-Юуны өмнө танд удахгүй болох Монголын багш нарын 47 дахь өдрийн мэнд хүргэе.
-Баярлалаа. Танай сониноор дамжуулан үе, үеийн ахмад багш, ард түмний хүүхдийг сурган хүмүүжүүлэх ариун их үйлсэд шамдаж яваа нийт багш нартаа баярын мэнд хүргэе.
-Өнгөрсөн зууны дунд үед онц сурч байгаа хүүхдийг шууд багш болгодог байсан гэдэг. Харин таны багш болсон түүхээс яриагаа эхэлье?
-Намайг бага байхад онц сурлагатнуудыг шууд Багшийн сургуульд хуваарилдаг байсан. Би ч бас 1953 онд долоодугаар ангиа төгсөөд Багшийн сургуульд хуваарилагдсан. Сурч байхдаа Хойд Солонгосын өнчин хүүхдүүдийн сургуульд хичээл зааж байлаа. Сайн багшилбал гадаадад сургуульд явуулна гэж байсан ч би жирэмслэсэн учраас гадаад руу явж чадаагүй юм. /инээв/
-Тэгээд?
-Гуравдугаар 10 жилд бага ангийн багшаар ажилласан. Ингээд улирсан хүүхдүүдийг амжилттай сургасан гээд Багш нарын III их хуралд төлөөлөгчөөр оролцож, улмаар Багшийн дээд сургуульд урилгаар суралцсан. Сургуулиа төгсөөд нийслэлийн Боловсролын газарт мэргэжилтэн, 52, 60 дугаар сургуульд бага ангийн хичээлийн эрхлэгчээр ажилласан.
Энэ олон жилийн хугацаандаа сул сурлагатай хүүхдүүдийг улираахгүй, жигд сайн сургахын төлөө ажилласан. Хүүхдэд зааж буй хичээлээ 40 минутын хугацаанд яаж ойлгуулах, багш нарыг сургалтын өөрийн гэсэн арга барилтай болгох, зааж буй хичээлдээ олон жишээ баримттай байх, бусад хичээл, амьдралтай хэрхэн холбох чиглэлээр багш нарыг их шахаж байсан.
Үр дүнд нь миний ажиллаж байсан сургуулиуд, дүүргийн, нийслэлийн, улсын тэргүүний сургуулиар олон удаа шалгарсан.
-Таныг одоо Боловсролын зөвлөлийн удирдах ажилтны холбоонд гишүүнээр ажиллаж байгаа гэж сонссон. Танай холбоо ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Боловсролын зөвлөлийн удирдах ажилтны холбоо гэж хичээлийн эрхлэгч, захирал хийж явсан заргач хүмүүсийн холбоо бий. Бид яам, нийслэлийн Боловсролын газраас гаргаж буй шийдвэрүүдэд ихээхэн анхаарал тавьж, санаа бодлоо хэлдэг. Мөн сургуулиудад урилгаар очиж, заавар зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулдаг.
-БШУЯ-наас хүүхэд бүрийн авьяасыг нээн хөгжүүлэх, багш бүрийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд та ямар бодолтой байна вэ?
-Нуулгүй хэлэхэд нэг үе боловсролын салбар жаахан уруудсан. Харин төр засгийн зүгээс хэрэгжүүлж буй “Зөв Монгол хүн” хөтөлбөр амжилттай хэрэгжвэл энэ салбар сэргэнэ. Энд зөвхөн сурлагын чанар ахиулах асуудал яриагүй. Хүүхдийн авьяас, амьдрах ухаан, гүйлгээ ухааныг нь хөгжүүлэх талаар олон ажил зохион байгуулахаар төлөвлөсөн байна лээ.
Багш бүрийг шинжлэх ухааны өргөн хүрээтэй, оюунлаг, ур чадвартай болгож хөгжүүлэх шаардлагатай. Багш өөрөө маш сайн мэдлэгтэй ч хүүхдүүддээ ойлгуулж чадахгүй тохиолдол их гардаг. Тиймээс ур чадварыг нь хөгжүүлэх хамгийн чухал.
Хүүхдийг оюунлаг талаас нь хөгжүүлэхээс гадна тухайн хүүхдийн амьдралд бүтээж чадах зүйлийг нь олж хөгжүүлэхээр зорьж байгаад багш хүний хувьд маш их баяртай байгаа.
-Бага ангийн багш тухайн хүүхдийн суралцах арга барил эзэмших үндсийг нь тавьдаг. Тэгэхээр бага ангийн багш нар ямар зарчмаар ажиллавал хүүхэд бүрт ээлтэй байж чадах вэ?
-Сургалтын гол үндэс нь багш. Үндэс суурийг нь зөв суулгасан мод ямар сайхан ургадаг билээ. Багш 40 минутдаа хүүхдийн идэвхийг сэргээж, тэдэнд энэрэнгүй хандсан тохиолдолд манай багш сайн гэсэн нэр авна. Улмаар эцэг, эхчүүд манай хүүхдийн багш сайн гэнэ. Тэгээд хажуу айлын хүүхдийн эцэг эх тэдний хүүхдийн багш сайн гэх болно. Цаашлаад сургууль нь тэр багшийг үнэлдэг.
