Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Зангиатай жаалууд

Намын хатуу гишүүнчлэлээс татгалзана гэсэн яав. Өнгөрсөн парламентад ярьж л байсан, энэ удаагийн парламентаар мөн л ярьж байна. Ярихаас биш хэрэгжүүлэхгүй байгаа нь юунд вэ. Эрх барьж буй намуудад ийм алхам хийх хүсэл зориг алга гэлтэй. Уг нь өөрсдөө ч, судлаачид ч, олон нийт ч намд гишүүнчлэл байхгүй болгохыг хүлээн зөвшөөрдөг.  “Манай нам тэдэн мянган гишүүнтэй” гэж хоосон тоо хэлэх нь хэнд ч хэрэгтэй гэлцдэг.

Энэ нь намын гишүүнчлэл, манай танай нам гэж талцдаг байдал нь хамгийн хүндээр тусдаг нь хөдөө. “Нам нь ялахгүй бол намын гишүүд нь амьдралгүй” гэх үгс тэнд жинхэнэ утгаар хэрэгждэг.  Намынх нь хүн сонгогдохгүй бол дөрвөн жилдээ зээл тусламж хүртэхгүй чангалуулна. Үнэндээ нийслэлд төрийн албаны томилгоо ч мөн л ялгаагүй. Мэдлэг чадвараас илүүтэйгээр үнэлэгддэг зүйл нь “аль намын гишүүн вэ” гэдэг ганцхан асуулт.  

“Нараа дагавал даарахгүй, намаа дагавал алзахгүй” гэдэг үг зүйр цэцэн үгсийн санд орж ирснээс хойш хэдэн арван жилийн нүүрийг үзэв. “Нам төвт төр” гэж зүйл түүхэнд үлдсэн гэж бодож байсан нь эндүүрэл бололтой. Одоо ч “нам дагавал алзахгүй” гэх хандлага, сэтгэлгээ байсаар. Угтаа бол нам дэргэдээ залуучуудын байгууллагатай байх хэрэг даанч үгүй. Сайн сайхан, олон нийтэд тустай үйл ажиллагаа хийх хүсэл эрмэлзлэлтэйгээр энэхүү байгууллагад нэгдсэн залуус нэг удалгүй эрх ашиг, байр суурь ярьсан улаан зангианаас цаашгүй амьтад болж орхидог. Үнэндээ нам дэргэдээ залуусын байгууллага байлгана гэдэг нь жагсаал цуглаан, сонгуулийн үеэр ашиглах гэсэн ганц л зорилготой. Өөр нэг зорилго нь өөрсдийн адил, өөрсдийн багийн улаан зангиатныг бэлтгэх. Харин нам дагагсдын зорилго нь албан тушаал, эрх мэдэлд очих. Залуу насныхаа эрч хүчийг намдаа ашиглуулсныхаа төлөө олж авах зүйл нь албан тушаал. Мэдлэг чадваргүй байсан ч намдаа, даргадаа үнэнч байсан хүн хичнээн өндөрт гарч болохыг ах эгч нар нь үлгэрлэн харуулж, дүү нар нь дагадаг.

Их дээд сургуулиудын оюутны холбоодыг ч намууд аль хэдийнэ хуваагаад авчихсан. Тэр нь улаан намынх, энэ нь цэнхэр намынх гээд бүгд эзэнтэй. Оюутны холбооны дарга гэдэг бараг л улс төрийн албан хаагч тул төгсөхдөө улаан дипломтой, унах машинтайгаар сургуулиасаа сална. Оюутны ширээнээс салсан ч оюутны холбоодоос салах дургүй, залуу насаа хэдийнэ үдсэн ч залуусын холбооноос гарах дургүй хүмүүс ч байх. Хааяа нэг илтгэлийн уралдаан зохион байгуулж, шинэ жил, танилцах үдэшлэгний зохион байгуулалтаас хэтрэхгүй. Ярьдаг зүйл нь сургалтын төлбөрийг багасгах, автобусанд хөнгөлөлт эдлэх мэтээр хязгаарлагддаг.

Хийж буй ажлынх нь эцсийн үр дүнд биш, хийж буйгаа харагдуулах үр дүнд анхаарлаа хандуулдаг болоод бид үүнийг бүтээсэн гэх нь ховор, үсэндээ гель түрхэж, хүзүүндээ зангиа зүүсэн, ах нарынхаа хэлсэн бүхнийг зөв гэж боддог тэдгээр залуус. Удахгүй тэдгээр “зангиатай жаалууд” бидний ажил амьдралд нөлөөлөх шийд гаргах эрх мэдэлтнүүд болох юм гэж үү. 

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж