Аялал жуулчлалын салбар хэрхэн шинэчлэгдэх вэ?

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын салбар хэрхэн шинэчлэгдэх вэ?

Төрийн ордонд өнөөдөр “Монголын аялал жуулчлалын форум”-2013” хэлэлцүүлэг болж байна.  Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй форумд яам, агентлаг, төрийн бус байгууллага, энэ салбарт бизнес эрхлэгч 600 орчим төлөөлөгч оролцож буй бөгөөд аялал жуулчлалын салбарын эрх зүй, удирдлага зохион байгуулалт, аялал жуулчлалын тогтвортой хөгжил ба орчны бүсчлэлийн төлөвлөлтийн асуудал, аялал жуулчлалын брэндинг гэх сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.

Ийн хэлэлцүүлэг зохион байгуулахын нэг гол зорилго нь удахгүй өргөн барихаар төлөвлөөд буй Аялал жуулчлалын тухай хуулийн төсөлд санал шүүмж цуглуулах аж. Ингээд уг хэлэлцүүлгээс олж харахыг хичээж буй аялал жуулчлалын салбар хэрхэн шинэчлэгдэн, “хөл дээрээ босох” боломжтой талаар сонирхлоо.  

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал

Хуулийн шинэчлэлийг яаралтай хийх хэрэгтэй. Аялал жуулчлалын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг тур, операторын компаниуд, аялал жуулчлалын чиглэлийн зочид буудал, жуулчны базуудын орлого огцом нэмэгдэх ёстой.

Өнөөдөр 478 мянган жуулчин авсан гэсэн статистик мэдээ бидэнд бий. Ном журмаараа захиалга өгч, буудалдаа буугаад явж байгаа нь 100 мянга л байна. Хууль гарснаар Монголд ирэх 500 мянган жуулчин тур, оператор компаниар дамжиж үйлчлүүлнэ. Зүгээр виз авчихаад хувийн аялалд гарахгүй, заавал захиалгаа өгч, албан ёсоор жуулчилна. Үүнийг нь хуулиар зохицуулж чадвал манай аялал жуулчлалын салбар босоод л ирнэ.

Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн С.Хосхарцага

Дэлхийн бусад орнуудын судалгаагаар ДНБ-ий 6 хувийг аялал жуулчлалын салбараас бий болгодог. Харин  Монголын хувьд ДНБ-ий 4 орчим хувийг энэ салбараас олдог. 283 сая ам.долларын баялгийг салбараасаа бүтээж. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарт үнэгүйдэл маш их байна. Үнэгүйдлээс шалгаалан энэ салбарт ажиллах байгууллагуудын өрсөлдөх чадвар ихээр буурсан. Үүнийг зохицуулах бодлогын ямар арга хэмжээ байж болох вэ гэдгийг ярилцаж байгаа. ССАЖЯ-наас Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг боловсруулж байна. Намрын чуулганаар Аялал жуулчлалын төлөвлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулахаар ажлын хэсэг байгуулаад байна. Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл дээр ажиллаж байна. Нэг талаас хөрөнгө оруулагчдаа хамгаалах, нөгөө талаас энэ салбарыг бодлогоор дэмжихээр төлөвлөөд байна.

“Баянговь жуулчин” компанийн захирал Х.Ганхуяг
 
Зах зээлийн тогтолцоонд шилжсэн үеэс эхлээд л аялал жуулчлалын салбарт ажиллаж байна. Аялал жуулчлалын тухай хуулиас төрийн зохицуулалтыг хүлээж байна. Энэ салбарыг хэт задгай орхисноос болж үйлчилгээний чанар ихээхэн муудсан. Аялал жуулчлал гэдэг нь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой хариуцлагатай үйлчилгээ. Иймд төрөөс тавих хяналт чанга байх хэрэгтэй. Энэ салбарт мэргэшсэн байгууллага ажиллахгүй бол дуртай хүн нь хоол хийж, дуртай нь машинаар үйлчилж, дуртай хүн бүхэн Монголоор хэрэн хэсүүчлэж, ганзагын жуулчдаар дүүрлээ. Ингээд албан ёсны бүртгэлтэй, стандарт хангасан байгууллагуудынх нь үйлчлүүлэгчид багасч, ямар ч бүртгэлгүй жуулчид улс орны өнцөг булан бүрээр тэнэж байна.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл

Саяхан олон улсын байгууллагаас “та аль оронд аялах сонирхолтой байна” гэх асуулга явуулахад “Монгол Улс” хамгийн олон санал авсан сонирхолтой судалгаа байна. Энэ нь сүүлийн үед Монголын нэр их сонирхолтойгоор дэлхий нийтэд танигдаж буйтай холбоотой. Монголоос олдсон динозаврын ясыг АНУ-д худалдах гэж байсан тухай, хууль хяналтын байгууллага зогсоосон тухай, өөр нэг динозаврын яс олдсон тухай гээд олон олон мэдээлэл Монголыг маань сурталчилж. Энэ нь хүмүүсийн сонирхлыг татах аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох ёстойг харуулж байна. Улс орон бүрт байдаггүй, зөвхөн монголд байдаг, эсвэл Монголд давуу байдаг зүйлийг бид бий болгож болно. Жишээ нь, Чингисийн томоохон цогцолбор,  Динозаврын цогцолбор гээд байж болно шүү дээ.

Аялал жуулчлалын сургалт судалгааны төвийн тэргүүн Д.Гансүх

Аялал жуулчлалын салбарын хөгжилд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг харвал хамгийн гол нь хүн. Аялал жуулчлалын салбар нь бусад салбарыг бодвол онцлог. Иймд тэдгээр мэргэжилтнийг яаж өндөр түвшинд бэлтгэх вэ гэдэг их чухал. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн байгууллагад, мэргэжлийн хүнийг хэрхэн ажиллуулна гэх зорилго. Харамсалтай нь өнөөдөр мэргэжлийн бэлтгэгдсэн, туршлагатай хүмүүсийн үнэлгээ, үнэ цэнэ буурч. Тэдгээр чадварлаг хүмүүс нь өөр салбарт шилжиж байна. Тухайлбал, аялал жуулчлалын салбарт хэрэгтэй олон хүн уул уурхайн салбарт урваж байна. Иймд үнэ цэнэтэй капитал болох менежерүүдийг салбартаа үр бүтээлтэй ажиллуулах боломжийг хангах чухал байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж