
Гэхдээ л Ганцхудагийн хориход ял эдэлж байгаа тэрээр шорон дотроос намаа удирдаж, өөрийгөө суллуулахын тулд өрөөл бусдаар өлсгөлөн хүртэл зарлуулаад амжсан гэгдэж буй. Гэвч Н.Энхбаярын төлөө арав гаруй хоног өлсөж, цангасан ч Н.Энхбаяр хорихдоо үлдэж, амьтан хүнд нэр нүүрээ барж, элдвээр хэлэгдэн байж өлссөн ээжүүд эцэст нь өөрсдөө эрүүл мэндээрээ хохироод үлдсэн төдий.
Гэвч МАХН-ын байранд зарласан “Одонтой ээжүүдийн өлсгөлөн”-д сайн дураараа элссэн ээжүүдийн дотор ээж болж амжаагүй “ээж” байжээ. Хүмүүс ч гэсэн харахад нас нь бага, дөнгөж хорь гарч байгаа бүсгүйчүүд хэдийдээ дөрөв, таван хүүхэд төрүүлээд “Алдарт эх”-ийн одон авсан гэж гайхаж байсан.
Тухайлбал, Д.Дэлгэрмөрөн гэдэг эмэгтэй ч хэдийнэ олны анхаарал өртөөд амжсан. Д.Дэлгэрмөрөн гэх бүсгүй 1986 онд Улаанбаатар хотод төрсөн, ганц бие бүсгүй аж. Төрүүлсэн болон үрчилж авсан нэг ч хүүхэдгүй юм байна. Харин ямар учраас Н.Энхбаярын төлөө Монголын олон мянган ээжүүдийн нэрийг барьж өлсгөлөн зарласан нууцыг өөрт нь болон энэ нууцыг мэддэг бүх хүмүүст нь үлдээе. Дашрамд нэг зүйлийг сануулахад, хожмын нэг өдөр, хэзээ нэгэн цагт ээж болбол Н.Энхбаярын төлөө биш, үр хүүхдийнхээ төлөө л эрсдэл хүлээгээрэй дээ. Хэрэвзээ маргааш УИХ-ын сонгууль болдог бол Н.Энхбаяр лав түүнийг З.Баянсэлэнгийн араас нэр дэвшүүлнэ шүү.
Ганцхан Д.Дэлгэрмөрөн ч биш, Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас ирсэн Б.Чимэгээ, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Б.Хандсүрэн, Баянзүрх дүүргийн Н.Отгон нар ч гэсэн өнөөдөр хэний төлөө юуны хийж, эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьсанаа эргэж бодож л байгаа байх. Ингэлээ гээд З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар шиг нэг л өдөр од нь гийгээд төрийн сэнтийд суучихгүй шүү дээ. Аз гэдэг тохиолдлынх, амьдрал харин мөнхийн юм.