Өөрөөр хэлбэл, бага ангийн багш хамгийн эелдэг зөөлөн, олон жишээнд өөрөө ордог, олон дүрд хувирч чаддаг жүжигчин байх ёстой. Буруу бичиж байгаа хүүхдийг эцэг эх, багш нарынх нь аль нэг нь гар дээр нь цохиж, толгой руу тоншиж байгаа харагддаг. Энэ нь тухайн хүүхдийн анхаарлыг сарниулж байна гэсэн үг. Ингээд хүүхэд дахиж хичээлээ бодохоос илүү айж, ичнэ шүү дээ. Тэгээд “Би муу сурдаг” гэсэн сэтгэхүйдээ автдаг. Тиймээс хүүхдэд би сурна, би чадна гэх сэтгэхүйг оюун ухаанд нь суулгаж өгөх нь бага ангийн багш, эцэг эхийн үүрэг. Багш л сайн байвал ямар ч хүүхдийг сургаж чаддаг.
-Багшийн ар гэрийн амьдрал сурагчдынх нь сургалтын чанарт нөлөөлдөг байх?
-Нөлөөлөлгүй яах вэ. Зах зээлийн нийгэмд шилжих үед багш нар маш хүнд байдалд орсон. Тухайн үед цалин гэж авах юмгүй, хүн бүхэн наймааны хойноос хөөцөлдөж, ар гэртээ хэдэн төгрөг олохоос өөр аргагүй байсан.
Миний хувьд ч гэсэн хүнд байсан. Гэвч 07:30-19:00 цагт сургууль дээрээ л байдаг байлаа. Мэдээж, ар гэрийн амьдралдаа хэт анхаардаг багш ажилдаа амжилт гаргаж чадахгүй.
Одоо сайхан болж байна. Хүн хийе гээд зүтгэвэл юм бүхэн бэлэн болж. Харин шууд төгсөж ирээд сайн багш болохгүй. 2-3 жилийн дараагаас ямар багш вэ гэдэг нь танигдаж эхэлдэг.
-Орчин үеийн хүүхдүүд техник хэрэгсэл, дэвшилтэт технологи, хүрээлэн буй орчноосоо шалтгаалан огт өөр сэтгэхүйтэй болсон. Ийм үед багш хүүхдийн сонирхлыг татаж, хичээлээ заана гэдэг хүндхэн асуудал болоод байх шиг байна?
-Тийм шүү. Одоо үеийн хүүхдүүдийн ерөнхий мэдлэг маш өргөн болж. Телевиз, компьютер, интернэт гээд үзэж харах зүйл нь их байгаа учраас арга ч үгүй юм. Тиймээс багш хүүхдийн сонирхлыг татсан орчин үеийн техник, технологийг ашиглан хичээлээ явуулахгүй бол амжилт олохгүй.
Хүүхэд “Нээрээ тийм байна шүү” гэж бодтол нь хичээлээ заах хэрэгтэй. Ингэхийн тулд амьдралд ойрхон олон жишээ үзүүлэх, өөрөө дүрд ээ орох шаардлагатай болно.
Тухайлбал, “Довон дээр долоон өнгийн цэцэг, тэр юу вэ” гээд оньсого таалгая. Хүүхдүүд солонго гээд маш амархан таагаад нэг нэгнээ дагаад шуугилдана. Багш нь “Аан зөв, зөв” гээд өнгөрөх ёсгүй. Солонго хэзээ, яагаад татдаг тухай шавь нартаа бодит жишээн дээр тайлбарлаж өгөх хэрэгтэй. Энэ нь хэзээ ч мартагдахгүй мэдлэг болдог.
-Төр засгаас таны хөдөлмөрийг үнэлж, гавьяат хэмээх цолоор шагнасан. Энэхүү шагналын утга учир нь юунд байна вэ?
-Энэ тухай олон жил бодож явлаа. Хамгийн эхэнд бага ангийн багш байхдаа улирсан хүүхдүүдийг маш амжилттай сургаж төгсгөж байсан. Дараа нь, хичээлийн эрхлэгч байхдаа 1987 онд хяналтын график санаачилсан. Үүндээ сургуулийн хичээлийн эрхлэгч хэд дэх өдөр багш нарын конспектийг үзэх вэ, хүүхдүүдээс хэзээ шалгалт авах вэ зэрэг өөрийнхөө хийх ажлыг графикаар гаргаж тавьсан. Үүнийг дараа нь захирал, бусад багш нар хэрэгжүүлж явсаар улс даяр хэрэглэдэг болсон.
1989 онд сэдвийн боловсруулалт гэдэг зүйл гаргаж ирсэн. Багш нэг сэдвээр хичээл заахдаа хүүхдээр юу хэлүүлэх вэ, өөрөө яаж, ямар хэрэглэгдэхүүнээр заах вэ, шинэ ямар сэдэв оруулах вэ зэргийг сэдвийн боловсруулалтад оруулдаг болсон. Үүний үр дүнд олон шилдэг багш төрсөн.
Хүүхдийн хичээлийг гүнзгийрүүлэх, бие дааж хэрхэн сурах, багш эцэг эхийн холбоо ямар байх зэргээр нийт 14 ном бисэн. Эдгээр хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж, 1999 онд гавьяат багш цолоор шагнасан болов уу гэж боддог.
Эх сурвалж:"Өглөөний сонин"