Тэрбээр энэ тухайгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр хараахан шууд утгаар нь мэдэгдээгүй байгаа ч “Хэрэв төмөр зам дээр тохиролцохгүй Засгийн газраас гарахгүй гэх үндэсгүй” хэмээж байна.
Түүний тухайд урд хөрш рүү барих, нарийн төмөр замын төслийг дэмжиж буй. Харин Засгийн газраас УИХ-аас баталсан тогтоолын дагуу хойд хөрш рүү чиглүүлэн барих, өргөн төмөр замыг барих эцсийн шийдээ өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт гаргаж, санхүүжилтийг нь баталсан. Нэг ёсны М.Энхсайханы хүсэл төмөр замын бүтээн байгуулалт дээр биелэх боломжгүй болсон бөгөөд түүнд Засгийн газраас намын нөхдөө дуудах сүүлчийн сонголт тулгарсан гэж ойлгож болох юм.
Одоогийн байдлаар МҮАН-аас шинэчлэлийн Засгийн газарт ганц сайд ажиллаж байгаа. Тэр нь Эрчим хүчний сайд М.Сономпил. Харин яам, агентлагийн хурган дарга нарын тухайд нэг биш томилгоог тус нам эзэмшиж буй. Иймд намынх нь нөхөд төдийгүй МАХН-ынхан Засгийн газраас гарах цаг болсон гэж үзвэл дараагийн шинэ гүйцэтгэх засаглалын тухай асуудал яригдана гэсэн үг. Гэхдээ тэд хүсвэл шүү дээ.
Түүнчлэн энд нэг зүйлийг онцлоход Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тухайд өнгөрсөн хугацаанд хангалттай буулт хийж, улс төрийн нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд амаа үдэж ирсэн гэж болно. Тэрбээр энэ тухайгаа олон нийтэд ил тодоор мэдээлээгүй ч өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Би хувь хүмүүсийн ажил үүргийн талаар юм хэлэхгүй. Өнөөдрийг хүртэл над дээр нэг ч сайдын нэрээр гомдол орж ирээгүй байгаа” хэмээсэн. Түүний энэ үг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хийгээд Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарын гаргасан зөрчилтэй шийдвэр дээр тулгуурлаж байсан. Мөн “МАХН-ын сайд нарын зүй бус үйлдлүүдийг та алийн болгон чимээгүй өнгөрөөх вэ” гэх асуултад ч тэрбээр дээрх маягаар хариулж байв.
Харин “М.Энхсайхан даргыг танд мэдэгдэхгүйгээр халсан гэдэг үнэн үү” гэсэн асуултад тэрбээр “Анх санал болгохдоо надад хэлсэн. Харин халахдаа хэлээгүй. Иймд би Төрийн өмчийн хорооны даргыг ажлаас нь халсан” гэдэг тайлбарыг ил тодоор хийсэн. М.Энхсайханы тухайд ч “Намайг халагдсаныг Ерөнхий сайд мэдээгүй байсан. Хаа очиж одоогийн Ерөнхий сайд асуудлын учир начрыг тунгааж, учрыг нь олчих гээд байдаг сайн талтай юм байна билээ шүү” гэдэг магтаалын үгийг унагаж байсан. Гэсэн ч их удалгүй буюу дөрөвхөн хоногийн дараагаас тэрбээр “Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны нууцыг задалж, миний ярьсан яриаг интернэтэд цацлаа” хэмээх болсон. Энэ талаар нь Зам, тээврийн сайд А.Гансүх “Засгийн газрын хуралдаан биш. Манай яаман дээр болсон яриа” гэж байгаа.
Эндээс харахад Ерөнхий сайд М.Энхсайханы талынханд нааштай хандаагүй байх магадлалтай бөгөөд Засгийн газраас гарах санаачилгад нь түүний харилцаа ташуур нэмсэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ яг өнөөгийн нөхцөлд МАХН тус намынхны саналыг дэмжих эсэх нь тодорхой бус байгаа бөгөөд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ашиг сонирхол М.Энхсайханыхтай дахин нэгдэх үү гэдэг нь шинэчлэлийн Засгийн газрын хувь заяанд хариулт өгөх биз ээ. Энэ бүхний эцэст нэг зүйл тодорхой болж байгаа нь М.Энхсайханы эвссэн засгуудыг эвдрүүлэх дараагийн улс төр эхэлсэн явдал юм.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин