Сармагчин сансарт хөөргөжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Сармагчин сансарт хөөргөжээ

Нярай хүүхдийн автомашины суудалд хүлүүлсэн жижигхэн, саарал сармагчин Ираны пуужингийн тусламжтайгаар задгай сансарт хөөрч, эсэн мэнд эх дэлхийдээ эргэн газарджээ. Ираны Батлан хамгаалахын сайдын мэдэгдснээр тус улс жолоодлоготой сансрын хөлөг хөөргөх зорилгынхоо хүрээнд энэхүү туршилтыг хийсэн байна. Гэвч Ираны энэхүү үйлдэл нь олон улсын зүгээс тус улсыг цэргийн зориулалттай баллистик пуужингийн туршилт хийхийг зорьж байна гэх хардлагыг нэмэгдүүлсэн үйлдэл болжээ. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Викториа Нуланд энэ талаар мэдэгдэхдээ “Иран улс сансарт сармагчин хөөргөсөн эсэх нь чухал биш. Харин энэхүү туршилтаар тус улс баллистик пуужин хөөргөх бүрэн боломжтой гэдгийг харууллаа” хэмээгээд Иранд хандан НҮБ-ээс баллистик пуужин хөөргөхийг хориглосон гэдгийг анхааруулсан байна. Одоогоор Иранаас гадна Хойд Солонгос өнгөрсөн арванхоёрдугаар сард амжилттай пуужин хөөргөснөөрөө дэлхий нийтийн анхаарлыг татаж, олон улсын зүгээс шүүмжлэл дагуулан, НҮБ-ээс тус улсын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээгээ  чангатгахад хүргэснээр байдал хурцдаад байгаа билээ.

Иран улс өнгөрсөн 2010 оноос хулгана, яст мэлхий, могой зэрэг амьтдыг сансарт хөөргөх оролдлого хийж эхэлсэн аж. Харин үүнээс бараг хагас зуун жилийн өмнө Америк, Орос зэрэг орнууд сансарт амьтантай пуужин, хөлөг хөөргөх туршилтийг хийж эхэлсэн юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж