Болгарын санал асуулга бүтэлгүйтэв

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Болгарын санал асуулга бүтэлгүйтэв

Болгарт шинээр атомын цахилгаан станц барих эсэх асуудлаар явуулсан бүх нийтийн санал асуулга сонгогчдын оролцоо  идэвхгүй байснаас болж тасарчээ. Цас, хүйтний улмаас сонгогчдын ирц хангалтгүй байсан гэнэ. Гэхдээ санал асуулгад оролцсон цөөн тооны хүмүүсийн дийлэнх нь шинэ АЦС барихыг дэмжжээ.
Олон нийтийн санаа бодлыг судлах Америкийн “Gallup” хүрээлэнгийн авсан мэдээгээр сонгогчдын оролцоо 20,5 хувьтай байсан гэнэ. Ирц 60 хувийн босго давсан тохиолдолд бүх нийтийн санал асуулгыг хүчин төгөлдөр гэж үзэх юм.

Хэт хүйтэрч, их хэмжээний цас орж, цаг агаарын байдал хүндэрсэн тул санал асуулгын ирц тааруу байжээ. Саналаа өгсөн иргэдийн 60 гаруй хувьд нь шинээр АЦС барих нь зүйтэй гэж үзсэн байна.

АЦС гэх хэрүүлийн алим

“Шинэ АЦС барих замаар Болгарт цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх нь зөв үү?” гэсэн асуултад болгарчууд хариулах ёстой байв. АЦС-ын “Белена” төсөлд тусгаснаар ерөнхий гүйцэтгэгчээр ОХУ-ын "Атомстройэкспорт" компани оролцох ажээ. Гэвч Болгар дээрх төслөөс татгалзсан тул Болгарын социалист намаас дээрх санал асуулгыг явуулахаар санаачилсан байна. Ийм маягаар социалистууд АЦС бариулах асуудлыг нааштай шийдүүлэхээр оролдсон юм.

Болгарын засаг, төр нь 2012 оны гуравдугаар сард "Белена" АЦС босгох төслөөс татгалзсан юм. Тэр үед уг төслийг хэрэгжүүлэх мөнгө хөрөнгө Болгарт байхгүй гэж Ерөнхий сайд Бойко Борисов хэлж байв. Уг станцыг зээлээр бариулсны өрийг Болгорын дараа дараагийн хэдэн үеийнхэн төлнө гэдгийг тэр анхааруулсан юм. Уг төсөл дэд бүтцийнхээ хамт 10 тэрбум еврогоор үнэлэгдэж байжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж