
Уэльсийн Гүнгийн ахайтан Кейт Миддлтоны хэвтэн эмчлүүлж байсан Эдуард хааны нэрэмжит нэгдсэн эмнэлгийн сувилагчийн үхэлд буруутай гэх үндэслэлээр Австралийн “2Day” FM-ийн “Hot 30” радио шоуны үйл ажиллагааг зогсоожээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард буюу Гүнгийн ахайтан хөл хүнд болсон тухай дуулиант мэдээллийн дараахан амиа хорлосон сувилагч Жасинта Салданагийн үхэлд буруутай гэдгийг тус радио шоуны хоёр хөтлөгч өөрсдөө ч хүлээн зөвшөөрөөд байсан юм. Учир нь тэд Хатан хааны гэр бүлийн гишүүд хэмээн өөрсдийгөө танилцуулж, сувилагч Салданагаас гүнгийн ахайтны биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авчээ. Сэтгүүлчдэд өвчтний нууц мэдээллийг тарааснаа мэдсэн сувилагч бүсгүй удалгүй амиа егүүтгэсэн байдалтай олдсон юм. Хэдийгээр “Hot 30” шоуны хөтлөгчид шуугиан тарьсан мэдээлэл хүргэж чадсан ч тэр мэдээлэл хүний амины үнээр олдсонд олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан билээ.
“2Day” FМ радиогийн зүгээс сонсогчдыг татдаг, алдартай шоугаа зогсоосон ч дахин өөр, шинэлэг шоу нэвтрүүлэг бэлтгэн хүргэхээ сонсогчдод амласан байна. Гэхдээ сувилагчийн үхэлд буруутгагдаж буй хоёр хөтлөгчөөр өөр хүмүүс шинэ шоуг хөтлөх гэнэ.
Сувилагч бүсгүй амиа хорлосон хэрэг гарсны дараа “Hot 30” радио шоуны хөтлөгч Мел Грейг, Майкл Кристиан нар ажлаасаа халагдсан бөгөөд “2Day” FM радиогийн зүгээс сувилагчийн ар гэрийнхэнд 500 мянган ам.доллар хандивлажээ.
Э.АНХТУЯА