Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Европын хүлээлт

Европ даяар ажилгүйдлийн төвшин өсчээ. Сүүлийн таван жилийн турш Европ даяар ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байгаа юм. Ялангуяа Грек, Испани улсад ажилгүйдлийн төвшин хамгийн өндөр үзүүлэлтийг зааж байгаа. Тэртээ тэргүй асуудалтай байгаа буурал тивд томоохон эдийн засаг ганхаж, инфляци өндөрсөх нь тийм ч таатай үзүүлэлт биш. Дээрх хоёр улс Европын төв банкнаас 20 жилийн хугацаатай “бонд” авсан нь байдлыг улам хүндрүүлж байгаа. Хэрвээ заасан хугацаанд төлж чадахгүй бол буурал тив улам хүнд байдалд орно.

Хуучин асуудлууд

Европ тив бүхэлдээ ганц л асуудалтай. Энэ нь өрийн хямрал биш. Сүүлийн жилүүдэд дууны хурдаар өсөх болсон ажилгүйдэл. Буурал тивд хамгийн гайгүй байгаа гэж хэлж болох Голланд, Герман улсад ч ажилгүйдэл шийдвэрлэх ёстой асуудлуудын тоонд оржээ. 2007-2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойш Европын ихэнх улсад эдийн засгийн сэргэлт ажиглагдахгүй байна. Франц, Их Британи Европын холбоонд нэгдсэн ч мөнгөн тэмдэгтээ евро руу бүрэн шилжүүлээгүй. Харин Герман еврогийн мөнгөний анхны ханшийг Германы дойч маркийн бусад улстай харьцах ханшинд тулгуурлан тогтоосон нь энэ улсад эдийн засгий хямралд өртүүлэхгүй нэг үндэслэл болсон гэхэд хилсдэхгүй. 2012 оны дунд үеэс бүх Европ даяар хямрал ажиглагдаж эхэллээ. Өрийн болон зээлжих зэрэглэлээрээ Дэлхийн банкны тогтоосон төвшнөөс доогуур үзүүлэлттэй улсуудын тоо ч нэмэгдсээр байсан юм. Эхлээд Грек, Кипр, Португаль улсын эдийн засаг эмзэг байдалтай гэсэн судалгааны дүн гарсан бол саяхан явуулсан судалгаагаар Европын 17 улсын эдийн засаг тун тогтворгүй байгаа гэсэн судалгаа гарчээ.

Нобель хүртээд ч…

Өнгөрсөн оны шуугиантай үйл явдлын нэг нь Европын холбоонд Нобелийн энх тайвны шагнал өгсөн явдал. Хямрал гэдэг ойлголтоор Европын холбоог төсөөлөх болсноос хойш анх удаа энэ холбоонд нэр хүнд бүхий шагналыг өглөө. Гэтэл бодит байдал арай өөр байна. Өнгөрсөн жилийн сүүлээр евро бүсээс зээл авахаар болсон Испани улс энэ жил ч нэмж зээл авахаар Засгийн газрынх нь төвшинд яригдаж байна. Мөн залуучуудын дунд ажилгүйдэл нэмэгдсэн нь нэрмээс болсон гэхэд хилсдэхгүй. Испани 2012 оны зургадугаар сараас Европын холбооноос 10 жилийн долоон хувийн хүүтэй 100 тэрбум еврогийн бонд авахаар ярилцаж эхэлсэн бөгөд 2012 оны аравдугаар сард л энэ шийдвэрийг Испанийн тал бүрэн зөвшөөрсөн юм.

Ажилгүйдэл ганхан буй Европын хамгийн том асуудал нь болсон талаар дээр өгүүлсэн. Дахин харах гээд оролдъё. Испанид ажилгүйдлийн төвшин 20-иос дээш хувийг зааж эхэлсэн бол Грект аль хэдийнэ 30 хувь хүрсэн. Тивээр нь дундаж тооцоог гаргавал 17 хувийг зааж байгаа. Евро бүсээс ажилгүйдлийг буулгах бодлого баримталж байгаа ч бодлого нь тодорхой болсонгүй. “Ямар ч байсан энэ жил бид инфляцийг өсгөхгүй байх бодлого баримтална. Хамгийн гол нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа ажилгүйдлийг хэрхэн барих вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Бүх зүйл шийдэгдчихээгүй байна шүү дээ” гэж Евро парламентын дарга Мартин Шульц ярьжээ.

Евро задрах уу…

Энэ бол хамгийн том асуулт. Европын холбооноос гарах тухай яриаг Их Британи гаргасан. Ганхсан Европыг хөл дээрээ зогсоход хамгийн том тулгуур болж буй улс нь Их Британи. Хэрвээ энэ тулгуур холбооноос гарвал Европын холбоо хэцүү байдалд орно. Тиймээс өнгөрсөн хоногуудад Их Британийн талтай гурван ч удаа уулзалт зохион байгуулсан. Энэ бүгдэд ойрын хэдэн сардаа биш ч оны төгсгөл гэхэд Европын холбооноос гарна гэдгээ ерөнхий сайд Камерон мэдэгдээд буй.

Мөн Европын холбооноос гарах шийдвэрийг хямралтай Ирланд гаргалаа. Өнгөрсөн онд Европыг түгшээгээд байсан энэ улс 2013 онд Европын холбооноос гарч, нэгдсэн мөнгөн тэмдэгтээс “тусгаарлана” гэдгээ зарлаад байгаа. Хэрвээ Европын холбооноос Ирланд гарчихвал байдал нэлээд ээдрээтэй болж хувирна. Гэхдээ үүнд бодох ёстой нэг асуудал бий. Европын банкнаас арван жилийн хугацаатай зээл авсан энэ улс Европын холбооноос тийм ч амархан мултрахгүй. Зээл авахгүйгээр Европын холбооноос гарах нэг сонголт байсан ч аль хэдийнэ өнгөрсөн цаг хугацаанд үлджээ.

“Дэлхийн хамгийн хүчирхэг холбоо бол яах аргагүй Европын холбоо. Тийм ч амархан задрахгүй гэдгийг би албан ёсоор мэдэгдэе. Зарим нэг улсууд холбооноос гарах тухай ярьж байна. Энэ тийм ч ухаалаг шийдвэр биш. Зөвхөн ганц улсаас бүх Европын ирээдүй шалтгаалж байгаа гэдгийг санах хэрэгтэй” гэж Мартин Шульц ярьжээ.

Европын холбоог энэ жил асар том сорилт хүлээж буй. Дээрээс нь хоёр, гурван ч улс еврогоос гарна гэдгээ мэдэгдээд байгаа. Байдлыг хурцатгахгүйн тулд евро аль хэдийнэ дараагийн алхмаа хийж эхлэсэн. Хорват Европын холбоонд нэгдэнэ. Гэхдээ мөнгөн тэмдэгтээ заавал ч үгүй еврод шилжүүлэх ёстой. Хэрвээ Хорват нэгдчихвэл ганхсан Европыг түгжиж болох жижиг ч гэсэн сэжим үүснэ гэсэн найдлага байгаа юм.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж