуулагдаж буй “Гэр хорооллын хөгжлийн газар”, “Гэрхорооллыг орон сууцжуулах төсөл” улсын үйлдвэрийн газар гардан зохион байгуулж  ажиллах юм байна. Эл мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хотын даргад хандан “Э.Бат-Үүл дарга ардчилсан үзлийг нэлээд ярьдаг хүн. Гэвч та сүүлийн зургаан сар иргэддээ зориулсан ямар ажил хийсэн юм бэ, барилгын салбар л сөхөрч байх шиг. Иргэд арилжааны банкнаас зээл авлаа гэхэд хүүнд нь нэг сая төгрөг төлж байна. Нэг ёсондоо дундаж амьдралтай иргэн байр авах боломжгүй боллоо. Газар өмчилнө, хувьчилна гээд л байдаг. Бэлчээрийг яаж өмчлүүлэх гээд байгаа юм. Аж ахуй нэгжийн газрыг хувьчилна гээд байна. Гэтэл хотын төвийн хамгийн ашигтай газрууд“Бодь”, “Женко”, “АПУ”-гийн барилгаар дүүрлээ. Та хүүхдийн паркийн газрыг буцааж авч чадах юм уу” хэмээв.Хотын дарга Э.Бат-Үүл “Ж.Энхбаяр аа, чи залуу хүн байж ямар өрөвдмөөр юм ярьдаг юм бэ? Сайн юмыг ярьж сур. Би чамтай улстөржөөгүй байна. Юу ч мэдэхгүй байж ухаантай царайлж гэнэ. Муу бацаан минь юмаа мэдчихээд ярь. Битгий худлаа мэдэмхийрээд бай, за юу” гэсэн хариуг барив.

Газрын асуудал хөндсөн маргаан эцэстээ хотын даргыг хуралдааныг орхиж гарахад хүрсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж