Бразильд гал гарсан хэрэгт дөрвөн хүнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Бразильд гал гарсан хэрэгт дөрвөн хүнийг баривчилжээ

Бразилийн Санта Мария хотын “Kiss” шөнийн клубт гал гарсны улмаас 230 гаруй хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртсэн аймшигт хэрэг өнгөрсөн амралтын өдрөөр гарсан. Бразилийн цагдаа нар энэ хэрэгтэй холбоотойгоор дөрвөн хүнийг баривчилжээ. Тэдгээрийн хоёр нь “Kiss” клубын эзэд, үлдсэн хоёр нь гал гарах үеэр тайзнаа тоглож байсан хамтлагийн гишүүд гэнэ. Шөнийн клубт гал гарах үед “Gurizada Fandangueira” хамтлаг тоглолт хийж байсан бөгөөд тоглолтын үеэр тайзны салют ашигласнаас гал гарсан байна. Мөн шөнийн клубт ганцхан аваарын хаалга байсан нь ийнхүү олон хүн амиа алдахад хүргэжээ. Санта Мария хотын цагдаагийн газраас мэдэгдсэнээр дээрх хэрэгтэй холбогдуулан өөр 20 хүнээс байцаалт авсан байна.

Хэрэгт буруутгагдаж буй дөрвөн хүнийг ямартай ч тав хоногийн хугацаанд саатуулж, байцаалт авах гэнэ. Шаардлагатай гэж үзвэл цаашид баривчлах хугацааг дахин тав хоногоор сунгаж болох тухай хотын цагдаагийн газрын офицер Марко Виана гэгч Бразилийн “Agencia Brasil” агентлагт мэдээлснийг CNN дамжуулав.

Санта Мария хотын орших Рио Гранд-ду-Сул мужийн цагдаагийн газрын даргын хэлснээр мөрдөн байцаалтыг гурван үндсэн чиглэлээр явуулна. Эхний ээлжинд, шаардлагатай баримт бичгийг цуглуулна, үүнд, шөнийн клубын байр нь үйл ажиллагаа явуулж, үйлчилгээ эрхлэхэд тохиромжтой эсэх, зөвшөөрөлтэй байсан эсэх, мөн клубын эздийн дэлгэрэнгүй мэдээлэл багтаж буй юм. Дараа нь шинжээч, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гаргах. Гурав дахь нь гэрчүүдийн мэдүүлэг гэнэ.

Гал түймэрт өртөж амиа алдсан 50 гаруй хохирогчийг оршуулах ажиллагаа өчигдөр болсон бөгөөд гал гарсан шөнийн клубын гадаа хохирогчдын ар гэрийнхэн цуглан чимээгүй залбирал үйлдсэн байна. ВВС-ийн мэдээлснээр Бразилийн Засгийн газраас Санта Мария хотод 30 хоногийн гашуудал зарласан бол улс орон даяар гурав хоногийн гашуудал зарлаад байгаа юм байна. 

Санта Мария нь их сургуулийн хот гэгддэг бөгөөд тус хотод 101 их сургууль үйл ажиллагаа явуулдаг байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж