Нидерландын Хатан хаан бүрэн эрхээ шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Нидерландын Хатан хаан бүрэн эрхээ шилжүүлнэ

Нидерландын Хатан хаан Беатрикс өөрийн хүү, угсаа залгамжлах ханхүү Уиллем-Александрт бүрэн эрхээ шилжүүлэх болсон тухай өчигдөр албан ёсоор мэдэгджээ. 33 жилийн турш хаан ширээнд заларсан Хатан хаан Беатрикс ирэх дөрөвдүгээр сарын 30-нд угсаа залгамжлах ханхүүд бүрэн эрхээ шилжүүлэх гэнэ. Энэ тухай шийдвэрээ Хатан хаан өчигдөр телевизээр мэдэгдэл хийж, ард түмэндээ дуулгасан байна. Тэрбээр ирэх пүрэв гаригт 75 нас зооглох юм. Хатан хаан гурван хүүхэдтэй бөгөөд ууган хүү Уиллем-Александр нь ийнхүү хаан ширээ залгамжлах гэж байна.

Нидерландын Үндсэн хуулийн дагуу хаан, эсвэл хатан хаан нь төрийн тэргүүн байх боловч улстөрийн үйл хэрэгт бэлгэдлийн чанартай оролцдог юм.

Ханхүү Уиллем-Александр нь өдгөө 45 настай бөгөөд эхнэр Максиматай гэрлэж, хосууд гурван хүүхэдтэй болжээ. Тэрээр 1890 онд таалал төгссөн гуравдугаар Уиллемээс хойш Хаан ширээнд залрах анхны хүн болж байгаа гэнэ.

Хатан хаан ийнхүү угсаа залгамжлах Ханхүүд бүрэн эрхээ шилжүүлэх мэдэгдлийн дараа тус улсын Ерөнхий сайд Марк Рьютте энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд өгчээ. Хатан хаан Беатрикс олон мянган нидерландчуудын хайр хүндлэл хүлээсэн хайр энэрэлт асран хамгаалагч, ард түмнийхээ бахархал болсон эрхэм дээдэс гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцолсон байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж